Хорлоогийн Чойбалсан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Энэ хүнийг бусад Чойбалсангаас ялган таниарай.
Хорлоогийн Чойбалсан
Хорлоогийн Чойбалсан

Хорлоогийн Чойбалсан (Жамц эцгийн хүү боловч Хорлоо гэж эхийнхээ нэрээр овоглогджээ, төрөхдөө Дугар гэсэн нэртэй байсан, 1895 оны 2 сарын 81952 оны 1 сарын 26) 1930-аад оноос нас барах хүртлээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг удирдаж байлаа. Х.Чойбалсан олон хүнийг хэлмэгдүүлэн алсан, Монгол улсын тусгаар тогтнолыг олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн гээд гай гавьяа ихтэй хүн байв.

Бага нас[засварлах]

Хорлоогийн Чойбалсан 1895 оны 2-р сарын 8-нд тэр үеийн Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошууны зүүн Суваргачин отгийн хамжлага, малчин эмэгтэй Хорлоогийн 3 дугаар хүү болон төржээ. Түүний эцэг нь Жамц хэмээх Манжуур дахь Дагуур Монголоос цагаачилж ирсэн хүн байв. Гэвч тэр нутаг усныхан, ялангуяа хошуу тамгын газраас Жамцыг элдвээр хавчиж байсан учир Чойбалсангийн эх Хорлоотой гэр бүл болж чадалгүй, хүүгээ эхийн хэвлийд байхад орхин явсан байна. Харин хүүгээ төрсний дараа буцаж ирэн, хүүдээ Дугар гэдэг нэр өгч эхнэр хүүхэдтэйгээ хэсэг хугацаанд хамт байсан ч удалгүй буцаж яваад, эргэж ирж амжилгүй өөд болжээ. Нутгийнхны дунд:

“Дагуур гаралтай Жамц чинь

Дагуулах ханьтай болсон шүү
Даамай амраг Хорлоо минь

Орос, монгол хэл бичгийн сургуульд
Сэтгэлээ тайлах болсон шүү”

хэмээн дуу гарч байсан гэдэг.

Дугар хүү хоёр айл дамжин үрчлэгдэж, эцэст нь төрсөн эх дээрээ буцаж ирсний дараа 7 наснаасаа эхлэн төвд ном үзэж, улмаар 13 насандаа Санбээсийн хүрээнд шавилан сууж, сахил хүртэн, Чойбалсан хэмээх нэртэй болсон байна. Чойбалсан 1910 оны зун хөдөө гэртээ хариад, буцаж Санбэйсийн хүрээнд очсонгүй. Найз Гэндэн-Яринпилийн хамт Их Хүрээнд ирж, хар бор ажил хийн амьдрах болов. Чойбалсан 17 насандаа Монгол улсын Гадаад яамны байгуулсан "Орос, монгол хэл бичгийн сургуульд" тус сургуулийн багш буриад Данчиновын дэмжлэгээр орж суралцан, жилийн дараа сурлага, сахилгаараа шалгарч, 1914-1917 онд Орос улсын Эрхүү хотод бусад 8 монгол хүүхдийн хамт суралцжээ.

Гэр бүл, үр хүүхэд[засварлах]

X.Чойбалсан нь хоёр удаа гэрлэсэн бөгөөд анхны эхнэр Бортолгойтой 1921-1935 оны хооронд амьдарч байв. 1935 онд албан ёсоор гэр бүлээ цуцах үедээ Бортолгой:

Чойбалсан чи бол нам, төрийн өндөр хариуцлагатай албан үүрэг хүлээсэн хүн над мэтийн шашин мөргөлд автсан энгийн дорд хүүхнээр юу хийх вэ? Үзэл бодол таарахгүй бол чи бид хоёрын хэн хэнд сэтгэлийн зовлон. Би чамайг жирийн нэг сайн эмэгтэйтэй танилцуулъя

хэмээн Б.Гүндэгмаатай ойртуулаад салсан гэдэг. Б.Гүндэгмаа бол маршал Чойбалсанг насан эцэс болтол дэргэд нь байсан түшигтэй хань нь байлаа. Маршал Чойбалсан Нэргүй, Сувдаа хэмээх хүү, охин хоёртой байсан ба Нэргүй нь маршалын төрсөн хүү ажээ.

