Габриель Гарсиа Маркес

Габриель Гарсиа Маркес
Нобелийн шагналтан Нобелийн шагнал
Хүртсэн он: 1982
Хүртсэн салбар: Уран зохиол
Шалтгаан:
Габриель Гарсиа Маркес

Габриель Хосе де ла Конкордиа "Габо" Гарсиа Маркес (Англи: Gabriel José de la Concordia «Gabo» García Márquez; 1927 оны 3 дугаар сарын 6-нд Аракатакад төрж, 2014 оны 4 дүгээр срын 17-нд Мехико хотод нас баржээ) - Колумбийн зохиолч, сэтгүүлч, улс төрийн зүтгэлтэн.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Колумби улсын Аракатака хэмээх жижиг хотхонд (Магдалена аймаг) эцэг Габриэля Элихио Гарсиа (исп. Gabriel Eligio García), эх Луиза Сантьяга Маркес Игуаран (исп. Luisa Santiaga Márquez Iguarán) нарын гэрт төржээ. Габриелийг төрөөд удаагүй байхад аав нь эм зүйч болсон. 1929 оны 1 дүгээр сард түүний эцэг эх нь Сукре хот руу нүүхэд хүү эхийн талын эмээ Транкилина Игуаран Котес (исп. Tranquilina Iguarán Cotes), өвөө хурандаа Николас Рикардо Маркес Мехиа (исп. Nicolás Ricardo Márquez Mejía) нар дээр Аркатака хотдоо үлдсэн байна. Эмээ өвөө нар нь ирээдүйн зохиолчийг ардын домог, хэл шинжлэлийн онцлог шинж чанаруудтай танилцуулж, хожим нь түүний ажилд чухал зүйл болжээ. Гарсиа Маркесийг есөн настай байхад өвөө нь нас барж, Габриель эцэг эхтэйгээ Сукре хотод нүүж очсон бөгөөд аав нь тэр үед эмийн сантай байжээ.

Габриель 1940 онд 13 настайдаа тэтгэлэг авч, Богота хотоос хойд зүгт 30 км-т орших Сипакира хотын Иезуит коллежид суралцаж эхэлжээ. 1946 онд эцэг эхийнхээ шахалтаар Үндэсний их сургуулийн хуулийн ангид элсэн орсон бөгөөд энэ үеэр ирээдүйн эхнэр, эм зүйчийн охин Мерседес Барча Пардотой танилцсан ажээ.

Тэрбээр сургуулиа төгсөлгүй 1950 онд орхиод сэтгүүл зүй, уран зохиолд өөрийгөө зориулахаар шийдсэн байна. Ном унших туртай залууд Зохиолч Эрнест Хемингуэй, Уильям Фолкнер, Жеймс Жойс, Виржиниа Вулф, Франц Кафка нар их нөлөө үзүүлсэн байна.

Түүнийг Латин Америкийн шидэт реализмын (magic realism) хамгийн гарамгай төлөөлөгчдийн нэг гэж зүй ёсоор дүгнэдэг бөгөөд хүний мөн чанарыг чинээнд нь тултал тэмцэлдүүлэн, аймшигтай агаад догдлон биширмээр дотоод дүр төрхийг илэрхийлэн бичдэг нь түүний уран туурвилын онцлог юм. Их зохиолч хүмүүний дотоод ертөнц рүү гүнээ нэвтэрсэн ер бусын олон бүтээл туурвисан байна.

Билл Клинтоныг АНУ-ын Ерөнхийлөгч байх үед (1993-2001) Гарсиа Маркес Мексикийн Ерөнхийлөгч Карлос Салинас де Гортаригийн хувийн хүсэлтээр Клинтон, Кубын Ерөнхийлөгч Фидель Кастрогийн хооронд хийсэн хэлэлцээрт албан бусаар зуучилсан байдаг.

Г.Г.Маркес монгол хэлээр[засварлах | кодоор засварлах]

Тэрээр 1982 онд утга зохиолын Нобелийн шагнал хүртсэн бөгөөд Монголын уншигчид "Зуун жилийн ганцаардал" ("Cien años de soledad"-1967) романыг нь зохиолч, орчуулагч Г.Акимын монгол хэлнээ гайхалтай уран тансгаар орчуулсан нь уншихад дэндүү урамтай, "Мартагдсан хурандаа" туужийг нь Н.Энхбаярын, "Хурандаад хэн ч бичихгүй" (El coronel no tiene quien le escriba) (1961) туужийг нь О.Чинбаярын, "Ирендира охины эмгэнэлт түүх" зэрэг богино өгүүллэгүүдийг нь Э.Ганболдын орчуулгаар тус тус хүртсэн билээ.