Jump to content

Монгол-Лаосын харилцаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Монгол-Лаосын харилцаа
Map indicating locations of Монгол and Лаос

Монгол

Лаос

Монгол Улс-Лаосын Вант Улстай (1975 онд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс болж нэрээ өөрчилсөн) 1962 оны 9 дүгээр сарын 12-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс 1976 онд Вьентьянд, БНАЛАУ 1981 онд Улаанбаатар хотноо тус тус ЭСЯ-даа харилцан нээн ажлуулж байна. Хоёр улс далайд гарцгүй орнууд гэдгээрээ ижил төстэй.

Өнөөгийн байдлаар хоёр улс “Бие биеэ дэмжин харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх зарчим” дээр тулгуурласан найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлж байна.

1962-1975 онд хоёр орны харилцаа үндэсний баяр, тэмдэглэлт ойг тохиолдуулан баяр хүргэсэн цахилгаан утас солилцох хэмжээнд, төдийлөн идэвхтэй бус байдалтай явж ирсэн.

1975 оны 12 дугаар сарын 2-нд БНАЛАУ-ыг тунхаглаж марксист-ленинист үзэл баримтлалтай, социалист чиг баримжаатай нэг намын засаглал тогтож тухайн үеийн ЭЗХТЗ-ийн хүрээлэлд орж ирснээр БНМАУ, БНАЛАУ-ын хоорондын харилцааг хөгжүүлэх шинэ боломж нээгджээ. БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Кейсон Фомвиханы Монгол Улсад 1976 oнд хийсэн айлчлал, хэлэлцээ ярианы дүнд Монгол Улсын ЭСЯ-ыг Вьентьян хотноо байгуулах шийдвэрт тухайн үеийн манай улсын нам, төрийн удирдлага хүрчээ. Чингээд МАХН-ын Төв Хорооны УТТ-ны 1976 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 120 дугаар тогтоолоор ЭСЯ байгуулах шийдвэр батлагдсан байна.

1975-1990 онд дээд, өндөр хэмжээний айлчлал харилцан хийгдэж, Монгол-Лаосын Хамтарсан Тунхаглал /1976 онд/, Найрамдал, хамтын ажиллагааны тухай анхны Гэрээ /1979 онд/ байгуулагдсан.

БНАЛАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга 1976, 1988 онд, БНАЛАУ-ын Ерөнхийлөгч 1980 онд Монголд, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга 1979 онд Лаост айлчилсан.

1994 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Лаост төрийн айлчлал хийж, "Монгол Улс, БНАЛАУ-ын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ" байгуулсан нь шинээр бүрэлдсэн нөхцөлд хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг суурийг тавьснаар чухал ач холбогдолтой болсон.

2005 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2012 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар БНАЛАУ-д албан ёсоор айлчилж, 1980,1985, 2007 онуудад БНАЛАУ-ын Ерөнхийлөгч нар Монгол Улсад айлчилж байжээ.

2016 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын 11 дүгээр дээд хэмжээний уулзалтад БНАЛАУ-ын Ерөнхий сайд Тонглун Сисулит тэргүүтэй төлөөлөгчид оролцсон.

Хөдө аж ахуй, Боловсрол, эрүүл мэндийн салбарт идэвхитэй хамтран ажиллаж байгаа.

Монгол, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын Комиссын 10 дугаар хуралдаан 2015 онд Вьентьян хотноо, 2018 онд Улаанбаатар хотод ээлжит 11 дүгээр хуралдаан болжээ.

2022 оны 9-р сарын 3-5-нд БНАЛАУ-ын Засгийн газрын орлогч дарга, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит Монголын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол улсад албан ёсны айлчлал хийсэн.Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит-ийн энэ удаагийн айлчлал нь БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайдын түвшинд 2002 оноос хойш 20 жилийн дараа хэрэгжиж буйгаараа онцлог гэдгийг дурдаад хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой хэмээн онцлон тэмдэглэв. Талууд Монгол, Лаосын харилцааны өнгөрсөн нэгэн жарны хамтын ажиллагааг дүгнэж, цаашдын чиг хандлагын талаар ярилцав. Ялангуяа эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хоол, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах зэрэг асуудлаар үр бүтээлтэй санал солилцож, хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, бизнесийн хэлхээ холбоог дэмжиж ажиллахаар тогтов.

Парламент хоорондын харилцаа

[засварлах | кодоор засварлах]

УИХ-ын дарга 1998 онд, Лаосын Үндэсний Ассамблейн дарга 2000 онд, УИХ-ын дэд дарга 2002 онд тус тус айлчилж байсан. Мөн сүүлд Лаосын Үндэсний Ассамблейн дарга Тонгсинг Таммавонг 2008 онд, 2012 онд Лаосын Үндэсний Ассамблейн дарга хатагтай Пани Ятодү Монгол Улсад айлчилсан бөгөөд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид 2008 оны оны 12 дугаар сард Лаост тус тус харилцан албан ёсоор айлчилсан.