Төрийн албанд[засварлах]

Хувьсгалт бүлгэм[засварлах]

Д.Сүхбаатар, Х.Чойбалсан

Х.Чойбалсан 1917 оны Оросын хувьсгалын улмаас Эрхүү хотоос нутагтаа буцан ирж "Цахилгаан мэдээний түр сургууль" дүүргэсэн байна. Чойбалсан Орост болж буй үйл явдлыг нүдээр үзсэн мөн үндэсний ардчилсан үзэлтэн Бодоотой дотно нөхөрлөсөн нь түүний цаашдын хувь заяанд үндсэн эргэлт гаргав. 23 настай залуу Чойбалсан 1918 онд эх үүсвэрээ тавьсан Консулын хувьсгалт бүлгийн нэг гишүүн боллоо. Улмаар анхны долоон нөхдийн бүрэлдэхүүнд орос хэлтэй учир багтаж, Эрхүү хотноо их үйл хэргийг сэдэлцэж эхэлсэн юм. Тэрээр хувьсгалын хэрэгт идэвхийлэн оролцож, Ардын журамт цэргийн суртлыг номлогч, улмаар 1921 оны 5 сарын сүүлчээр баруун замын тусгай ангийн цэргийн захирагч, Ардын журамт цэргийн дэд жанжнаар тус тус томилогдон хүчин зүтгэжээ. Иймээс ч тухайн үед Монгол оронд үүрлэсэн оросын цагаантныг устгах үйл ажиллагааг удирдахад онцгой гавъяа байгуулсан гэж Зөвлөлт Засгийн газраас түүнийг Д.Сүхбаатар, С.Магсаржав нарын хамт 1922 онд Улаан тугийн одонгоор шагнаж байв.

1921 оны хувьсгалын дараа Х.Чойбалсан улс орноо өөрчлөх, шинэтгэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж эхлэв. Юуны өмнө 1921 оны 8 сарын 25-нд МХЗЭ-ийг үүсгэн байгуулалцаж, Эвлэлийн Төв Хорооны анхны даргаар сонгогдов.

1922-1931 он[засварлах]

1922-1931 он бол Х.Чойбалсангийн амьдралын тун ээдрээтэй хэсэг болно. Тэрээр "Бодоогийн хэрэгт" холбогдон намын орлогч гишүүн болон шийтгэгдэж, ЗХУ-д цэргийн сургуульд явсан боловч өвчний учир буцаж иржээ. Харин 1924 оны намраас 1928 он хүртэл бүх цэргийн жанжин, 1929-1930 онд Улсын Бага Хурлын дарга байж, бас Феодалын хөрөнгө хураах төв комиссыг толгойлж байв. Харин 1930 онд Х.Чойбалсан “барууны үзэлтэн” мөн архинд орсон гэх зэргээр шүүмжлэгдэж нэг хэсэг ажилгүй хүртэл байв. 1931 оны эцсээр тэрээр Мал тариалангийн яамны сайдаар томилогдож, дахин төрийн албанд гарч ирсэн байна.

Төрийн эрхэнд[засварлах]

1934 онд Москвад очиж жил шахам болжээ. Мөн энэ үедээ "Лхүмбийн хэрэг" гэгчид нэр холбогдож байв. Энэ Москвад өнгөрүүлсэн жил шахмын хугацаанд Чойбалсан чухам юу хийж байсан нь тун учир битүүлэг байдаг. Зарим судлаачид архины эмчилгээнд явсан байх гэж таамаглах авч олонхи нь Зөвлөлтийн тусгай албад түүнийг сэнхрүүлэн, боловсруулсан байх гэж үздэг. Учир нь түүнд 1935 оны 3 сард ЗХУ-аас суудлын 20 автомашин бэлгэнд ирж, удалгүй мөн оны эцсээр Сталины шууд санаачилга, оролцоотойгоор Ерөнхий сайдын орлогчоор томилогдов. Энэ үеэс түүний тасралтгүй өгсөх зам эхэлсэн байна. Сталин, түүний гар хөл бологчид, Коминтерн өөрсдийнхөө бодлого, үйл ажиллагааг Монголд үг дуугүй хэрэгжүүлэх хүнийг хайсаар түүнийг олсон байна. Удалгүй Чойбалсанг 1936 онд Дотоод яамны сайдаар хавсран томилов. 1930-аад оны сүүлчээр Чойбалсангийн гарт ихээхэн эрх мэдэл төвлөрч, улмаар тус улсын Засгийн газрын тэргүүн болон, Сталины зааварчилгаагаар 30 гаруй мянган хүнийг хилсээр хэлмэгдүүлжээ.

