Нарнаа зүдрэгсэд (кино)

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Нарнаа зүдрэгсэд
Найруулагч: Никита Михалков
Продюсер: Никита Михалков
Мишель Сейду
Зохиол: Никита Михалков
Рустам Ибрагимбеков
Дүрүүдэд: Никита Михалков
Олег Меньшиков
Ингеборга Дапкунайте
Хөгжмийн
зохиолч:
Эдуард Артемьев
Дмитрий Атовмян
Зураглаач: Вилен Калюта
Студи: ТРИТЭ
Camera One
Компани Sony Pictures Classics
Нээлт: 1994
Хугацаа: 148 минут
Улс: Орос
Франц
Хэл: Орос
Франц
Төсөв: $2,8 сая
Орлого: $2,4 сая
Дараагийн анги: Утомлённые солнцем 2: Предстояние
Утомлённые солнцем 2: Цитадель

Нарнаа зүдрэгсэд (орос. Утомлённые солнцем) — Оросын найруулагч, жүжигчин Никита Михалковын 1994 онд бүтээсэн кино. 1930-аад оны сүүлээр болсон Сталины их хядлагад Улаан Армийн генерал хэрхэн өртөж талаар энэхүү кинонд өгүүлжээ. Генерал гэр бүлтэйгээ зуслан дээрээ амралтын өдрөө өнгөрөөж байгаа нэг өдөрт киноны үйл явдал өрнөдөг.

Энэхүү кино 1994 онд хэд хэдэн томоохон шагнал авсны дотор Каннын Кино Наадмын “Гран При”, Америкийн Кино Академийн “Шилдэг гадаад кино” шагналуудыг хүртжээ.

Үйл явдал[засварлах]

1936 оны зун ЗХУ. Армийн захирагч Сергей Петрович Котов эхнэр Маруся, охин Надя хоёртойгоо ууранд сууж байтал нутгийн тариачин ирж Зөвлөлтийн армийн танкууд тэдний газар нутгийг сүйдлэж байгааг ирж хэлнэ. Ганц амралтын өдөр нь саад болсон ч гэлээ Котов морь унан очиж цэргүүдийг буцахыг тушаадаг. Офицер түүний үгийг эсэргүүцэж уурлах үед Котов өөр нэг офицерийн малгайг өмсөж, Оросын иргэний дайны баатар, ахмад большевик болохоо таниулдаг. Котов радио хүлээн авагчаар Маршал Михаил Тухачевскийтэй ярихдаа түүнийг Миша хэмээн дотночлон дуудаж, танктай цэргүүдийг нь буцаана.

Үүнийг нь харсан эхнэр нь Котовыг тоглоом шоглоомоор “бүдүүлэг” гэж хэлэхэд охин нь харин санал нийлэхгүй буйгаа хэлж тэр гурав зуслангийнхаа байшин руу явцгаадаг. Тэнд Марусягийн хамаатнууд мөн амарч байдаг. Гэнэт тэдэн дээр гэр бүлийнх нь эртний танил Митя ирж гэнэтийн бэлэг барина. Митя, Маруся хоёр бие биедээ хайртай байсан боловч 1923 онд Митя гэнэт алга болсноос болж хайр дурлал нь бүтэлгүйтэж, Маруся судсаа ханаж амиа хорлохоор оролдож байсан удаатай. Надяд өөрийгөө “Митя ах” гэж дотно танилцуулсан түүнийг хэл сураггүй байгаад гэнэт ирсэн учрыг Котовоос өөр хүн гадарлахгүй байлаа.

Митя өөрийгөө хөгжимчин гэсэн ч үнэндээ НКВД-ийн нууц цагдаа бөгөөд Котовыг баривчлахаар ирсэн байв. НКВД-ийн өмнөх байгууллага ЧК-ийн үед Митяг хүчээр цэрэгт татуулсан хүн Котов байсан тул түүнд өширхдөг. Цэрэгт татагдсанаас болж хайртай бүсгүйгээ, төгөлдөр хуурчийн мэргэжлээ, эх орноо гэсэн хайр итгэлээ Митя алдсан. Тийм ч учраас өөр дээр нь ирсэн гэдгийг Котов мэдэж байгаа. Митя Цагаан Армийн найман генералыг Парисаас баривчилж, НКВД-д тушаасныг шүүхээр оруулалгүйгээр буудаж алсан тухай нь Котов мэдэх бөгөөд түүнийг “янхан” гэдэг.

Хувийн өш хонзондоо хөтлөгдөн баривчлахаар ирсэн гэдэгт итгэсэн Котов өөрийгөө Сталины ойрын үнэнч хүн гэдгээр айлган далайлгахыг оролддог. Сталиныг алах хуйвалдаанд оролцсон, тагнуул хийсэн, тэрсэлсэн хэргээр түүнийг баривчлах учир Любянка шоронд очсон хойноо энэ үгсээ давтаарай гэж Митя түүнд хэлдэг. Тэднийг ийнхүү маргалдах үед Надя ирсэн тул тэд найз нөхөд юм шиг худлаа жүжиглэдэг. Котовыг авч явахаар НКВД-ийн туршуулууд суусан хар машин тэдний гадаа ирнэ. Тэднийг ирэх үеэр залуу пионерууд Котовыг Иргэний болон Хувьсгалын дайны баатар хэмээн өргөмжилдөг. Котов пионеруудыг Иосиф Сталин болон ЗХУКН-д үнэнч байх тангараг өргүүлэхийг Митя харж зогсов. Машин ирсний дараа Котовыг суулгаад аваад явна.

