Онигоо (сэтгүүл зүй)

Онигоо бол (Анекдот. Joke. Аnecdote). Эртний грекийн anekdotos – “хэвлэгдээгүй” гэсэн утгатай үгнээс гарсан нэр томьёо мөн.

Тогтмол хэвлэлийн туслах бичлэгийн төрлийн зүйл бөгөөд бичгийн ба аман хэлбэрээр өргөн дэлгэрсэн шог яриа юм. Шог яриаг нийгмийн бүх давхаргад үйлчилдэг шинжийг харгалзан ахуйн, нийгмийн, улс төрийн, янаг амрагийн, бадарчны, хүүхдийн гэх мэт олон төрөл зүйлд хуваадаг бол зорилго, утга санааг харгалзан шүүмжлэлт, хошин ёгт гэж ангилдаг.

Монгол ардын аман зохиолд хошин шог яриа элбэг бөгөөд энэ нь “өгүүлэмж хураангуй нягт, цөөн дүртэй, эхлэл төгсгөл гэсэн тусгай хэсэггүй, нэгэн тохиолдлыг наргиантай өгүүлдэг” (14.101) онцлогтой юм. Энэ бол хурц, хошин шог санааг агуулсан санамсаргүй, гэнэтийн шийдэлттэй, содон өвөрмөц төгсгөл бүхий шог зохиолын хамгийн бага хэлбэр мөн.

Өдгөө хүмүүсийн хоорондох, ялангуяа ойр дотно хүмүүсийн хоорондох харилцааг онигоо буюу хошин шог яриагүйгээр төсөөлөх боломжгүй юм. Чөлөөт сэтгүүл зүйн эх суурь тавигдсанаар онигоо тогтмол хэвлэлийн хуудсанаа өөрийн гэсэн байр суурийг баттай эзэлж, радио, телевизийн нэвтрүүлгийн чухал хэсэг болон хувирчээ. Сонин хэвлэлд онигоонд зориулсан тусгай булан, боолт, хавсралт, дагуул дугаар мөн дан онигоогоос бүрдсэн бие даасан сонин хүртэл гардаг болов. Зарим хошин шог нэвтрүүлгийн үндэс суурийг онигоо бүрдүүлж, “Халуун чинжүү” (UBS TV), “Телекафе” (МҮТВ) зэрэг бие даасан нэвтрүүлэг ч гарч байна.

Нийтлэх хэлбэр[засварлах | кодоор засварлах]

Сонин хэвлэлд онигоог нийтлэх гурван гол арга хэлбэр байна.

  1. Сэтгүүлч уран бүтээлчдийн өөрсдийн зохиосон онигоо,
  2. Онигооны түүвэр, эмхэтгэлээс авч нийтэлсэн
  3. Редакцийн газарт уншигчдын ирүүлсэн онигоо

Сонин хэвлэлийн онигоо нь ямар нэгэн онигоог үндэслэн уран сайхны аргаар бичиж боловсруулсан хошин шог бүтээл юм.

Гурав дахь хэлбэр нь ихэнх тохиолдолд зохиогчийн бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болдог ч онигоогийн үндсэн шинж тэмдгийг хадгалан үлддэг учраас судлаачид сэтгүүл зүйн бичлэгийн тодорхой нэг төрөл зүйл гэж үзээд “онигоо” хэмээх ерөнхий нэрээр нэрлэдэг байна. Орчин үед ийм онигоогийн утга санааг тогтмол хэвлэлийн нийтлэл, радио, теленэвтрүүлэгт төдийгүй реклам сурталчилгааны болон PR-ын бүтээлүүдэд ч өргөн ашиглаж байгаа нь ажиглагддаг.

Үүрэг[засварлах | кодоор засварлах]

Онигоо сэтгүүл зүйд зугаацуулах болон олон түмэнд инээдэм, хошин шогийн оршиж буй хэм хэмжээний талаар мэдээлэх, хүмүүсийн хошигнох, алиалах мэдрэмжийг дээшлүүлэх зорилгыг биелүүлдэг.

ОНМХ-д нийтлэх, нэвтрүүлэх онигоонд сэтгүүл зүйн үүрэг зорилго, баримталдаг зарчмуудаас шалтгаалан зохиогчийн зүгээс тавигдах өөрийн хяналт зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ бол хүмүүсийн өдөр тутмын харилцаа, явцуу хүрээнд зориулагдсан бүдүүлэг, заваан үг хэллэг, утга санаа агуулсан олиггүй онигоог нийтлэхгүй байх явдал юм. Үүнээс гадна онигоо хүлээн авагчдын ихэнх хэсгийн хувьд харьцангуй шинэ, өвөрмөц, шинэлэг санаа илэрхийлсэн байх ёстой.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Хошин шог

Элэглэл

Шог яриа

Стэнд-ап комеди

Онигоо