Их хэлмэгдүүлэлт[засварлах]

Х.Чойбалсангийн толгойлсон "Онцгой бүрэн эрхт комисс" Дотоод яамнаас оруулсан нэрсийн жагсаалтаар асуудал шийддэг, зөвхөн нэг өдрийн хурлаар 129-1,278 хүнд ял оноодог байжээ. Эдгээр хүмүүс хэргийн бүрдэлгүй, өмгөөлөгчгүйгээр "Онцгой бүрэн эрхт комиссын" хурлаар шийтгэгддэг байв. 1935-1940 онд “Японы тагнуул” хувьсгалын эсэргүү хэмээн хилс хэрэгт баригдаж шийтгүүлсэн 70000 хүнээс 90% нь буудуулсан байна. Үүнээс 36% нь нам болон төрийн албан хаагчид, цэргийн хүмүүс, ажилчин, энгийн ард, үлдсэн нь лам нар байлаа. Хэлмэгдүүлэлтийн гол шалтгаан нь Монголын геополитикийн орчинд гарсан өөрчлөлт, түүнд үндэслэсэн Оросын стратегийн сонирхол байсан боловч Чойбалсангийн хахир хатуу, хардамтгай зан авир ихээхэн нөлөөлжээ. Тухайн үеийн нийгэм сэтгэл зүйн талаар яруу найрагч Дашзэвэгийн Банзрагч:

Гучаад оны шуурга хаяа хатавчаар исгэчнэ

Гунигийн бараан сүүдэр хар цайнд тунарна
Гол харлуулсан бодолд цагаан гэр минь барайна
Гай зовлон нөмөргөсөн улаан Сталины сүүдэр
Лай ланчиг ихтэй Монгол цусыг минь хөргөнө
Хөрст газар хөрвөж байхад ч ийм гарз гараагүй

Хөвчин улс байлдаж байхад ч ийм гай дайраагүй

хэмээн бичсэн байдаг. Их хэлмэгдүүлэлтийн үед хэлмэгдүүлэлтд өртөөгүй айл өрх Монголд үндсэндээ байсангүй.

Mn UB memorial IMG 2671.jpg

Уран барилгын хосгүй их дурсгал, олон зуун сүм хийд, тэдгээрт хадгалагдаж байсан түүх, соёлын дурсгалыг устгасан нь Х.Чойбалсангийн үйл ажиллагаатай шууд холбоотой байв. МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга агсан Д.Дамба:

Намайг Өмнөговь аймгийн Намын хорооны даргаар ажиллаж байхад сүм хийдийг ид устгаж байв. Зөвхөн Хошууд хийд, Ламын хийд, Галбын болон Үл Олдохын хийдүүдийг буулгахаар аймгийн төвөөс ... 40 гаруй хүнтэй бригад гаргасан. Ажлыг шуурхай зохион байгуулж байсан боловч маршал Чойбалсан нар “Сүм дуган нураах ажлыг яаравчил. Нөхөр Дамба ямар санаатай энэ ажлыг удаашруулж байна” гэж тулгаж сүрдүүлсэн албан даалгавар, цахилгаан ирүүлсээр байсан

хэмээн дурссан байдаг. Зөвлөлтийнхний өөрсдийн нь тооцоолсон доод ханшаар Монголын сүм хийдүүдийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө 57 сая алтан рубль болж байв.