Тэдний машинд Надя түр сууж үзэхийг хүсэх тул тэд аваад явдаг. Зуслангаас холгүйхэн газар Надя аавыгаа хурдан ирээрэй гэсээр үнсээд буудаг. Сталины ойрын хүн учир түүн рүү утсаар шууд залгаад өөрийг нь баривчилсан хүмүүсийг баривчлуулж чадна хэмээн Котов замдаа хэлдэг ч түүнийг тоодоггүй. Тэдний замд төөрсөн жолооч таарч зам асуух зуур Котов зугтахаар оролдон эсэргүүцэл үзүүлдэг ч НКВД-ийн туршуулууд түүнийг нүүр нүдгүй зодож гарыг нь толгойных нь ард гавладаг. Үүнийг харсан жолооч айн хэнд ч юу ч хэлэхгүй хэмээн тангараглаж явахыг хүсдэг ч түүнийг буудаж алдаг. Энэ үеэр Сталины зургийг тэнгэрт хөөргөсөн нь гарч ирэх бөгөөд Митя түүнийг хараад ёслодог.

Тэдний харгислалыг харсан Котов өөрийг нь баривчлах тушаалыг чухамдаа хэн өгсөн болохыг төвөггүйхэн ойлгож уйлдаг. Машин дотор Митя хөдлөхгүй, дуугарахгүй бодолд автан явна.

Митя Москвад ирснийхээ дараа гэрийнхээ угаалгын өрөөнд ванн дотроо судсаа ханаж амиа хорлодог.

Киноны төгсгөлд: Цэргийн захирагч Сергей Петрович Котов “бүх хэргээ хүлээсэн” тул 1936 оны 8-р сард буудуулж үхсэн. Маруся охиныхоо хамт баривчлагдаж, 1940 онд хорих лагерт нас барсан бол Надя Хрущевийн үед цагаадан суллагдаж, Казакстанд багшлах болжээ гэсэн бичиг гардаг. Найруулагч “Энэхүү киног Хувьсгалын нарнаа зүдэрсэн хүмүүст зориулав” гэсэн бичгээр төгсгөдөг.

Дүрүүдэд[засварлах]

  • Олег Меньшиков – Дмитрий буюу Митяд
  • Никита Михалков – Сергей Петрович Котовт
  • Ингеборга Дапкунайте – Марусяд
  • Надежда Михалкова – Надяд
  • Вячеслав Тихонов – Всеволодод
  • Светлана Крючкова – Моховад
  • Владимир Илин – Кирикт
  • Алла Казанскаяа – Лидя Степановад
  • Нина Архипова – Елена Михайловнад
  • Авангард Леонтев – жолоочид
  • Инна Улянова – Ольга Николаевнад
  • Любовь Руднева – Любад
  • Владимир Рябов – НКВД-ийн офицерт
  • Владимир Белусов – НКВД-ийн туршуулд

Нэр[засварлах]

Киноны нэрийг 1930-аад онд ихэд түгсэн дуунаас сэдэвлэн өгчээ. Польшоор “Сүүлчийн Ням гараг” хэмээх энэхүү ая ЗХУ-д алдаршиж, оросоор шүлэг бичиж “Утомлённые солнцем” хэмээн нэрлэжээ. Өөрийнх нь ах Андрей Кончаловский 1979 онд бүтээсэн “Сибириада” кинондоо энэ дууг ашигласан байдгийг Никита Михалков бүр сүүлд 2007 онд мэджээ. Энэ тухайгаа тэрээр ахаасаа мөнгө хулгайсан юм шиг санагдаж байсан гэж хэлжээ. Киноны нэр мөн киноны хэд хэдэн хэсэгт гардаг галт бөмбөлгийг дүрсэлдэг. Төгсгөлд нь найруулагч киногоо “Хувьсгалын наранд зүдэрсэн хүмүүст зориулав” гэсэн байдаг билээ.

Түүхийн нөлөө[засварлах]

Митягийн дүрийг Цагаан Армийн генерал байсан Николай Скоблинаас сэдэвлэн бүтээжээ. Скоблин 1930-аад оны үед Францад зугтан гарсан Цагаантны офицеруудыг баривчилдаг байв. 1937 оны 9-р сарын 22-нд Скоблин эхнэрийнхээ хамт Оросын Бүх Цэргийн Зөвлөлийн генерал Евгений Миллерийг НКВД-д баривчилж өгсөн бөгөөд Миллерийг хар тамхиар мансууруулж, хулгайлан, Ле Хаврэ боомтоос Зөвлөлтийн хөлөг онгоцонд суулган явуулжээ. Генерал Миллерийг ЗХУ-д очсны дараа эрүүдэн шүүж, цаазласан юм. Скоблин өөрөө Испани руу зугтжээ. НКВД-ийн туршуулууд түүнийг Испани, Франц, Зөвлөлтийн хөлөг онгоцонд ална гэдгийг тэр мэддэг байв. Түүнийг эхнэр Надежда Плевитскаяагийн хамт баривчилсан бөгөөд шоронд үхжээ.

Үргэлжлэл[засварлах]

Никита Михайлков киноныхоо үргэлжлэл “Утомлённые солнцем 2: Предстояние” 2010 онд, “Утомлённые солнцем 2: Цитадель” 2011 онд бүтээж дэлгэцнээ гаргасан. Эдгээр нь оросын кино урлагийн түүхэнд хамгийн өндөр буюу 55 сая ам.долларын өртгөөр бүтжээ.

Театрийн тайзнаа[засварлах]

Жүжгийн зохиолч Питер Фланнери киноноос сэдэвлэн ижил нэртэй жүжгийн зохиол бичсэн нь 2009 оны 3-р сард Лондонгийн Нэйшнл Театрт тавигджээ. Жүжгийн гол дүр генерал Котовт Ирландийн жүжигчин Сиаран Хиндс, Митяд Рори Кинниар, Марусяд Мишел Докэри нар тоглосон.