Тереза эх

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
{{{2}}}
Нобелийн шагналтан Нобелийн шагнал
Хүртсэн он: 1979
Хүртсэн салбар: Энхтайван
Шалтгаан: Зовж зүдэрсэн хүмүүст тусалж ирсэн гавъяатай

Тереза эх (англ. Mother Teresa), жинхэнэ нэр нь Агнес Гонжа Бояжу (Agnesë Gonxhe Bojaxhiu, 1910 oны 8 capын 26 - 1997 оны 9 сарын 5) нь Католик сүмийн гэлэнмаа, "Бурханы хайрыг тунхаглагч цуглаан"-ыг үүсгэн байгуулагч юм. Ядуу, зовсон хүмүүсийн төлөө хийсэн ажлууд нь өндрөөр үнэлэгдэж, 1973 онд Темплтон шагнал, 1979 онд Нобелийн шагнал, 1980 онд Энэтхэгийн төрийн дээд шагнал гэх мэт олон шагнал хүртсэн.

Калькуттагийн гэлэнмаа[засварлах]

Тереза эх хэмээгдэх Агнес Гонжа Бояжу нь 1910 оны 8 сарын 26-нд одоогийн Македоны нийслэл Скопье хотноо албани айлд мэндэлжээ. Маргааш өдөр нь буюу 27-нд усаар загалмайлах ёслол хүртэв. Түүний эцэг Албанийн тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөнд оролцож байсан ба зуурдаар нас барсан байна (Алуулсан гэх яриа бий). Агнес айлын бага охин бөгөөд 12 настайдаа ирээдүйд гэлэнмаа болоод Энэтхэг явахыг хүсэж байгаа тухайгаа ярьсан байдаг. 18 настайдаа Ирландын Лорето Гэлэнмаагийн сүмд орж, хожим Калькутта (одоогийн Колката) явжээ. Агнес Дублин хотноо ерөнхий боловсрол эзэмшээд 1931 онд Энэтхэгийн Даржаалинд гэлэнмаагаар ирэв. Анх сахил хүртэхдээ сонгосон нэр нь Тереза байлаа. 1929-1947 он хүртэл Тереза Калькуттын Гэгээн Мариагийн сургуульд газарзүйн хичээл заасан ба 1944 онд сургуулийн захирлаар томилогдон ажиллав. Түүний ярьснаар 1946 онд галт тэргэнд явж байхдаа Бурханаас "Хамгийн ядуу хүмүүсийн дунд ажилласугай" хэмээх дуудлага хүлээн авсан гэжээ. Тэр сүмээсээ гадуур ядуу хүмүүст туслах сайн дурын ажил хийх зөвшөөрөл хүссэн ч Ватиканы сүмийн удирдлага тэр дор нь хариу өгсөнгүй. 1948 онд арай гэж 12-р Пиус хамба сүмээс гадуурх сайн санааны үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрчээ. Ийнхүү Тереза Калькуттагийн ядуусын хороололд орж ажлаа эхэлсэн болно. Тэрээр энэтхэг эмэгтэйчүүдийн үндэсний хувцас болох "сали"-с хамгийн эгэл дарууг өмсөж, орон гэргүй тэнэмэл хүүхдүүдийг цуглуулаад үнэгүй хичээл заах болов. Яваандаа Гэгээн Мариагийн сургуулийн Терезагийн шавь нар ирж туслах болсон ба сүм, орон нутгийн удирдах газраас хандив тэтгэмж ирэх болжээ.

Бурханы хайрыг тунхаглагч цуглаан[засварлах]

Тереза 1950 онд энэхүү цуглааныг үүсгэн байгуулах зөвшөөрөл авав. Терезагийн хэлснээр "Бурханы хайрыг тунхаглагч цуглаан"-ы гол зорилго нь "Өлсөж цангасан, өмсөх хувцасгүй, орон гэргүй, хөгжлийн бэрхшээлтэй, өвчтэй, хэнд ч тоогдохгүй орхигдсон болон хэнд ч хайрлуулж халамжлагдаагүй хүмүүсийн төлөө ажиллах" явдал байв. Тереза уг цуглааны удирдагчийн хувьд "Тереза эх" хэмээн дуудагдах болжээ.

Энэтхэгийн засгийн газраас тэдний үйл ажиллагааг дэмжиж эмнэлгийн байр өгсөн ба Тереза эх "Сүүлчийн замаа үдэх гэр" хэмээх асрамжийн газар байгуулав. Тэднийг анх ажлаа эхлэхэд нутгийн хүмүүс Христийн шашинд итгүүлэх гэж байна хэмээн хардаж байлаа. Гэсэн ч гэлэнмаа нар асарч буй хүнийхээ сүсэг бишрэлийг хүндэтгэн харьцаж, нас барахад нь мөн тэр шашных нь заншлаар оршуулах ёслол зэргийг үйлдэж байсан бөгөөд ийм хандлага нь яваандаа тэдэнд хүмүүсийн итгэл хүндлэлийг авчирсан билээ. Тереза эхийн энэ үйл ажил дэлхийн олон мянган хүний анхаарлыг татах болж улам ихээр хандив тусламж ирэх болов. 1960 он гэхэд цуглааны үйл ажиллагаа бүх Энэтхэг улсаар тархсан байлаа. 1965 онд 6-р Паоло пап ламын зөвшөөрлөөр Энэтхэг улсаас гадна үйл ажиллагаа явуулах болсон бөгөөд хамгийн түрүүнд очсон улс нь Өмнөд Америкийн Венесуэл байв.