Халхын голын байлдаан[засварлах]

Комкор Жуков, Маршал Чойбалсан, Халхын гол

Монгол улсын гадаад байдал хурцадсаар 1939 онд Халхын гол орчим БНМАУ болон Япон тулалдахад хүрэв. Энэ байлдаанд Монгол Ардын хувьсгалт цэргийг маршал Х.Чойбалсан командалжээ. Дөрвөн сар гаруй үргэлжилсэн Халхын голын байлдаан Монгол-Зөвлөлтийн ялалтаар төгссөн ба “Японы тагнуул”, “Хувьсгалын эсэргүү” гэсэн айдсыг монголчуудын дунд дэвэргэн, улс төрийн бурангуй хэлмэгдүүлэлтийг зөвтгөх шалтаг болов. Энэ нь хожим Чойбалсанг тахин шүтэх нэг шалтгаан болсон байна.

Зарим судлаачид 1939 оны Халхын голын байлдаан нь ЗХУ, Коминтернээс бүс нутгийн талаар явуулсан стратегийн бодлогын нэг хэсэг байснаас бус, Монгол, Япон хоёр зайлшгүй байлдахаас өөр аргагүй болсон тийм зэвсэгт мөргөлдөөн хараахан биш байсан гэж туйлширч байгаа нь тун харамсалтай.

Чойбалсанг тахин шүтэх эхлэл[засварлах]

Х.Чойбалсан 1940 оны МАХН-ын X их хурал, Улсын VIII Их хурлын бэлтгэлийг сайтар хангаж, улмаар уг хурлуудаас гаргах шийдвэр нь олон түмний урам зоригийг сэргээж чадахуйц байх ёстой гэж үзлээ. Ингээд үүндээ туслалцаа хүсэхээр 1939 оны 9 сард Москвад очив. Уг уулзалтаар Зөвлөлтийн тал Наушкаас Улаанбаатар хүртэл төмөр зам тавих, мах комбинат, автотехникийн болон цементийн завод барихад туслах болсон байна. МАХН-ын X, Улсын VIII их хурлаас улс орны хөгжлийн тулгамдсан зорилтуудыг тодорхойлон Улсын VIII их хурал БНМАУ-ын хоёр дахь Үндсэн хуулийг батлав. Тухайн үед Чойбалсанг тахин шүтэх явдал газар авч байсан учраас энэ Үндсэн хуулийг "Маршал Чойбалсангийн Үндсэн хууль" гэж нэрлэж байлаа.

Улсын болон намын хурлын дараагаас Улсын сайн малчдын зөвлөлгөөн хийж, малын тоо толгой ашиг шимийг нэмэгдүүлэх, малчин ардуудын хувийн аж ахуйгаа хөгжүүлэх сонирхол санаачлагыг урамшуулах талаар зарим арга хэмжээ авч эхлэв. Тухайлбал, малчдад "Улсын сайн малчин" цол олгож, маршал Чойбалсан өөрөө хөдөө орон нутагт явж, газар дээр нь одон медаль, бараа таваараар шагнаж байлаа. Энэ нь нэг талаар Сталин Монголын малын тоо толгойг 200 саяд хүргэх тухай үл гүйцэлдэх лоозон дэвшүүлсэн, мөн Монголчууд Зөвлөлтийн тусламжийн хариуд жилд 40 мянган тонн ноос, ноолуур бэлтгэж өгөх үүрэг хүлээсэнтэй холбоотой. Улс орон даяар "Ноос бол алт" компанит ажил өрнүүлж, ЗХУ-д нийлүүлэх ноосны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэв.

Энэ ажлыг зохион байгуулах явцдаа Чойбалсан өөрөө яамдын сайд, дарга нарт хэрхэн ямаа самнах, хонь хяргах талаар биечлэн үзүүлж зөвлөгөө, семинар өгч байв. Энэ үед Дэлхийн II дайн цар хүрээгээ тэлж, олон улсын байдал улам хүндэрч байв.

