Онгонит

Онгонит энэ нь Монгол улсаас анх удаа олдсон нэг төрлийн чулуулаг юм. Өнгө нь цайвар, болрын толботой цул нягт бүтэцтэй, найрлагад нь натри, калийн аргай, болор голлохоос гадна молор, гялтгануур оролцдог. Мөн маш бага хэмжээгээр анар, хайлуур жонш, ильменит зэрэг эрдсийн хольцтой байдаг. Энэ чулуулгийг Төв аймгийн нутагт геохимийн судалгаа хийж байхдаа 1968 онд анх олж, олдсон газрын нэрээр нэрлэжээ. Хайлмаг магм газрын гадарга өөд хөөрч, бэсрэг гүний нөхцөлд фтор, усаар баяжин, 550-600°C-т түргэн царцаж онгонитыг үүсгэдэг болохыг эрдэмтэд лабораторийн туршилт шинжилгээгээр тогтоожээ.

Онгонитын магм газрын гүнд үнэхээр байж болох тухай шинжилгээний материал нь хайлмаг магм гүний нөхцөлд үүсэж бий болох, физик, химийн нарийн горимын дагуу царцан магмын чулуулаг үүсгэх тухай онолд шинэ хувь нэмэр оруулсан чухал нээлт болсон юм. Онгонит шиг ийм бага хэмд хайлдаг магмын чулуулаг урьд өмнө мэдэгдээгүй билээ.[1]


Онгонит нь субвулкан гаралтай чулуулаг юм. Геологийн макро бичиглэл хийвэл: өнгө: цагаан цайвар структур: дунд мөхлөгт текстур: цул, нягт нэр: Онгонит Фенокрист мусковит-3%, кварц-4%, плагиоклаз-5%, үндсэн хэсэг-88%

Ашигласан материал[засварлах | кодоор засварлах]

  1. [Хүүхэд - Залуучуудын нэвтэрхий толь 2 - 1986 - хуудас 322-323]