Jump to content

Сапармурат Ниязов

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сапармурат Ниязов, 1998 онд

Сапармурат Атаевич Ниязов (туркм. Saparmyrat Ataýewiç Nyýazow; орос. Сапармура́т Ата́евич Ния́зов, 1940 оны 2-р сарын 19 - 2006 оны 12-р сарын 21) нь Туркменистаны улс төрч. Туркменистан улсын анхны ерөнхийлөгч, Туркменистаны ардчилсан нам (DPT)-ын дарга. 1993 оноос "Туркменчуудын эцэг" гэсэн утга бүхий "Туркменбаши" (Türkmenbaşy)" хэмээх нэр зүүж Сапармурат Туркменбаши (Saparmyrat Türkmenbaşy) хэмээн нэрлэгдэж байв. Түүний залгамжлагч Гурбангулы Бердымухамедовын удирдах арга барил мөн түүнтэй адилхан байв.

Өсвөр залуу нас

[засварлах | кодоор засварлах]

Ашхабад мужийн Кипчак тосгонд төрсөн Ниязов бага насандаа өнчирчээ. Эцэг Атамурат Ниязов (1912—1942) нь дэлхийн 2-р дайнд оролцож, 1942 онд дайны талбарт нас нөгчиж, эх Гурбансолтан-эже болон хоёр ах нь Ашхабадад 1948 онд болсон газар хөдлөлтийн үеэр амь үрэгджээ. Ийнхүү тэрээр бүтэн өнчирч хүүхэд асрах газарт өсч торнин, хожим холын хамаатныхаа гэрт амьдрах болжээ. Сурлага сайтай байсан тэрээр 1959 онд Геологи хайгуулын ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн Туркмен дахь салбарын зааварлагчаар ажлын гараагаа эхэлжээ. 1962 онд Коммунист намд гишүүнээр элссэн. Ленинградын аж үйлдвэрийн дээд сургуульд элсэн орж, 1967 онд цахилгааны инженер мэргэжлээр төгсөөд усан цахилгаан станцад ажиллаж байв.

1970 оноос 1980 он хүртэл Туркменистаны Коммунист Намын төв хорооны гишүүн, 1976 онд Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын төв хорооны дэргэдэх Намын дээд сургуулийг төгссөн. 1980 онд Ашхабад хотын намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга болсон. 1984 оноос 1985 он хүртэл ЗХУ-ын Коммунист Намын Төв хорооны Намын байгууллага хариуцсан зааварлагчаар ажиллаж байв.

1985 онд Туркмены Коммунист Намын Нэгдүгээр нарийн бичгийн дарга болсноос хойш Туркмены улс төрийн хамгийн гол хүн нь болсон. 1989 оноос 1991 онд ЗХУ-ын Ардын төлөөлөгчдийн хурлын депутат байв. 1990 оны 1-р сарын 13-нд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Туркмен Улсын их хурлын дарга болж, түүний удирдлаган дахь парламент тусгаар тогтнох тухай асуудлыг батлан, мөн оны 10-р сарын 17-нд ард түмний санал хураалтаар ЗСБН Туркмен Улсын ерөнхийлөгчөөр сонгогдов. 1990 оны 7-р сарын 14-наас 1991 онд Сапармурат Ниязов ЗХУ-ын Коммунист Намын Төв хорооны Товчооны гишүүнээр сонгогдсон байна.

Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа Үндсэн хуулийн дагуу 1992 оны 6-р сарын 21-нд Туркменистан улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон. 1993 онд парламентаас түүнд Туркменбаши (Туркменчуудын эцэг) хэмээх цол олгож, улмаар 1999 оны 12-р сард насан туршийн ерөнхийлөгчөөр зарлагдсан. 2003 оноос төрийн эрх барих дээд байгууллага болох Ардын төлөөлөгчдын хурлын даргаар ажиллаж байв.

Каспийн тэнгисийн эрэг орчмын байгалийн хийг ашиглан олсон орлогоороо улсынхаа эдийн засгийг сайжруулж чадсан. Гадаад харилцаандаа төвийг сахисан улс болохоо зарлаж, харьцангуй хаалттай байсан.

1997 онд Германд зүрхний, 2005 онд нүдний хагалгаа хийлгэх зэргээр эрүүл мэндийн байдал нь сайнгүй байв. Мөн чихрийн шижин өвчтэй байсан гэсэн мэдээ бий.

2005 онд 70 нас хүрсэн тэрээр 2009 онд өөрөө нэр дэвшихгүйгээр ерөнхийлөгчийн сонгууль явуулна хэмээн зарласан (Тус улсын үндсэн хууль ёсоор бол ерөнхийлөгч нь 40-70 настай байх ёстой). Гэвч тэр дор нь ардын төлөөлөгчдийн хурал хуралдаж, "Ард түмэнд хоёр эцэг хэрэгггүй" хэмээн ерөнхийлөгчийн сонгууль явуулахыг болиулсан.

