Барон Унгерн фон Штернберг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Барон Унгерн фон Штернберг
Ungern-Sternberg portrait in color.jpg
Бүтэн нэр ЗХУ. Новосибирск
Төрсөн газар Австр-Унгарын эзэнт улс, грац хот
Нас барсан газар ЗХУ. Новосибирск
Ажиллагаа/салбар морин цэрэг
Нэгж дивиз
Дэлхийн нэгдүгээр дайн, Оросын иргэний дайны тулалдаанууд, Нийслэл хүрээг чөлөөлсөн, Улаан хадны байлдаан, Чойрын байлдаан, Орос руу хийсэн аян дайн, Хиагтыг эзлэхийн төлөө тулалдаан Дэлхийн нэгдүгээр дайн, Оросын иргэний дайн, монгол дах байлдааны ажиллагаанууд
Бусад үйл хэрэг авантюрист, монархист
Baron ungern.ruem.jpg

"Галзуу Барон" хэмээн алдаршсан Балтийн герман гаралтай Оросын армийн дэслэгч генерал Барон Унгерн фон Штернберг (1886-1921) нь Оросын иргэний дайнд оролцож улмаар 1920-оос 1921 онуудад Монголд цэрэг дайны үйл ажиллагаа явуулж байжээ. Азийн морин дивизийг удирдан тухайн үед Хятадын цэргийн эрхшээлд байсан Их Хүрээ хотыг (одоогийн Улаанбаатар) эзлэн авч VIII Богд Жавзандамбыг хаан ширээнд нь залан Монголын тусгаар тогтнолыг сэргээж байжээ. Гэвч түүний үйлдсэн алан хядлага, дээрэмдэлт, Хятадын цэргийн хүчний эсрэг байлдааны үйл ажиллагаа явуулах сонирхлоо орхисон зэрэг нь Монголын феодалууд, ард түмний дэмжлэгийг эрс багасгахад хүргэжээ. Улмаар Зөвлөлт Орос улс руу довтлохоор хойд зүг хөдлөж яваад Улаан арми болон Д.Сүхбаатарын удирдсан Ардын цэрэгт гол хүчээ бут цохиулан Оросын нутаг руу гарчээ. 1921 онд дотоод урвалтын дүнд баривчлагдан Улаан армид хүргэгдэн улмаар 1921 оны 9-р сарын 15-нд цаазаар авахуулжээ.

Уг гарал, бага идэр нас[засварлах]

Унгерны хүүхэд үеийн зураг

Унгерны удам угсаа нь герман, балти, унгар, славян, скандинав цус холилдсон маш эртний язгууртан гаралтай. Өөрөө миний цусанд Аттилын удам угсаа ч бий хэмээн ярьдаг байсан. Эцэг Теодор-Леонгард-Рудольф барон язгууртны гаралтай. Эх Софи-Шарлотта герман хүн. Унгерний гэр бүл Европоор их аялдаг байсан тул Барон Унгерн Австрид төржээ. 1896 онд Петербургийн тэнгисийн цэргийн сургуульд элсэн орж суралцсан боловч төгсөхөөс өмнө Орос-Японы дайнд цэрэгт явсан. Гэсэн ч Манжуурт очиход дайн дууссан байжээ. 1906-аас 1908 онуудад Павловын цэргийн сургуульд суралцаж төгссөн. Тэр буддын шашныг эртнээс сонирхдог байжээ.

Цэргийн албанд[засварлах]

Унгерн-цэргийн сургуулийн сонсогч

1908 оноос Байгаль нуурын чанад дахь казак цэргийн Аргуны 1-р хороонд хорунжий цолтой алба хаасан. 1913 онд Ховд хотод алба хааж байсан. 1914 онд Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд Донын казакын 34-р хороонд алба хааж эхэлжээ. Эрэлхэг зоригтой байлдсаны төлөө удаа дараа гавьяа байгуулж олон тооны одон медалиар шагнуулж байсан. Сахилга алдсаны улмаас буриад хольцтой Семёновын (сүүлд Байгал нуурын чанад дахь казакуудын атаман) хороонд шилжсэн. Семёновыг дагаж 1917 оны 2-р сарын хувьсгалын дараа Байгал нуурын чанадад очиж ажиллах болжээ.

Иргэний дайн, Монголд[засварлах]

Барон Унгерн фон Штернберг нь Оросын иргэний дайнд Цагааны талд Атаман Семёновын удирдлаган доор Харийн дивизийг (сүүлд Азийн морин дивиз) удирдан Байгал нуурын чанадад байлдаж байжээ. 1920 оны эхээр Эрхүү хотод хотод цагаантны эсрэг бослого гарч адмирал Колчак амь үрэгдэж улмаар 3-р сард Семеновын арми Чита хот руу ухаржээ. 1920 оны 8-р сард Барон Унгерн Дагуурыг орхиж тухайн үед Хятадын эрхшээлд орсон байсан Монголын нийслэл Их Хүрээг чөлөөлөхөөр хөдөлжээ.

