Намжилын Норовбанзад

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Намжилын Норовбанзад
Төрсөн он 1931 он
Төрсөн газар Монгол улсын Дундговь
аймгийн Дэрэн сум
Нас барсан нь 2002 оны 12 сарын 21 (71 наслав)
Яс үндэс Монгол үндэстэн
Улсын иргэн Flag of Mongolia.svg Монгол (БНМАУ → МУ)
Ажил үйл дуучин
Дуулдаг хэл монгол хэл
Урсгал уртын дуу
Танил үе 1950-аад он — 2002 он

Намжилын Норовбанзад (1931 - 2002 оны 12 сарын 21) нь Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин цолтой уртын дуучин юм.

Тэрээр 1957 онд Дэлхийн Оюутан Залуучуудын Их Наадмаас алтан медаль хүртэж байсан. 1993 онд Фүкүокагийн Азийн Соёлын Шагналыг хүртсэн.

Монгол уртын дууг дэлхий дахинд таниулсан түүний гавъяаг үнэлж 1999 онд Монгол улсын хөдөлмөрийн баатар цолоор шагнажээ.

Гэр бүл[засварлах]

Н.Норовбанзадын нөхөр нь зохиолч Н.Банзрагч. Тэд гурван охинтой бөгөөд бага охин Б.Дэлгэрмаа нь Улсын Их Хурлын гишүүн асан, улс төрч юм.

Бага нас[засварлах]

Норовбанзад нь 1931 оны 12 сарын 10-нд Түшээт хан аймгийн Боржигин сэцэн вангийн хошуунд (одоогын Дундговь аймаг) Сүүдэртийн улаан овоонд төржээ.

Норовбанзад хэмээх нэрийг нь лам хүн хайрлажээ. Түүний аав Дамдин гэцэл, ээж Намжил бөгөөд өргөмөл нэг эгч, 2 эрэгтэй, 1 эмэгтэй дүүтэй. Түүнийг бага насанд нь бундан цагаан хэмээн өхөөрдөн нэрлэгдэг байжээ. Багад эцэг Дамдин түүнийг моринд сундлаад айлын найр хуримд очдог байжээ. Эх Намжил нь дуу хуур, наадамд дуртай, лимбэ хөгжим үлээдэг, уран цэцэн үгтэй, үлгэр домог ярьдаг хүн байсан.

1938 оны шороон бар жил Норовбанзадыг 7 настай байхад нь түүнийг эх барьж авсан ээжийн хүү Тавхай нийслэл хотоос дуулдаг хайрцаг авчирчээ. Норовбанзадын анхны хагас дутуу дуулж сурсан дуу нь “Сэрүүн сайхан хангай” байжээ.

Тэрээр 1940 оны төмөр луу жилийн намар 9 настайдаа Дэлгэрцогт сумын бага сургуульд орсон бөгөөд тухайн үед алдарт дуучин Төмөр тус сургуульд багшилдаг байжээ. Сургуульдаа дуу дуулдгаараа алдаршиж “Дуучин шар” хэмээх хочтой болжээ.

Түүнийг 3-р ангид орох жил буюу 1942 онд эцэг Дамдин нь нас барж, тэрээр сургуулиа орхин малчин охины амьдралаар амьдарч эхэлсэн байна.

1944 оны хөх мичин жилийн зун ган болж, намар нь түүний гэр бүл Баянжаргалан сум руу шилжин нүүж, тэр жилийн өвлийн зуданд малаа алдаж ихээхэн зутарчээ.

Дэлхийн II дайн дууссан 1946 оны гал нохой жил Ардын хувьсгалын 25 жилийн ойн баярт сум даяараа оролцох болсон байна. Сумын улаан буланд сайн дурын уран сайханч болсон ба Нийслэл хотод ирж “Идэр Жинчин” дуугаа дуулаад 2 хоноод нутаг буцсан байна.

Залуу нас[засварлах]

1949 оны шороон үхэр жилийн хавар 18 настайдаа дүү Мангалаа эргэхээр сумын бага сургуульд очиход нь танихгүй залуу багын найзых нь захиаг хүргэж өгчээ.

Энэ талаар тэрээр “Хоёр гурав хоногийн дараа танихгүй залуугийн захиаг захирал авчирч өглөө. Үдэш нь сургуулийн хүүхдийн тоглолт болж тэр залуу миний хажууд суужээ” хэмээсэн байна.

