Анандын Амар

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Анандын Амар

Агданбуугийн Амар (1886 - 1941 оны 7 сарын 10) нь Монгол төрийн тулхтай зүтгэлтэн байв. Тэрээр 1928 оны 2 сарын 21-ээс 1930 оны 4 сарын 27 хүртэл Монгол улсын ерөнхий сайд, 1934 оны 6 сарын 2-оос 1936 оны 3 сарын 22 хүртэл улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга, 1936 оны 3 сарын 22-оос 1939 оны 3 сарын 7-ы хооронд дахин ерөнхий сайдаар тус тус ажиллаж байв. 1939 онд баривчлагдаж, 1941 онд Москва хотод цаазаар авахуулжээ.

Намтар[засварлах]

Агданбуугийн Амар нь 1886 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошуу, одоогийн Булган аймгийн Хангал сумын нутагт Агданбуугийн хүү болон төржээ. Амарыг 12 нас хүрэхэд эцэг нь өөрийн хошууны тамгын газрын дэргэдэх бичгийн сургуульд оруулжээ. Хичээл оролдлого сайтай Амар төдөлгүй монгол бичиг сайн сурч манж, төвд хэл бичиг ч төсөөлдөг болж, тэрээр Манж Чин улсын үед бичээч, эх зохиогч түшмэлээр ажиллаж байгаад 1913 оноос Богд Хаант Монгол улсын Гадаад явдлын яам, аймгийн чуулганд бичээч, түшмэл, дэс түшмэлээр ажиллаж байгаад 1917-1918 онд Монгол улсын хойд хил хязгаарыг харгалзан хамгаалсан 50 цэргийг захиран суужээ. 1919 онд Хятадын харгис цэрэг Монголд цөмрөн орж Монголын автономит төрийг устгахад Амар нутагтаа одож, хоёр жил орчим хугацаанд мал ажил эрхлэн байв.

Судлаачдын тогтоосноор Сүхбаатар 1921 оны хавар хилийн чанадад байхдаа Амар болон бусад дэвшилт үзэлтэй хүмүүст нэг бус удаа элч зарж, ажил хэрэг зөвлөж байв. Монгол оронд Ардын хувьсгал ялсны дараа тэрээр нийслэл хүрээнд ирж 1921 оны намар ардын засгийн газрын туслах түшмэлийн албанд томилогдон шинэ Монгол улсад хүчин зүтгэж эхэлжээ.

Удалгүй Гадаад явдлын яамны эрхэлсэн түшмэлээр дэвшиж, улмаар мөн сайдаар тохоогдон ажиллаж байгаад 1924-1925 онд Аж ахуйн яамны сайд, 1926-1927 онд Дотоод яамны сайд, Эдийн засгийн тэргүүлэгчээр ажилласан байна. 1928 оны эхээр хуралдсан Улсын бага хурлаас Амарыг Монгол улсын Ерөнхий сайдаар томилсонд 1930 он хүртал ажиллаж байгаад, 1930-1932 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, 1932-1936 онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга, 1936-1939 онд хоёронтоо Монгол Ард Улсын Засгийн газрын Ерөнхий Сайдаар тус тус ажилласан.

Агданбуугийн Амар нам төрийн удирдлагад ажиллаж байхдаа Монгол улсын төрийн тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэхэд ихэд анхаарч байсан. Сталиныг тахин шүтсэн нь манайд нөлөөлж хүмүүсийг олноор хэлмэгдүүлж байсныг Амар тухайн үед эсэргүүцэж байжээ. Чойбалсан нар 1933 онд зохиомлоор үүсгэсэн Лхүмбийн хэрэг гэгчийг тэрээр нягтлуулан шалгуулж уг хэрэг үндэсгүй тул баригдан хоригдсон хүмүүсийн ихэнхийг суллуулах арга хэмжээ авч байв. "Хүний эрхийг хөсөрдүүлж буйг илчлэн чухамдаа гэмт хэрэг хэмээгч нь жинхэнэ хийж үйлдсэн явдал дээрээс бүтэж гардгаас бус, хэн нэгэн хүний санааны дураар зохиомол хэрэг ба зохиомол ял хийж явуулдаг ёсон хаа ч байж болохгүй" хэмээн хэлжээ.