1920 оны 10 сарын 26-нд Их Хүрээг довтолсон боловч Хятадын гамин цэргийн галын хүч илүү давуу байсан тул эхний дайралт амжилтгүй болон, тун удалгүй хоёр дахь дайралтыг харьцангуй амжилттай хийсэн ч эцэстээ сөрөг давшилтанд цохигдон Хэрлэн голын зүг ухаржээ. Монгол, буриад цэргүүд, түвдийн зуутаар хүчээ зузаатган, дэг журмаа сайжруулсан Барон Унгерн гурав дахь дайралтыг 1920 оны 12-р сард хийж хэд дахин давуу хүч бүхий (ойролцоогоор 10 мянга) Хятадын цэргийн хамгаалалтыг бут цохиж 1921 оны 2-р сарын 3-нд хотыг эзлэн авчээ. Дайралтын өмнө Хятадын цэргийн хорионд байсан Богд хааныг хулгайлан чөлөөлсөн байна.

Хотын иргэд Барон Унгернийг чөлөөлөгчөө хэмээн хүлээн авсан боловч түүний зөвшөөрлөөр цэргүүд хотыг дээрэмдэн талсны дараа ард олны санаа бодол өөрчлөгдөх болов. Гэвч удалгүй өөрөө дээрэм тонуулыг хатуу гараар зогсоожээ. Тэрээр монголчуудтай өөрийн нөхөрлөлөө нэмэгдүүлэхийн тулд буддын шашинд орж Богд хааныг хаан ширээнд нь ёслол хийн залсан байна. Уг ёслолоор түүнд чин вангийн хэргэм, улсыг мандуулагч их баатар жанжин цол олгосон байна. Их хүрээний дарангуйлан захирагч болсон тэрээр хатуу ширүүн бодлого явуулж, ялангуяа хотын хятад иргэд, еврей гаралтай болон зүүний үзэлтэй оросуудыг хоморголон устгаж байжээ. Хотыг түүний сөрөг тагнуулын албаны дарга дэд хурандаа Сипайло хатуу гараараа барьж байжээ. Унгерн энэ хатуу ширүүн диктатураа Орос оронд большевикуудын явуулж байсан харгис ширүүн дарангуйлалд өгч буй хариу хэмээн тайлбарлаж байжээ. 1921 онд иргэний дайнд Зөвлөлт засаг ялах нь тодорхой болсон, Монголчуудын дэмжлэг эрс багассан тул Барон Унгерн Оросын ард түмнийг Зөвлөлт засгийн эсрэг босгон Орос, Монголыг нэгтгэсэн Төв их гүрнийг байгуулан гэсэн галзуу төлөвлөгөө гарган Их Хүрээг орхин хойд зүгт хөдлөжээ. Зөвлөлт Оросын явуулсан шинэ эдийн засгийн бодлого тариачдын дургүйцлийг ихээр төрүүлж, бослого хөдөлгөөн байнга гарч байсан нь энэ шийдвэр гарахад нөлөөлсөн байна.

Хойд зүгийн аян, урвалт, цаазаар авалт[засварлах]

Унгерн улаан цэрэгт олзлогдсоны дараа

1921 оны 5 сарын эцсээр Унгерн болон түүний туслах генерал Резухин хоёр чиглэлээр Оросын хилийн зүг аялжээ. Резухиний удирдсан 2-р бригад амжилттай байлдаж улаан армийн отрядуудыг бут цохисон боловч Унгерний өөрийн шууд удирдсан 1-р бригад Рокоссовскийн (сүүлд ЗХУ-ын маршал) удирдсан Улаан армийн морин хороо болон Д.Сүхбаатарын удирдсан Ардын цэрэгт бут цохигдон Сэлэнгийн хөндийд Резухиний бригадтай нийлжээ. Улаан арми болон Ардын цэрэг нийслэл руу хөдлөн 1921 оны 7 сард Их Хүрээнд орж иржээ. 1921 оны 6-аас 8-р саруудад Зөвлөлт Оросын нутагт Барон Унгерн хэд хэдэн удаа амжилттай байлдааны үйл ажиллагаа явуулж Улаан армийн зарим хүчийг бут цохьжээ. Үүний дараагаар Барон Унгерн Монгол руу дахин довтлохоор шийдсэн нь Манжуур луу аялан Атаман Семёновт нийлэхийг илүүд үзэж байсан цэрэг офицерүүдийн эсэргүүцлийг төрүүлэн улмаар 8-р сарын 16-нд Резухинийг буудаж алсны дараагаар 6 сарын 18-нд Унгернийг буудаж алахыг оролдсон боловч тэрээр түүнийг дагасан Сундуй гүний Монгол цэргийн хороо руу зугтан зайлж амжсан байна. Гэсэн хэдий ч эх нутаг руугаа явах хүсэлд автсан монгол цэргүүд тун удалгүй түүнийг баривчлан Щетинкинд хүргэж өгчээ. Щетинкин Сундуй гүнийг цэргийн хамт Монгол руу буцахыг зөвшөөрсөн байна.

