Юмжаагийн Цэдэнбал

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Юмжаагийн Цэдэнбал

Юмжаагийн Цэдэнбал (1916 оны 9 сарын 17 - 1991 оны 4 сарын 20) нь 1952 оноос 1984 он хүртэл БНМАУ-ын лидерүүдийн нэг байжээ. Тэрээр амьдралынхаа туршид БНМАУ-ын төрийн тэргүүн, ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байв. БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар, маршал.

Юмжаагийн Цэдэнбал нь Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт Хан хошуунд (өнөөгийн Увс аймгийн Давст сум) Дөрвөд гэр бүлд төржээ. Цэдэнбал нь 11 хүүхэдтэй айлд тав дахь нь болж төрсөн байна. 1925 онд Улаангомын шинээр байгуулсан сургуульд элсэж 1929 онд төгссөн. Мөн онд Цэдэнбал боловсролоо үргэлжлүүлэхээр Эрхүү рүү явжээ. 9 жилийн турш тэрээр Эрхүү, Улаан-Үдийн хооронд аялж Сибирийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшжээ.

1938 онд Улаанбаатар руу буцаж Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны 3-р сараас Сангийн яамны дэд сайд, 7-р сараас 1940 оны 4-р сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллаж, энэ хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэжээ. 1940 оны МАХН-ын Х Их Хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны 8-р сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ. Мөн энэхүү 44 жилийн хугацаанд Улс төрийн товчооны гишүүн байв.

1945-1952 онд Ерөнхий сайд Х.Чойбалсангийн орлогч, улсын төлөвлөгөөний хорооны дарга, 1952 онд Маршал Хорлоогийн Чойбалсан нас барснаар ерөнхий сайд болж 1974 оны 6 сарын 11-нд төрийн тэргүүн болох хүртлээ энэ албыг хашсан байна. 1974-1984 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга буюу төрийн тэргүүнээр ажилласан юм.

Юмжаагийн Цэдэнбалын хөшөө

Монголын нам, төрийг 44 гаруй жил тэргүүлэхдээ Ю.Цэдэнбал улс орноо хөгжүүлэх, ард түмний аж амьдралыг дээшлүүлэн соёлжуулах, улсын тусгаар тогтнол, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, олон улсын нэр хүндийг өндөржүүлэхэд өөрийн ухамсарт бүх амьдрал, авьяас чадвар, оюун билгээ зориулсан хүн байв. Тухайлбал хөнгөн ба хүнсний үйлдвэрүүд байгуулан хөгжүүлсэн, их дээд, дунд сургуулийг байгуулан хөгжүүлсэн, 1950-иад онд Монголчууд бүгд бичиг үсэгтэн болж ЮНЕСКО-ийн шагнал хүртсэн, 1940 онд 750 мянга байсан хүн ам 1980-аад оны дундуур 2 саяд хүрч,спорт болон соёл урлаг дэлхийн тавцанд танигдаж,Дархан,Чойбалсан, Эрдэнэт, Хөтөл, Багануур зэрэг аж үйлдвэрийн төвүүд бий болгосон, 1940 онд манай улсыг ганц орон хүлээн зөвшөөрч байсан бол 1984 онд таван тивийн 94 улстай дипломат харилцаа тогтоож олон улсын 60 гаруй байгууллагад гишүүнээр элссэн гэхчилэн тоочоод баршгүй. Энэхүү гавьяа зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн баатар цол олгожээ.

Ю.Цэдэнбалын БНМАУ-ын тусгаар тогтнолыг бэхжүүлэх, олон улсад нэр хүндийг өндөржүүлэхэд явуулсан ухаалаг бодлогыг нь үнэлж, 1961 онд хөдөлмөрийн баатар, 1966 онд Улсын баатар цол олгож, 1979 онд Улсыг батлан хамгаалах зөвлөлийн даргаар томилогдоход БНМАУ-ын маршал цол олгожээ.

Гадаад бодлогын хувьд тэрээр Монголыг ЗХУ-тай улам ойртуулах чармайлт хийсэн ч гэсэн Зөвлөлт Социалист бүгд найрамдах улс болгох явдлыг эрс эсэргүүцэж байв. Хятад-ЗХУ хоёрын харилцаа хагарахад Цэдэнбал ЗХУ-тай нэгдэж үр дүнд нь Хятадтай харилцах харилцаа эрс багассан.

Хүйтэн дайны үед Цэдэнбал нь аядуу социализмыг баримтлаж байснаараа алдартай.

1984 оны 8 сард хөгшрөлт, оюуны доройтол гэх зэрэг шалтгаанаар Цэдэнбалыг тэтгэвэрт нь гаргаж, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Жамбын Батмөнх сонгогдсон. Цэдэнбал нас барах хүртлээ Москвад бараг гэрийн хорионд амьдарсан бөгөөд 1991 онд нас барахад цогцсыг нь Улаанбаатарт авчирч, Алтан өлгийд оршуулжээ.

Нас барсных нь дараа Улаанбаатар хотод УДЭТ-ын өмнөх талбайг Цэдэнбалын нэрэмжит болгож, хөшөөг нь босгожээ. Мөн Улаанбаатар хотын Эрэл дунд сургуулийн өмнөх талбай, Увс аймгийн Улаангом хотын төв талбай, төрсөн сум болох Давст суманд тус тус хөшөөг нь босгожээ. Монгол улсын минь бахархал


Өмнөх
Хорлоогийн Чойбалсан
Монгол Улсын Ерөнхий Сайд
1952-1974
Дараах
Жамбын Батмөнх
Өмнөх
Сономын Лувсан
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга
1974-1984
Дараах
Нямын Жагварал