Баяраагийн Наранбаатар
| тамирчны хүртсэн медаль | ||
|---|---|---|
| Эрэгтэй чөлөөт бөх барилдаанаар | ||
| Дэлхийн АШТ | ||
| Хүрэл | Будапешт 2005 | 55 кг |
| Мөнгө | Баку 2007 | 55 кг |
| Азийн АШТ | ||
| Мөнгө | Тегеран 2004 | 55 кг |
| Зуны Универсиад | ||
| Алт | Измир 2005 | 55 кг |
Баяраагийн Наранбаатар — Дэлхийн АШТ-ий мөнгө (2007), хүрэл (2005) медальт Монгол Улсын чөлөөт бөхийн 55 кг жингийн тамирчин, Монгол улсын гавьяат тамирчин.
Намтар [засварлах]
Монголын бөх Баяраагийн Наранбаатар 1980 оны 3 сарын 11 -нд БНМАУ-ын Дорнод аймгийн Чойбалсан хотод төржээ. Аав нь Төв, ээж нь Дорнод аймгийнх, хоёул цэргийн газрын эмч хүмүүс байв. Тэднийх олон газар нүүж суусаар сүүлдээ Хан-Уул дүүрэгт Биокомбинатын хажууд төвхнөсөн гэдэг. Сурагч Наранбаатар 1994 оноос Хөдөлмөр нийгэмлэгийн Намшир багшийн бөхийн секцэнд элссэн. Хожмоо Баттулга багшийн удирдлаганд бөхөөр хичээллэдэг болсон.[1][2] 1997 онд Нийслэлийн 10-р дунд сургуулийг төгсөж, 2003 онд УБИС-ийг багш дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн.[3]
Наранбаатар 2002 онд Иранд болсон Тахтийн нэрэмжит тэмцээн, Болгарын Дан Коловын нэрэмжит тэмцээнд дараалан түрүүлсэнээр олонд танигдсан. 2003 оноос хойш улсаа төлөөлөн ДАШТ-д олон удаа оролцсон. 2005 оны ДАШТ-д хүрэл медаль хүртэв. Ер нь Монголд эрэгтэй чөлөөт бөхийн дэлхийн медальтан гэвэл Оюунбилэгийн Пүрэвбаатараас хойш Наранбаатар л ганцаар байгаа юм. Хоёр жилийн дараа 2007 оны ДАШТ-д эхний гурван даваанд Гүрж, Турк, Сирийн учраагаа ялаад, хагас шигшээд Беларусийн Ризван Гажиевийг (2-0, 1-1, 1-1) дийлж, алтын төлөө Оросын Бесик Кудуховыг (0-3, 1-1, 0-0) баралгүй мөнгөн медаль дээр буусан.[4] Наранбаатар гурван удаа (2004, 2008, 2012) олимпод барилдаж өнгөрсөн. Түүнээс гадна 2004 оны Азийн АШТ-аас мөнгөн медаль, 2005 оны Дэлхийн оюутны их наадам (Универсиад)-аас алтан медаль хүртэж байлаа. УАШТ-ын 5 алт, 4 мөнгө, 3 хүрэл медальтай.[3]
ДАШТ-аас медаль шүүрсэн Наранбаатарыг 2005 онд төрөөс Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнаж алдаршуулжээ.