Ийнхүү амьддаа ард түмэндээ бурхан мэт тахигдсан дарангуйлагч С.Ниязов 2006 оны 12-р сарын 21-нд зүрхний дутагдалаар гэнэт нас баржээ.

Эдийн засаг, улс төрийн ухааны доктор, Туркменистаны Шинжлэх ухааны академийн гишүүн. Зөвлөлт Холбоот Улсын найрамдлын одонт. Туркменистан улсын баатар цолыг 5 удаа хүртсэн. Бусад олон одон медалиар шагнагдаж байжээ.

Сапармурат Ниязов 1962-1967 онд М.И.Калинины нэрэмжит Ленинградын Политехникийн дээд сургуульд сурч байхдаа Ленинградын уугуул, ангийн анд Муза Алексеевнатай танилцаж, үерхэж байгаад гэрлэжээ. Тэд 1967 онд гэрлэсэн. Муза Алексеевна Ниязова нөхрөөсөө хоёр насаар эгч бөгөөд Орос-Еврей чинээлэг гэр бүлээс гаралтай. Хосууд хүү Мурад хүү, охин Ирина нартай болжээ. 2000-аад оны эхээр, Сапармурат Ниязовыг нас барахаас нэлээд өмнө эхнэр Муза 90-ээд оноос Лондонд амьдарч байсан охин Ирина руугаа нүүж, Британийн иргэншил авсан. Хүү Мурад гэр бүлийн хамт Вена хотод амьдардаг байна.

Түүний гаргасан хачирхалтай шийдвэрүүд

[засварлах | кодоор засварлах]
  • Улсын нийслэл болон их дээд сургуулиудаас бусад газар дахь номын сангуудыг хаах тушаал гаргасан.
    • "Хөдөөгийнхөн тэртэй тэргүй уншиж чаддаггүй"
  • Балетын тоглолтыг хориглосон.
    • "Хунт нуур" бүжгэн жүжгийн эрэгтэй бүжигчдийн хувцас нь таалагдаагүй аж.
  • Нийслэлээс бусад нутгийн эмнэлгүүдийг хаав.
    • "Сайн эмч нар нийслэлд бий. Өвчтөнүүд нийслэлд хүрч ирэхэд болно"
  • Эмэгтэйчүүдийг алтан шүд хийлгэхийг хориглосон.
    • Эмэгтэйчүүдэд зохидоггүй хэмээн.
  • Засгийн газрын бүх сайд, орон нутгийн удирдлага, армийн офицеруудад шинэ Мерседес-Бенц машин тараасан.
    • Өмнөх жил нь тараасан бенцийг орлогчдоо өгөхөд болно хэмээн лүндэн буулгасан аж.
  • Концерт, телевиз төдийгүй хуримын ёслол зэрэг арга хэмжээнд фонограмм тавьж амаа хөдөлгөхийг хориглосон.
    • Ниязовын "Дуу хөгжмийн хөгжилд сөрөг нөлөөтэй" хэмээх үзлээс болсон.
  • Залуучуудыг сахал тавихыг хориглов.
    • Ерөнхийлөгчид таалагдаагүй.
  • Ниязовын бүтээл "Рухнама" (Ruhnama) хэмээх ном нь 2001 онд хэвлэгдэж ард түмний заавал унших ёстой ном болж Коран судрын адил үнэлэгдэж байгаад дээд сургуульд элсэхэд уг номоор өгдөг байсан шалгалтыг 2013 онд цуцалсан байна.
  • Туркмены нийслэлд 50 метр болгонд Ниязов ерөнхийлөгчийн хөшөө баримал бий.
  • Түүний төрөлх тосгон болон нийслэлийг холбосон 15 км урттай, 6 эгнээ бүхий хурдны зам бий. Гэвч ашиглагддаггүй.
  • Ниязов хиймэл үс зүүдгийг хэвлэлээр мэдээлэх нь хориотой байлаа.
  • Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагын 2006 оны " Дэлхийн мэдээллийн эрх чөлөөний жагсаалт"-д Туркмен улс хэвлэлийн эрх чөлөөг боогдуулдгаараа дэлхийд 2-т бичигджээ.
    • Кабелийн телевизүүдийг хааж, Оросын телевизүүдийг цензурдаж гаргадаг аж.
  • Туркмен улсад тамхи татах нь хориотой.
    • Ерөнхийлөгч маань эрүүл мэндийн байдлаас болж тамхи татах нь хориглогдсон учраас.
  • 8-р сарын 2 дахь Ням гаригийг амтат гуаны өдөр болгосон.
    • Ниязов амтат гуанд тун дуртай аж.
  • Телевизийн нэвтрүүлэгчдийг нүүрээ будахыг хориглосон.
    • Ниязовын "Эрэгтэй эмэгтэй нь ялгагдахгүй юм" хэмээх эгдүүцлээс үүдэлтэй.
  • Ниязовын нэртэй брэнд тус улсад алдартай.
 Commons: Saparmurat Niyazov – Викимедиа зураг, бичлэг, дууны сан