Жамбын Батмөнх
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Жамбын Батмөнх (1926 оны 3 сарын 10 - 1997 оны 5 сарын 14) нь коммунист Монголын сүүлчийн удирдагчдийн нэг байв. МУ-ын ерөнхий сайд, төрийн тэргүүн, эрдэмтэн, профессор хүн.
Тэрээр Увс аймгийн Хяргас суманд төржээ. 1939-1951 онд сумын бага сургууль, Улаангом хотын дунд сургууль, МУИС-ыг тус тус төгсөж эдийн засагчийн мэргэжил эзэмшжээ. 1958-1961 онд ЗХУКН-ын дэргэдэх Нийгмийн ухааны акедемид суралцан эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ.
1948 онд МАХН-ын гишүүнээр элссэн. 1951-1958 онд МУИС, УБДС, НДС-иудад багш, тэнхимийн эрхлэгч, орлогч захирал, 1962 оноос ЭЗДС-ийн захирал, 1967-1972 онуудад МУИС-ийн орлогч ректор, ректороор ажиллажээ. Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд гаргасан зүтгэлийг үнэлж профессор цол олгожээ. 1973 онд Шинжлэх ухааны боловсролын хэлтсийн эрхлэгчээр томилон ажиллаад, 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга болж, мөн оны 6 сард дарга нь буюу ерөнхий сайд болжээ. 1984 он хүртэл МУ-ын 13 дахь ерөнхий сайдаар, 1984-1990 онд АИХ-ын тэргүүлэгчлийн даргаар буюу төрийн тэргүүнээр ажиллажээ.
1971 онд тэр МАХН-ын Төв хорооны гишүүнээр сонгогдож, 1974 онд Намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, 1984-1990 оны хооронд МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдон ажилласан.
1990 оны 3 сард Ардчилсан Холбоо байгуулагдаж Батмөнхөөр удирдуулсан засгийн газрыг огцрохыг шаардсан өлсгөлөн зарлажээ. Батмөнх Монголд ардчиллыг хөгжүүлэх, улс орныг зах зээлийн харилцаа, олон намын тогтолцоонд шилжүүлэх явдалд эрх баригч намын болон төрийн тэргүүний ухаалаг бодлого явуулсан бөгөөд үүнийг нь ардчиллын алтан хараацайнууд ихээхэн үнэлж дурсдаг.
1997онд нас барах хүртлээ Улаанбаатарт амьдарсан. Түүнийг нас барсны дараа МУИС-ийн ЭЗДС-ийн өмнөх талбайг түүний нэрэмжит болгож гэрэлт хөшөөг нь босгож мөнхжүүлжээ. Мөн төрсөн нутаг Хяргас сумын төвд нь 2009 онд гантиг чулуун дээр дүрийг нь сийлсэн гэрэлт хөшөөг нутгийнхны хөрөнгөөр босгожээ[1]
[Засварлах] Эшлэл
- ↑ "Ж.Батмөнх агсанд зориулсан гэрэлт хөшөө босголоо", news.mn, 2009-07-28. 2009 оны 7 сарын 28-нд авсан.
| Өмнөх Юмжаагийн Цэдэнбал |
Монгол Улсын Ерөнхий Сайд 1974–1984 |
Дараах Думаагийн Содном |
| Өмнөх Нямын Жагварал |
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга (төрийн тэргүүн) 1984–1990 |
Дараах Пунсалмаагийн Очирбат Монгол Улсын Ерөнхийлөгч |
| Монгол Улсын Ерөнхий Сайдууд | ||||||
|---|---|---|---|---|---|---|
|