Гончигийн Бумцэнд

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Партизан хэмээх Гончигийн Бумцэнд (1881 - 1953) нь Монголын төрийн зүтгэлтэн байв.

Тэрээр Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу, одоогийн Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ядуу ард Гончигийн гэр бүлд 1881 оны намрын эхэн сарын шинийн 17-нд мэндэлжээ.

Тэрбээр хурга, ишиг хариулж болохуйц тэр л үеэсээ баячуудад зарцлагдан мал хариулах, өвс хадах, жин тээхийн зэрэгцээ өөрийн хичээл оролдлогоор 13 настайдаа монгол бичиг сурчээ. Партизан Г.Бумцэнд удалгүй журамт цэргийн нэгэн хорооны ангийн даргаар томилогдож Хиагтыг чөлөөлөх байлдаанд гарамгай сайн байлдсан тул Хиагт хотыг сэргийлэн хамгаалах хорооны даргаар томилогдож, гамин цэргийг мөрдөн хөөх, цагаантны цэргийн довтолгооныг няцаан байлдахад удаа дараа гарамгай гавьяа байгуулжээ. Нийслэл хүрээг чөлөөлж, ардын хувьсгал ялсны дараа Г.Бумцэнд Цэнхэрийн гол, Хүүхэн хутагтын хүрээ зэрэг газраар цагаантны үлдэгдлийн эсрэг ангиа удирдан байлдсан байна. 1921 он есдүгээр сарын дундуур тэрбээр Цэцэн хан аймгийг тохинуулах цэргийн бүрэлдэхүүнд хороогоо командлан оролцож, Егүзэрийн хийд, Бухын хашаат зэрэг газраар цагаантны үлдэгдэл хүчийг нэхэн байлдаж, Монголын дорнод хязгаарыг чөлөөлөн төвхнүүлэхэд их гавьяа байгуулсан хүн юм. 1940 он тодруулбал, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн даргаар сонгогдох хүртлээ голдуу Алтанбулаг хотноо ажиллаж, орон нутагт засаг захиргаа байгуулах, харгис феодалуудын эсэргүүцлийг дарж, ангийн хувьд устгах, ард түмнийг шашны мунхруулгаас ангижруулах, тэдний дунд соёл түгээхэд идэвхийлэн оролцож, Сэлэнгэ аймаг, Алтанбулаг хотын хоршооны даргаар он удтал ажилласан байна. Г.Бумцэнд нь 1940 оны гуравдугаар сард хуралдсан МАХН-ын аравдугаар их хуралд оролцож, Намын төв хорооны тэргүүлэгч гишүүнээр сонгогдож байжээ. Мөн онд хуралдсан улсын наймдугаар их хурлаас түүнийг Улсын Бага Хурлын гишүүн, улмаар БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн даргаар сонгожээ. Г.Бумцэндийн байгуулсан гавьяаг төр засгаас өндрөөр үнэлж, Сүхбаатарын одон, байлдааны гавьяаны улаан тугийн одон, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус бүр хоёр удаа шагнажээ.