Дэлхийн II дайн[засварлах]

1941 оны 6 сарын 22-нд Герман ЗХУ-д гэнэт довтолсноор БНМАУ-ын гол холбоотон - Зөвлөлт гүрэн Дэлхийн II дайнд татагдан орлоо. Дайны эхний өдрөөс БНМАУ Зөвлөлтийн талд баттай зогсож, "Бүхнийг фронтод" уриан дор ажиллаж, амьдарч эхлэв. Зөвлөлтийн ард түмэнд бололцоотой бүхнээрээ туслах хөдөлгөөн нийт монголчуудын дунд өрнөлөө. Нийтдээ хагас сая шахам адуу фронтод зориулан хямд үнээр худалдаж, 32 мянга гаруй морь бэлэглэв. Мөн 938 вагон дулаан хувцас, хүнсний зүйл, хувийн бэлгийг хандивласны дээр Монголчуудын хөрөнгөөр "Хувьсгалт Монгол" танкийн бригад, "Монгол ард" нисэх онгоцны эскадрилийг байгуулан, Улаан армид хүлээлгэн өгч, танкийн бригадын бүх хангалтыг дайн дуустал хариуцаж байв.

Дэлхийн II дайны сүүлчээр буюу 1945 оны 2 сард Ялтад хуралдсан ЗХУ, АНУ, Их Британий Засгийн газрын тэргүүн нарын бага хурлаар дайны дараа Дэлхий дахинд энх амгалан байдал тогтоох, бататгах асуудал хэлэлцсэнийн зэрэгцээ Японд дайн зарлах тухай мөн тохиролцов. Энэ хурлын үеэр гурван их гүрний Засгийн газрын тэргүүн нар ЗХУ-ын гаргасан санал болох "Гадаад монголын статус квог хэвээр байлгах"-ыг хүлээн зөвшөөрөв. Энэ нь Монголын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд зөвшөөрөх эхлэл болов. Тухайн үед Хятад улс Монголыг өөрийн салшгүй хэсэг гэж үзэж байсан ч Сталины шахалтаар зөвшөөрөхөөс аргагүй байдалд орсон байна. 1945 оны 7 сарын эхээр Чойбалсанг Сталин Москвад урьж, тусгаар улсын Засгийн газрын тэргүүний хэмжээнд, хоёр улсын төрийн далбааг мандуулан, хүндэт харуул жагсаан хүлээж авчээ. Тийм уу?

Дэлхийн II дайны дараахи БНМАУ, тусгаар тогтнол[засварлах]

Сталин БНМАУ-ыг Дэлхийн II дайны төгсгөлд оролцож, дорно дахинд энх тайван байдал тогтооход хувь нэмэр оруулах саналыг Чойбалсанд тавив. Холбоотны өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу ЗХУ 1945 оны 8 сарын 8-нд Японд дайн зарласан ба 2 хоногийн дараа буюу мөн сарын 10-нд БНМАУ Японд дайн зарлав. Монгол ардын хувьсгалт цэрэг ЗХУ-ын Өвөр Байгалийн фронтын мото-механикжсан нэгтгэлийн хамт 8 сарын 11-нд улсын хилийг нэвтэрч Долоннуур, Жанчхүүгийн чиглэлээр Японы цэргийн эсрэг байлдааны ажиллагаа өрнүүлэн Хойт Хятадын зарим муж, Өвөр Монголын нутгийн чөлөөлөхөд оролцлоо.

1945 оны 9 сард Сталины шахалтанд автсан Хятад, Монголчууд БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө саналаа өгвөл БНМАУ-д тусгаар тогтнолыг зөвшөөрч болно гэсэн саналын дагуу 10-р сарын 20-ны өдөр бүх нийтийн санал хураалт зохион байгуулж, монголчууд 100% тусгаар тогтнолын төлөө санал өгөв. Энэхүү санал хураалтын дараа 1946 оны 1-р сарын 6-нд Хятад улс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв.

Х.Чойбалсанг Монголыг удирдаж байх хугацаанд БНМАУ 1939, 1945 оны хоёр томоохон дайнд оролцон ялалт байгуулсан, мөн 1945 оны тусгаар тогтнол нь түүнийг тахин шүтэх явдлыг улам лавшруулж, дарангуйлах нэр хүндийг нь өргөжээ. 1945 онд маршал Чойбалсангийн 50 насны ойг тэмдэглэхэд бүх зохиолч, яруу найрагчид уран бүтээлээ зориулж байв. Эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдинсүрэн "Маршал Чойбалсангийн 50 насны ойд зориулсан ерөөл"-дөө:

Таны насалсан

Тавин жил бол
Тайван цагийн
Мянган жилтэй тэнцэнэ
Хоёр гурван мянган жилийн
Хосгүй түүхт их хэргийг

Хорлоогийн хүү Чойбалсан бүтээлээ!