1921 оны 8 сарын 26-нд Ленин утсаар Барон Унгернийг цаазлах заавар өгчээ. 9-р сарын 15-нд Барон Унгерн фон Штернбергийг нээлттэй шүүх хурлаар шүүн Төвийн их гүрэн байгуулах төлөвлөгөөтэйгээр Японы талд ажилласан, хаант засгийг сэргээх зорилгоор Зөвлөлт засгийн эсрэг тэмцсэн, алан хядах үйл ажиллагаа явуулсан гэсэн хэргээр цаазаар авах ял оноож, ялыг гүйцэтгэсэн байна. Шүүх хурлын үед тэрээр өөрийн бурууг үл хүлээн, большевикуудыг буруутган эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байжээ. Түүний үхлийн тухай сонссон Богд хаан сүм хийдэд ном хуруулж байжээ. Унгернийг Дилав хутагт Жамсранжавтай уулзахад хутагт Унгерний амьд явах хоногийнх нь тоог нь хэлсэн байдаг нь нас барсан өдөртэй нь таарч байдаг.

Түүхэн ач холбогдол[засварлах]

Монгол улс тусгаар тогтнолоо олох үйл явцад томоохон нөлөө үзүүлсэн. Их Хүрээн дэх Хятадын цэргийг бут цохин зайлуулснаар Монгол дахь Хятадын эзэрхийллийг устгахад тус нэмэр болсон төдийгүй хойд зүгийн аян нь Улаан армийн Монголын нутаг дэвсгэрт орж ирэх нэг томоохон шалтгаан болжээ. Монголд хийсэн түүний харгис хатуу бодлого, аллага хядлага нь олон нийтийн дэмжлэг авахад саад болсон байна. Барон Унгерн пролетарийн диктатурыг хүлээн зөвшөөрдөггүй байсан тул Цагааны хөдөлгөөнд оролцсон боловч хөрөнгөтнүүдийг үзэн яддаг, хаант засаглалыг дэмждэг байсан тул уг хөдөлгөөний жирийн нэгэн төлөөлөгч гэж тооцож болохгүй.

Гавьяа шагнал[засварлах]

  • Гэгээн Георгийн 4-р зэргийн одон (1914 он);
  • Гэгээн Аннагийн 4-р зэргийн одон (1914 он);
  • Гэгээн Владимирын 4-р зэргийн одон (1915 он);
  • Гэгээн Станиславын 4-р зэргийн одон (1915 он);
  • Гэгээн Аннагийн 3-р зэргийн одон (1916 он);
  • Оросын армийн дэслэгч генерал цол (1920 он, маргаантай);
  • Монголын хошой чин вангийн зэрэг хэргэм (1921 он);
  • Монгол улсыг мандуулагч их баатар жанжин цол (1921 он).

Мөн үзэх[засварлах]

Утга зохиол ба урлагт[засварлах]

  • Леонид Абрамович Юзефович өөрийн «Самодержец пустыни» номондоо Барон Унгерний захидлууд болон бусад сонирхолтой баримтуудыг оруулжээ.
  • Польшийн аялагч зохиолч Антоний Фердинанд Оссендовский Барон Унгернтэй уулзаж, ажиллаж байсан бөгөөд түүний тухай «И звери, и люди, и боги» номоо бичжээ.
  • Калинов Мост хамтлагийн «Вечное небо» дууг түүний дурсгалд зориулжээ.
  • Жамьянгийн Бунтар ба А.Бобровскийн найруулсан Төгсгөл уран сайхны кинонд түүний Монгол дахь дайны үйл ажиллагааг харуулжээ.
  • Сүхбаатар кинонд түүний Монгол дахь дайны үйл ажиллагааг харуулжээ.

Домог яриа, цуу яриа, онигоо[засварлах]

  • 1921 онд улаантнуудад баригдахаасаа өмнө Барон Унгерн бүх алт эрдэнэсээ амьдарч байсан байрныхаа шалан доор нуусан гэсэн цуурхал тарж байжээ.
  • 2005 онд “Гэр хорооллын барилгажилт” хадгаламж зээлийн хоршоо "Барон Унгерн алтаа хаана нуусан бэ?" гэсэн асуултаар зар сурталчилгаа өргөн хүрээтэй хийж байжээ. Уг хоршооны эзэн Ц.Түмэнгэрэл Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраагийн амь насанд халдаж цаазаар авахуулсан бөгөөд, удалгүй дампуурсан тус хоршооны хадгаламж эзэмшигчдийн мөнгө Барон Унгерний алт шиг алга болжээ.
  • Онигоо: Барон Унгерн алтаа хаана нуусан бэ? – Оюутолгойд