Хиймэл дагуул

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Дэлхийг дундаж тойрог замаар тойрдог GPS хиймэл дагуулуудын тойрог замыг харуулсан хөдөлгөөнт зураг.
ERS 2 дэлхийн ажиглалтын хиймэл дагуулын ижил хэмжээтэй загвар

Хиймэл дагуул гэдэг нь хүн бүтээж, тойрог замд байрлуулсан зүйлийг хэлнэ. Сар зэрэг байгалийн дагуулаас ялгахын тулд "хиймэл" гэх нэрийг хэрэглэдэг.

Хүн төрөлхтний бүтээсэн анхны хиймэл дагуул болох Спутник-1-г Зөвлөлт Холбоот Улс бүтээж, 1957 онд хөөргөжээ. Түүнээс хойш хэдэн мянган хиймэл дагуул хөөрч, дэлхийн тойрог замд байрлаж байна; сансрын станц зэрэг томоохон байгууламжуудыг хэсэг хэсгээр нь хөөргөж, сансарт угсардаг. Өнөөдөр 10 улсын сансрын буудлаас хөөрсөн, 50 гаруй улсын хиймэл дагуулууд ашиглагдаж байна. Гэхдээ ашиглагдаж байгаа хиймэл дагуулуудын тоо хэдэн зуу боловч ашиглалтаас гарсан хэдэн мянган хиймэл дагуул, хиймэл дагуулын хэлтэрхий дэлхийн тойрог замд сансрын хаягдал болон эргэлдсээр байна. Цөөн тооны сансрын судалгааны хөлөг дэлхийгээс бусад Сар, Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир, Нарны тойрог замд байрлан, хиймэл дагуул болон ашиглагдаж буй.

Хиймэл дагуул нь олон янзын зорилгоор ашиглагддаг. Гол төрлүүд нь цэрэг болон иргэний зориулалттай Дэлхийн ажиглалтын хиймэл дагуулууд, холбооны хиймэл дагуулууд, навигацийн хиймэл дагуулууд, цаг уурын хиймэл дагуулууд, судалгааны хиймэл дагуулууд юм. Сансрын станц болон сансрын хөлөг ч тойрог замд байрласан үедээ хиймэл дагуул гэж хэлж болно. Хиймэл дагуулын тойрог зам нь зорилгоосоо шалтгаалаад янз бүр байдаг бөгөөд олон янзаар ангилагддаг. Хүмүүсийн сайн мэддэг тойрог зам нь Дэлхийн доод тойрог зам, туйлын тойрог зам, геостанцын тойрог зам зэрэг болно.

Хиймэл дагуул нь ихэнхдээ хагас биеэ даасан, компьютерын удирдлагатай системээр ажилладаг. Үүнд эрчим хүч үүсгүүр, дулааны хяналтын, телеметрийн, чиглүүлэгч, тойрог замын хяналтын гэх мэт дэд системүүд бий.