Хэлмэгдэл[засварлах]

Агданбуугийн Амар эл бодлого, үйл ажиллагаа Чойбалсан нарын зорилгод саад тотгор болж байв. Иймд Амарт улс төрийн эсэргүү хэрэгтэн хаяг зүүгээд 1939 оны 3 сарын 7-нд болсон МАXН-ын Төв Хорооны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцжээ. Уг хуралд нарийн бичгийн дарга Д.Лувсаншарав Амарын нам бус явдалын тухай илтгэл тавьж түүндээ

"Амар бол ангийн дайсны эрх тусыг өмгөөлөн хамгаалагч мөн. Энэ нь Японы тагнуулын төлөөлөгчөөс хэдэн хувь дор юм. Тэр зальт аргаар өндөр албан тушаалд гарсан ба өөрийн зорилгыг биелүүлэхийн тулд хувьсгалыг ашиглахыг оролдож байв"

гэхчлэн хамаг бурууг тохоож, Х.Чойбалсан дэмжин ийм өнгөө будсан дотор нь харалсан, идээ бээрээр гүйцсэн этгээдийг намын хүрээлэлд нэг минут ч байлгахгүй хөөвөөс зохино, Ерөнхий сайдын тушаалаас шууд зайлуулбал таарна гэжээ.

Уг хурал дээр Амар

"Надад ийм аюултай мөндөр ирж ийм хүнд байдалтай болохыг мэдсэн. Нөхөд намайг хаяж таягдах болжээ. Гомдох газаргүй. Хоёрт, нөхдөөс эсэргүү нартай холбоотой гэж үздэг юм уу, намайг хардах аваас би хэрхэвч хүлээхгүй. Миний гагцхүү итгэдэг зүйл нь Монгол хөл дээрээ зогсож, тусгаар эрхтэй улс байгаасай хэмээн итгэдэг амуй. Би улс орондоо хайртай, би өөрөө үүнийг үзүүлсэн. Миний бие анхны өдрөөс эхлэн улсыг хөгжүүлэх хэрэгт оролцож явсаар эцэст урвагчид холбогдож, хаягдахад хүрвээс миний зүрх хагарах лугаа адил байна" гэж хэлжээ. Мөн өдрийн орой 12-р бага хурал болж, Х.Чойбалсан Ерөнхий сайд Амарын ажил явуулгын тухай илтгэл тавьж, уг хурлаас гаргасан тогтоолд "Амар нь Японы эзэрхэг түрэмгийчүүдийн хөлсний тагнуулууд ба эх орноосоо урвагчид хийгээд дээд ангийн лам нар, феодал нарын хувьсгалын эсэргүү ажил явуулгыг бут ниргэх явдалд төрөл бүрээр эсэргүүцлийг учруулж, үнэн хэрэг дээрээ тэднийг шууд хамгаалах байдалд хүрсэн"

хэмээн заагаад түүнийг ялтны ширээнд шилжүүлэн, мөнхүү хурлаар Чойбалсан Ардын сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайд болжээ.

Үүний дараа Амарыг ЗХУ-д хүргүүлэн, Сталины шадар этгээдүүдээр хэргийг нь шалгуулж байгаад 1941 оны 7 сарын 10-нд цаазаар аваачжээ. А.Амар эцсийн мөрдөн байцаалтад, өөрийгөө ямар ч гэм буруугүйг нотлоод, өмнөх мэдүүлэг бол аргагүйн эрхэнд гаргасан худал зүйл. Үнэн хэрэг дээрээ Монгол улсын нутагт хувьсгалын ямар ч эсэргүү бүлэглэл байгаагүй, эсэргүү хэмээн баривчлагдсан хүмүүс бол хууль бус мөрдлөгийг үл тэсвэрлэн, худал хэрэг хүлээсэн хүмүүс, тэд хувьсгалын эсэргүү огтхон ч биш гэж өчжээ.

1960 онд ЗХУ-н Ерөнхий прокурорын газар Амарын хэргийг хянан үзээд уг хэрэгт огт холбогдолгүй хэмээн тогтоосныг үндэслэн 1962 онд Монгол улс хилс хэргээс цагаатгажээ.

Ном зохиол[засварлах]

  • "Монголын товч түүх"
  • "Нам ба аж ахуйн тухай" (1926)
  • "Арван жилийн ой ба шинжлэх ухааны үйлдвэр" (1931)
  • "Бүгд Найрамдах Монгол Ард Улсын арван хоёр жилийн ой ба Үндсэн хуулийн ёсоор гүйцэтгэн явуулж байгаа улсын нийтийн бодлого, үүргүүдийн тухай" (1933)
  • "Монгол үндэсний хэл бичгийг хөгжүүлэх тухай сэдэв" (1933)
  • "Монголчуудын манж лугаа тэмцэж тусгаар тогтносон байдал ба Монголд эртнээс нааш тогтож ирсэн улс төрийн байдал" (1933)
  • "Шинэ эргэлтийн бодлогын үр дүн, цаашдын зорилт" (1936)
Өмнөх
Балингийн Цэрэндорж
Монгол Улсын Ерөнхий Сайд
1928 - 1930
Дараах
Цэнгэлтийн Жигжиджав
Өмнөх
Пэлжидийн Гэндэн
Монгол Улсын Ерөнхий Сайд
1936 - 1939
Дараах
Хорлоогийн Чойбалсан