Богд хаан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Богд хаан

1911 оны 12 сарын 29 Монгол Манж гүрнээс салж тусгаар тогтнолоо зарласны дараа Богд Живзундамба Агваанлувсанчойжинямданзанванчүг (1869–1924)-ийг Монголын эзэн хаанаар өргөмжилжээ. 8-р Живзундамба Хутагт нь Төвдийн Буддизмд 3-р чухал хүний тоонд ордог байжээ. Дээр нь зөвхөн Далай лам болон Бодисадва оршино. Тэрээр Монголын Буддын шашны тэргүүн байжээ. Түүний эхнэр Шаравын Дондогдулам нь эх дагины хойд дүр гэж үзэгддэг байжээ.

Амьдрал[засварлах]

Залуу богд хаан

1919 онд Хятадын цэрэг Монголд орж ирсний дараа Богд хаан нь гэрийн хорионд орсон боловч удалгүй 1921 Барон Унгерн фон Штернбергийн хүчний ачаар суллагдан, өмнөх байр сууриндаа заларчээ. хувьсгалын дараа тэрээр хаан ширээндээ үлдсэн хэдий ч 1924 онд таалал төгсчээ. Түүний үхлийн дараа Коммунист засаг нь Богд хааны хойд дүр ахиж олдоогүй гэж зарласан (Бүгд найрамдах засаг). Гэвч төд удалгүй Живзундамба Хутагтийн хойд дүр нь Монголын хойд хэсэгт олдсон боловч цааш мэдээ сонсогдоогүй. Энэ нь Далай лам залбирлынхаа явцад Живзундамба Хутагтын 9 дэх төрөл нь Лхаст төрсөн гэж үзсэнтэй холбоотой. 13-р Далай лам нь 1933 онд таалал төгсчээ. 14-р Далай лам нь 9 дэх Живзундамба Хутагтыг Улаанбаатарт залж, ширээнд нь суулгажээ. Богд хаантны зарлиг заавраар олон янзын ном гүрэм уншиж, сор залж байсны дотор 1920 оны 9 сарын 3-наас эхлэн шашин төрийн тухай Эрдэм Итгэмжит сүмийн газар “житга бөндөг” хэмээх олон сор залах их гүрмийг олон лам нараар 7 хоног бүтээн уншуулж, соруудыг залж, хуучин үхэр бууг цаасан сумаар цэнэглэн буудаж, галын наадам гарган пуужингуудыг харвасан нь ихээхэн дуу чимээ гаргаж Хүрээний хятад цэргүүд Монголын хувьсгал дэгдэж, цэрэг хөдлөв үү хэмээн айн сандарч, шөнийн цагт зүг зүг явган, морьтой сарнин үймэлдэхэд хүргэж байсан нь тэмдэглэгдэн үлджээ. Ийнхүү Монголын ноёд, лам нарын хамт Монголын автономит эрхийг хадгалан хамгаалах, сэргээхэд чиглэгдсэн өргөн цар хүрээтэй тэмцлийг явуулж, түүнд Богд хаан удирдан чиглүүлж, зохион байгуулах үүрэгтэй оролцож байжээ. 1919, 1920 оны үеийн Монголын улс төрийн хоёр дахь бүлэглэл болох Ардын нам буюу Консулын бүлгийнхэн Богд хаантай шууд харилцаж байсангүй, гагцхүү түшмэдийн намтай нэгдсэнээс хойш хамтын үйл ажиллагааны хүрээнд Богд хаантай харилцаж байжээ. Түшмэдийн нам буюу Хүрээний бүлгийнхэн уг бүлгэм үүсэн тэрлэж эхлэх үеэсээ Богд хаантай харилцаж, үйл ажиллагаагаа зохицуулж байжээ. Тус бүлгэм болон МАН-аас Богд хаантай харилцах харилцаа нь Хаант Орос улсын консул Орлов, ЗОУ-тай харилцахад тусламжийн бичигт Богд хаантаны соёрхлыг олж, тамга даруулан баталгаажуулах хүрээнд ихэвчлэн явагдаж байв.

Богд хааны эхнэр Шаравын Дондогдулам

Богд хэмээх нэрийн учир[засварлах]

Богд гэдэг үг бол Будда гэсэн утга бүхий Монголчуудын дунд ариун дээд шүтээн болсон хүн, эсвэл өндөр дээд шүтлэгт уул хайрханыг нэрлэхэд хэрэглэдэг үг. Уг үгийг гарвалыг эрдэмтэд Монгол хэлэнд Уйгур хэлээр дамжин орсон үг гэж үздэг бөгөөд уг нь Санскрит хэлний Бурхан гэсэн утгатай Буддха гэдэг үг Уйгур хэлнээ орохдоо тухайн хэлний онцлог байдлаас болж Бугдха болон хувирсан гэж үздэг байна. Уйгур хэлэнд Буддха хэмээхийг эхний <да> гийгүүлэгч <га> болж, хэлний угийн сул дуудлагатай <дха> гийгүүлэгч Уйгур хэдний шүдний <да> гийгүүлэгч болон дуудагдсанаас Бугда болон хувирсан нь Монгол хэлэнд орохдоо Богда/Богд гэсэн үг болж хувирсан гэж үздэг байна. Тиймээс Богд гэдэг үгийг Бурхан гэж ухан ойлгох болж, улмаар богд хүн, богд сургаал, богд лам, богд уул гэсэн нэрс үүсэн бий болжээ.

Богд гэдэг нь бурхан мэт онцгой тодорсон содон, гэгээрсэн, цэцэн, мэргэн, дээдийн дээд гэсэн утгыг илэрхийлдэг. Чингис хааныг бурхантай адил дээдлэн шүтэх болсоноор Богд Эзэн Чингис Хаан гэх болсон бол Монголын анхны хувилгаан Живзүндамба хутагтын анхдугаар дүр Өндөр Гэгээн Занабазарыгаа бурхан мэт ховор лам хэмээн Богд гэж нэрлэж, 1911 онд Манжаас туурга тусгаар улс болохдоо 8-р Богд Живзүндамбыг хаан ширээнд залж, Олноо өргөгдсөн Богд хаан гэж хэмээн өргөмжилж, төр улсаа Олноо Өргөгдсөн Богд Хаант Монгол Улс гэж тунхаглан зарлаж байсан билээ.

Түүнчилэн Монголчууд бусдаас онцгой, өндөрлөг, ялгарангуй уулыг Богд гэж нэрлэсэн байх бөгөөд ийм нэртэй уулс нь ихэвчлэн тал хээрийн бүст тохиолдоно. Тийм нэртэй уулс нь Хайрхан нэртэй уулстай адил хад бартаа ихтэй биш, харин хавь ойрдоо содон ноёлог уул байдаг байна. Говийн сүрлэг содон уулс ийм нэртэй байх нь элбэг. Иймээс Богд нэртэй уулс нь бурхан мэт онцгой тодорсон содон уулын нэр болдог байна. Их Богд, Бага Богд, Арц Богд, Аж Богд, Ноён Богд, Хан Богд, Сэгс Цагаан Богд, Шилийн Богд тэргүүтэн Богд нэртэй уулс тооцвол арвин байдаг. Жишээ нь Богд хан уул л гэхэд Монголын ой модот Хангай, Хэнтийн уулсын хамгийн урд хязгаар, тал хээр нутгийн умард хил болон оршдог билээ.