хэмээн бичиж байв. Дийлэнхи Монголчууд Х.Чойбалсанг биширч, "шалгарсан жолоодогч" хэмээн хүндэтгэж байлаа.

Нийгмийн бүтээн байгуулалт[засварлах]

Х.Чойбалсангийн засгийн эрх барьсан хугацаанд Монголын түүхэнд үлдсэн эдийн засаг, соёлын олон чухал үйл явдлууд болсон юм. Тухайлбал, Налайхын чулуун нүүрсний уурхай, Төв цахилгаан станц, мөн Аж үйлдвэрийн комбинатыг өргөтгөх ба шинэчлэх ажил эхлэв. Зүүн баянгийн нефтийн үйлдвэр, "Совмонгометалл" нийгэмлэгийн харьяа уул уурхайн үйлдвэрүүд, Наушки-Улаанбаатарын хооронд өргөн төмөр зам ашиглалтанд орж, морин өртөөг халан, авто өртөө байгуулав.

МУИС-ийн өмнө байх Х.Чойбалсангийн хөшөө

Боловсрол, соёлын талаар гарсан том өөрчлөлт бол монгол уйгаржин бичгийг кирилл үсэгт үндэслэсэн шинэ бичгээр сольж, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах талаар томоохон ажлуудыг хийв. Анхны 10 жилийн дунд сургууль, ялангуяа 1942 онд Улсын их сургуулийг байгуулж сургуулийн насны бүх хүүхдийг бага сургуулийн боловсролтой болгох зорилтыг хэрэгжүүлж байсан нь боловсролын салбарт олсон үсрэнгүй амжилт байв. Маршал Чойбалсан өөрөө "Монголын ардын үндэсний хувьсгалын анх үүсч байгуулагдсан товч түүх", "Монгол ардын үндэсний хувьсгалт цэргийн агуу хөгжлийн товч зам", "Ардын Хатанбаатар Магсаржавын хураангуй түүх" зэрэг зохиол бичиж, илтгэл өгүүллэгүүд нь 4 ботиор хэвлэгдэж байв. Иргэдийн 1930-аад оны хэлмэгдүүлэлт,гаднаас заналхийлж буй Япон, Гоминданы Хятадын цэрэглэн халдах дайны аюул,1944,1945 оны цас зуд зэргээс шалтгаалан үүссэн айдас хүйдэс,олон нийтийн санаа сэтгэл унасан байгааг харгалзан үзэж шүтэх бишрэх эрхийг хүндэтгэн үзэж, Гандантэгчилэн хийдийн хурал, мөргөлийн ажиллагааг 1944 онд дахин сэргээжээ. 1944 онд сонгуулийн эрх хасагдсан хүмүүст сонгуулийн эрх олгож, 1949 онд сонгуулийн бүх нийтийн, шууд, тэгш бөгөөд саналаа нууцаар хураах шинэ систем тогтоож, 1951 онд Улсын Их Хурлын анхны сонгуулийг явуулсан байна.

Х.Чойбалсан их гүрнүүдийн зүгээс бага орны удирдагчид үзүүлдэг дарамт, шахалт бүхий амаргүй хувь тавиланг амссан ч, Монголын тусгаар тогтнолыг тууштай сахин хамгаалах, гадаад бодлогын харьцангуй бие даасан чиг шугам баримтлахыг хичээн оролдож байв. И.В.Сталины мэндэлсний 70 жилийн ойн ёслолын арга хэмжээнд Европ, Азийн орнуудын нам, төрийн удирдагчид бүгд Москвад очиж үнэнчээ харуулахад, Х.Чойбалсан өөрийн биеэр очоогүй байна. ЗСБН Автономит Тува улсын тэргүүн Салжиг Тогоо Монголд айлчлах үедээ Монголыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд орохыг ятгах үг хэлэхэд Чойбалсан ихэд уурлан, алгадсан гэдэг яриа тархсан байдаг. 1950 онд Монголын хэдэн сэхээтэн улс орныхоо хөгжлийг түргэтгэх гол арга зам бол ЗХУ-ын бүрэлдэхүүнд даруй орох явдал хэмээх санал өргөхөд тэрбээр мөн асар дургүйцэн, тэднийг зэмлэж байсан баримт мөн бий.

