Сванети

Дээд Сванети*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Сванети орчмын Кавказын уулс
Улс Гүрж улсГүрж Гүрж
Төрөл Соёлын
Шалгуур iv, v
Дугаар 709
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 1996  (20-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Сванети (Гүрж хэл:სვანეთი) нь Гүржийн баруун хойд хэсэгт орших эртний түүхт муж юм. Энд Гүржийн Сван ястнууд амьдардаг. Далайн түвшнээс дээш 3000-5000 м өргөгдсөн оргилуудын дунд орших Сванети нь Европын хүн ам оршин суудаг хамгийн өндөр нутаг юм. Энд Абхазын босогчдын үүр уурхай Кодорын хавцал оршдог. Сванети нь гүн хавцлуудаар тусгаарлагдсан өндөр уулсаас тогтдог бөгөөд далайн түвшнээс дээш 1800 метрт дээш ургах шилмүүст болон хольмог ойн сантай. Туулайн бөөр, хус, агч, нарс, царс зонхилон ургана. Хар тэнгисийн чийглэг агаарын нөлөөгөөр зөөлөн, чийлэг уур амьсгалтай болсон байдаг ба жилд дунджаар 1000-3200 мм хур тунадас унадаг. Өвөл нь асар их цас ордог бөгөөд хунгар газраа 5 метр хүрэх нь элбэг. Ерөнхийдөө зун нь дулаахан бөгөөд урт үргэлжилдэг бол өвөл нь хүйтэн, цасархаг байдаг. Хэдийгээр хар тэнгисийн уур амьсгалын нөлөө байгаа ч өндөр уулнаа сэрүүн байх нь элбэг тохиолдоно.


Сванчуудын тухай анх эртний Грекийн түүхч Страбо тэмдэглэсэн байдаг. МЭ 552 оныг хүртэл уг мужид Колчисуудын түшмэг улс болох Лазикын хаант улс оршин тогтнож байв. Удалгүй энд Византийн эзэнт гүрний туслалцаатайгаар Абхазын хаант улс байгуулагдаж, Сванети гүнлэг хэлбэртэй оршин тогтнох болжээ. Үнэн алдартны шашин цэцэглэн хөгжиж байсан Гүржийн хаант улсын оргил үе буюу хатан хаан Тамарын үед Сванети нилээд хүчирхэгжив.

Монголын Эзэнт Гүрний морин цэргийн аялан явах анги Кавказыг цөлмөн хоосолж, нэвт дайран өнгөрөхдөө Сванетид хүрээгүй тул Кавказын дундад эртний барилга байгууламжууд өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн гэдэг. 1460 оны үед Гүржийн хаант улс задрахад Сванети тусгаар тогтнохоор дайтаж эхэлжээ. Үүний үр дүнд дээд Сванети нь тусгаар тогтносон Ванлиг хэлбэрыг олж авсан бол доод Сванети нь хараат улсын хэлбэртэй оршин тогтнох болсон байна.

1833 оны арваннэгдүгээр сарын 26-нд Сванетийн хун тайж Циок Дадешкелиани дотоодын дайн самууныг намжаахын тулд Оросын эзэнт гүрний ивээлд багтахыг зөвшөөрчээ. 1857 оныг хүртэл автономит эрхтэй байв. 1875 онд Оросын эзэнт улсын татварын хэмжээ нэмэгдснийг эсэргүүцэн Сванетид бослого дэгдэв. Жилийн дараа бослогыг цус урсган дарлаа. Бослого дахин гаргуулахгүйн тулд Сванетийг хоёр хувааж, Кутаисийн амбан захирагчийг мэдэлд орших Лентехи ба Местиа гэх хоёр дүүрэг болгожээ.

Зөвлөлт засгийн үед ч энэ байдал хадгалагдсаар байв. 1921 онд Зөвлөлтийн эсрэг бослого уг мужид дэгдэж байжээ. 1987 онд Сванетийн салан тусгаарлагчдын террорист үйл ажиллагааны улмаас 70 хүн нас барсны дийлэнх нь хүүхдүүд байв. ЗХУ задран унахтай зэрэгцэн Гүржид иргэний дайн дэгдэв. Сванети ч уг дайны нэгэн талбар болж байсан юм. Сванетийн хүн ам уугуул нутагтаа бие даан хөгжих боломж багатай, үер болон хөрсны гулгалтад ихээхэн өртөмтгий тул сүүлийн хорин жил эдийн засаг нь уналтанд орсон хүнд байдалтай байсан бөгөөд хүн амын шилжих хөдөлгөөн ихээхэн хүчтэй явагдаж байна. Орон нутгийн оршин суугчид болон жуулчдын аюулгүй байдлыг хангах, хурдацтай өсөн нэмэгдэж байгаа гэмт хэргийг багасгахын тулд Гүржийн тусгай хүчнийхэн 2004 онд тусгай ажиллагаа явуулсан байна.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Svaneti – Викимедиа зураг, бичлэг, дууны сан