Тэр залууг Банзрагч гэдэг байсан ба тэр жилийн намар хосууд ханилан суухаар болж Мандалговь хотод очжээ.

Тэндээ Норовбанзад аймгийн клубын жүжигчин болов. Түүний хэлснээр “Намрын салхи сэвэлзсэн нэгэн орой олны өмнө дуулах боллоо”. Өвөл нь Ойдовын “Далан худалч” жүжгийн Алимаад тогложээ.

1950 оны бар жилийн намар 19 настайдаа анхны охиноо төрүүлэв. “Өөдсөн чинээ охиноо өхөөрдөн гэртээ нэг жил байлаа” хэмээсэн байна.

Түүний дараа “1951 оны зун айхтар ган боллоо. Ширхэг ч бороо дуссангүй. Хэдэн сар нойр хоолгүй явсан нүсэр ажил дуусч нөхөр маань эргэн ирлээ” хэмээсэн байна.

Ажил амьдрал[засварлах]

1952 оны намар 21 настайдаа аймгийн шүүхэд бичээчээр ажилд оржээ. Тэндээ жил шахам ажиллаж байтал 1953 оны усан могой жил 6 сартай хүү нь эндэж уй гуниг болжээ.

1954 онд Үйлдвэрчний зөвлөлд бичээч, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд оржээ. Соёлын яамнаас зарласан уралдаанд нөхөр Банзрагч нь II байр эзэлж 6000 төгрөгийн шагнал авах боллоо. Нэг сарын дараагаар 6 төгрөгтэй ирэв.

1955 онд түүний нөхөр Банзрагч нь “Ээмэг” жүжгээ бичээд 2000 төгрөгөөр шагнуулав. Банзрагч “Аймгийн гүйцэтгэх захиргаа”-ны Соёлын хэлтсын орлогч даргаар томилогдов. Энэ үеэс тэдний амьдрал жигдэрч эхэлсэн ба өвөл нь хоёр дахь охин Дэдэрмаа нь төрөв.

Сэрүүн сайхан хангай, Дэлхийн Залуучууд Оюутны Их Наадам[засварлах]

1956 оны гал бичин жил Ардын хувьсгалын 35 жилийн ойн баярт урлагийн үзлэгт оролцож шалгаран Улаанбаатар хот орхоор явахдаа 5 сартай охиноо авч явжээ.

1957 оны гал тахиа жилийн зун тухайн үеийн ЗХУ-ын нийслэл Москва хотноо болох Дэлхийн Залуучууд Оюутны VI-р Их Наадам болох дөхөж байх үед Норовбанзад болоод Ган хоолой хэмээн алдаршсан бөхийн засуулч Мягмарын хамт шалгаран нийслэл хотыг зорьжээ.

Тэрээр Дундговь аймгийн харьяат алдарт дуучин Дорждагватай уулзаж “Сэрүүн сайхан хангай” дуугаа дуулж үзүүлснээр Их Наадамд явхаар шалгарчээ.

Ингээд төрийн шагналт, МУГЖ Цогзолмаа багшийн хамтаар 6 сар бэлтгэл хийгээд 7-р сард Москва хотыг зорьжээ. Тус наадмаас тэргүүн байр эзэлж, алтан медаль авчээ.

Норовбанзад хэлэхдээ: “Сэрүүн сайхан хангай бол миний зүрхний дуулал, миний сүлд дуу юм” гэжээ.

1959 онд 2 жил шахам дагалдан жүжигчний ажил хийсний эцэст мэргэжлийн шалгалтад орж жинхэнэ жүжигчний үнэмлэх авчээ. Шороон гахай жилийн намар 3 дахь охин Дэлгэрмаа нь төрөв. Охиноо төрснөөс 45 хоногийн дараа ажилдаа эргэн оржээ.

1960 оны хавар охиноо 6 сартай байхад нь Дани улсын нийслэлд олон улсын уулзалтад оролцохоор явжээ.

Уяхан замбуутивийн наран[засварлах]

1961 оны төмөр үхэр жил Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярт Уяхан замбуутивийн наран дуугаа дуулсан нь өндөр үнэлгээ авчээ.

1963 оны усан туулай жил 32 настайдаа Ардын Их Хурлын сонгуулиар депутатаар сонгогдож 3 жил ажилласан байна.

1966 онд Улаанбаатар хотын депутатаар сонгогдов.

1967 оны 7 сарын 12-нд Улсын Гавъяат Дуучин болсон байна.