2022 оны 9-р сарын 6-11-нд БНАЛАУ-ын Үндэсний Ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга, Батлан хамгаалах, аюулгүй байдлын байнгын хорооны дарга Вонгсак Панталован тэргүүтэй төлөөлөгчид УИХ-ын Монгол-Лаосын палраментын бүлгийн дарга Ё.Баатарбилэгийн урилгаар Монгол улсад айлчлав. Айлчлалын хүрээнд Парламентын бүлгийн дарга нар хэлэлцээ хийж, Лаосын төлөөлөгчид УИХ-ын дарга Ш.Занданшатарт бараалхаж, Хөдөө аж ахуйн яаман дээр Монгол, Лаосын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал хийв. Мөн Лаосын Үндэсний Ассамблейн төлөөлөгчид Архангай аймагт зочлов.

Боловсролын хамтын ажиллгааа

[засварлах | кодоор засварлах]

Хоёр улсын Боловсролын яам хооронд байгуулсан оюутан солилцооны баримт бичгийн дагуу жилд 8 оюутан харилцан солилцож суралцаж байдаг байна. 2019 оны байдлаар Монгол улсын их дээд сургуулиудад 48 лаос оюутан, Лаост Монголын 19 оюутан суралцаж байна. 1978 оноос хойш өнөөг хүртэл Монгол Улсын их дээд сургуульд 120 орчим лаос иргэн хүний эмч, малын эмч, хөдөө аж ахуйн мэргэжилтэн, монгол хэл зэрэг мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн байна.

Монгол, Лаосын харилцааны нэгэн жаран, 2023 оны ном

1980-аад онд БНМАУ-ын Засгийн газар БНАЛАУ-ын Засгийн газарт тусламж үзүүлж Сиенгхуанг мужийн төвд 60 ортой эмнэлэг болон хонь ямааны станц зэргийг барьж өгсөн.

2003 онд Лаосын Үндэсний Ассамблейгаас Монгол Улсын Их Хуралд улаан модон тавилга бэлгэлэсэн нь өнөөдөр УИХ-ын танхимд байна. 2024 оны хавар мөн УИХ-ын танхим шинэчилэхэд мөн Лаосын тал нэмж улаан мод бэлэглэж манай тал тохижуулжээ.

2013 онд Монгол Улсын Засгийн газраас хүмүүнлэгийн тусламжаар Лаосын Засгийн газарт бэлгэлсэн 1050 толгой хонин сүргийг Улаанбаатар хотоос тээврийн онгоцоор 2018 оны 11 дүгээр сард Вьентьян хүргэж өгөх ажлыг БНАЛАУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөх А.Батсайхан гардан зохион байгуулжээ. Уг хонин сүргийг Элчин сайд Л.Галбадрах Вьентьяны нисэх онгоцны буудалд 2018 оны 11-р сарын 23-нд албан ёсоор хүлээлгэн өгсөн байна.

Монгол Улсаас БНАЛАУ-д сууж байсан элчин сайд нар

[засварлах | кодоор засварлах]
  1. Дэндэвийн Цэрэндорж -1963 оны 05 дугаар сарын 14-нд ИЖБ барьсан -1968 /Ханой хотоос хавсарч байсан/
  2. Дамдиннэрэнгийн Батаа -1969-1972 /Ханой хотоос хавсарч байсан/
  3. Очирын Цэнд -1972-1976 /Ханой хотоос хавсарч байсан/
  4. Пунцагийн Цэрэнцоодол -1976 оны 11-р сарын 27-нд Итгэмжлэх Жуух бичгээ барьсан.-1978 /Лаост дахь анхны суурин Элчин сайд/
  5. Жамбын Нямаа -1978-1982
  6. Орсоогийн Нямаа -1982-1984
  7. Ядмаагийн Дашням -1984-1988
  8. Юмбуугийн Сандаг -1988-1991
  9. Тойтогийн Төмөрхүлэг -1991-1996
  10. Лувсандоржийн Баярт -1996- 2000
  11. Нямсүрэнгийн Алиасүрэн -2001-2005
  12. Р.Янжмаа-2005-2006 /Түр хамаарагч/
  13. Тогтохбаярын Батбаатар -2006-2011
  14. Түвдэндоржийн Жанабазар -2012-2015
  15. Лодойдамбын Галбадрах -2015-2021
  16. Жамсрангийн Бямбасүрэн -2021 оны 12-р сараас