Манлайбаатар Дамдинсүрэн

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Манлайбаатар Дамдинсүрэн

Манлайбаатар Жамсрангийн Дамдинсүрэн нь (1871 оны 3 сарын 13 - 1921 оны 1 сарын 27) нь Богд хаант Монгол улсын цэргийн жанжин, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч байв. Түүний эцгийн нэр нь Жамсран.

Дамдинсүрэн нь Хөлөнбуйр нутгийн уугуул Барга Монгол хүн бөгөөд Шинэ Баргын Шулуун цагаан хошууны суман занги хүн байсан. 1911 онд Богд Хаант Монгол Улсад нэгдэхээр Баргуудыг толгойлон Нийслэл Хүрээнд (одоогийн Улаанбаатар) ирсэн ба Богд хаанд сайшаагдан Гадаад яамны дэд сайдаар томилогдсон байдаг. 1912 онд Ховдын байлдаанд Дамдинсүрэнгээр удирдуулсан цэрэг ялалт байгуулсныг хөхүүлэн Богд хааны зарлигаар Дамдинсүрэн нь үе улиран залгамжлах засаг төрийн бэйл, цэргийн жанжин, Манлайбаатар цолоор шагнагдсан. 1913 оны Өвөр Монголыг чөлөөлөх Таван замын байлдааныг ерөнхийд нь удирдсан ерөнхий командлагч жанжин нь Дамдинсүрэн байсан.

1914 оны наймдугаар сараас 1915 оны тавдугаар сарын 25-нд явагдсан Хиагтын хэлэлцээрт Дамдинсүрэн Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж Монгол үндэстний нэгдмэл нэгэн улс байх байр суурин дээр тууштай зогсож байлаа. Энэ байр суурийг Орос, Хятадын төлөөлөгчид шүүмжлэн, хэлэлцээрээс татахыг олон удаа тулган шаардсан учир Монгол Улсын Засгийн газар арга буюу Дамдинсүрэнг хэлэлцээрийн дундуур гэдрэг татсан нь монголын төлөөлөгчдийн байр суурь эрс сулрахад хүргэсэн юм. Хэлэлцээрийн эцэст Монгол автономит улс болж, ихэнх Баргууд Бүгд Найрамдах Хятад Улс-ын бүрэлдэхүүнд үлдсэн.

Тэр "Би Хятад, Улаан Орос 2-оос Монголыг хамгаалж чадна" гэж хэлж байжээ.

1920 оны есдүгээр сарын 11-нд Дамдинсүрэнг баривчлан, Хятадын шоронгийн хатуу чанга эрүү шүүлт, хүнд бэрх нөхцөлд 107 хоног хоригдон, 1921 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр "Би эдний дэргэд хэвтээгээрээ үхэхгүй" хэмээн өгүүлж босоогоороо амьсгал хураасан ба "Төр улсын хэргийг амьд хүмүүн хөдөлгөдөг аваас тогтсон суурь ану амь бие хайр үгүй зүтгэж, үхэж үрэгдэгсдийн яс чөмгөн дээр тогтдог" хэмээн айлдан гэрээслэсэн байдаг.

Эх үүсвэр[засварлах]

  • Барга судлаач Шарайд Ц. Түмэн: Монгол голомтоо гэсэн Баргын ард түмний тэмцэл, хувь заяа [1]