Нас барсан нь[засварлах]

"Монголын бүх ард түмний дотны хайрт жолоодогч", "Хайрт эцэг" хэмээн өргөмжлөгдөж байсан Монголын төрийн зүтгэлтэн Х.Чойбалсан 1952 оны 1 сарын 26-нд таалал төгсчээ. Намын Төв Хороо, Их Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөлийн эмгэнэлийн бичигт

"...манай улсын бүх түүх бол Ардын хувьсгалыг мандуулах ба манай орныг цэцэглүүлэх үйл хэрэгт бүх амьдралаа зориулсан нөхөр Чойбалсангийн нэртэй холбоотой юм..."

гэж тэмдэглэсэн байдаг.

Хэлсэн үг.

Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн Эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв.

Гай гавьяа хоёр[засварлах]

Чойбалсан нэг хүнийг тахин шүтэх зэрэг Монголын нийгэмд учирсан асар их хохирол, Монгол улсын гэмгүй иргэдийг бөөнөөр алж устгах гэмт хэргүүдийг шийдэж хийсэн коммунист дарангуйллыг 1930-1950-аад онуудад хэрэгжүүлсэн коммунист дарангуйлагч байсан юм. [1]

Х.Чойбалсан нь Сталины загвараар Монголын нийгмийг нэг хүний дарагуйлалд оруулсан айдас дарангуйллын хүлээснээс болж Монгол улс нь 1949 онд үндэсний бичгээ халж Оросын коммунист дарангуйллыг дагаж кирилл бичигтэй болж 1950-аад оноос эхэлж Монгол улсад ажиллаж байсан бүх хувийн жижиг дунд үйлдвэрллийг устгаж Монгол улс үйлдвэрлэл эдийн засгийн талаасаа бие даасан шинж чанраа бүрэн алдаж ЗХУ-ын эдийн засгийн бүрэн хараат байдалд орох нэг ёсны шинэ хэлбэрийн колончилолд орох үндэс нь тавигдсан юм.

Монголын тулгар төрийг сэргээн байгуулах үйлсийн төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлахгүй тэмцэж байсан үе үеийн эх орончид болох Галдан бошигт хаан, Рэнчиндорж ван, Шадар ван Чингүнжав, Сэвдэнбалжир ван, Дондогмаанж, цэрэг Онолт, Энхтайван хүнд, Богд хаан, Ханддорж ван, Сайн ноён хан Намнансүрэн, Да лам Цэрэнчимэд, Сүхбаатар жанжин, Бодоо, Данзан, Догсом зэрэг бидний мэдэх болон нэр нь тодроогүй Монголын чин зоригт баатруудын зүтгэж, тэмцэж байсан Монгол улсыг байгуулж, тусгаар тогтнолыг нь бусдаар хүлээн зөвшөөрүүлэх хамгийн хүнд бөгөөд хатуу үйлсийг бүтээж, өнөөдрийн дэлхий дахинд Монгол Улсыг бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадсан явдалд "Монголын бүх ард түмний дотны хайрт жолоодогч", "Хайрт эцэг" хэмээн өргөмжлөгдөж байсан Монголын төрийн зүтгэлтэн Х.Чойбалсангийн гол гавъяа орших бөгөөд түүний үйлдсэн бусад бусармаг үйлс нь зөвхөн тусгаар тогтнолынхоо төлөө хийсэн үйлсийг хангахад чиглэгдсэн юм.

Түүнчлэн үзэх[засварлах]


Өмнөх
Жамцангийн Дамдинсүрэн
Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга
1929-1930
Дараах
Лосолын Лааган
Өмнөх
Анандын Амар
Монгол Улсын Ерөнхий Сайд
1939-1952
Дараах
Юмжаагийн Цэдэнбал

Эшлэл[засварлах]