Цагаан сар

Азийн бусад оронд тэмдэглэх цагаан сарын баярын талаар Азийн цагаан сар-аас үзнэ үү

Цагаан сар (бур. Сагаан һара, хал. Цаһан сар) - Монгол үндэстний уламжлалт шинэ жилийн баяр юм. Билгийн тооллын Цагаан сарын баярыг Монголын Бурханы шашин буюу Шарын шашны Төгсбуянтын зурхайн дагуу хаврын эхэн сарын нэгэнд тэмдэглэж эхэлсэн. Орчин үед Монголын Цагаан сарын баярыг Монгол улсаас гадна ОХУ-ын Буддын шашинт Буриад, Тува, Алтай, Халимагийн ард түмэн тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Цагаан сар бол өвлийг өнтэй давж, хавартай хавтай сайхан золгож нэг нас нэмсний баяр юм.

Цагаан сар

Цагаан сарын түүх[засварлах | кодоор засварлах]

„Эмээл хүндэдвээс тохсон моринд дарш болно
Эрхэм хэтэрвээс хүмүүний сэтгэлд осол болно
Янз хэтэрвээс ядуу дордост зүдгүүр болмой
Хожмын үр сад эрхэмдээ эрэмшин, осол цалгаа явна аа, тиймээс энгийн даруу болго“

Чингис хаан

гэж айлдсан баримт байдаг.

XIII зууны үеэс тэнгэр шүтлэг, бөөгийн ёсоор цагаалж байсан тухай алдарт аялагч Марко Пологийн бичиж үлдээсэн эх сурвалжид тодорхой гардаг. Бүх хүн Цагаан сараар цагаан зүсмийн морь унаж, цагаан бөсөөр хийсэн хувцас өмсч, бие биедээ цагаан хадаг өргөж, цагаан идээ зооглодог нь хэн хэндээ хиргүй цагаан сэтгэлээр явж байя гэсэн эв найрын бэлгэдэл байж. Алгаа дэлгэнэ гэдэг надад зэр зэвсэг алга, миний сэтгэлийн өнгө энэ гэсэн утга билээ.

XIII зууны орчмоос Цагаан сарыг хавар тэмдэглэх болжээ. Ванчинбалын Инжаннашийн “Хөх судар” романы 39 дүгээр бүлгийн эхэнд “IV жарны анхны жил, улаагчин туулай буюу 1207 онд Чингис хаан хулгана цагт дээшлэн, биеэ ариутгаад, ёсны хувцсаа өмсч, Өүлэн ээждээ мөргөж, ордноосоо заларч гарч ирэхэд есөн зүйлийн гүн нарийн хөгжим, алтан хасын чимээ дуурсгаж, жүн хэнгэрэг дэлдэн угтав. Чингис хаан харьяат олондоо Тэнгэрийн хөвгүүний дохио тэмдэг, хөгжим сэлтэс цөм Өмнөд Дундадын хууль дүрэм болой. Би өөрөө арьсан дээлтэй монгол хүн. Та бүхэн хаан өргөмжилж их сууринд суулгалаа. Өнөөдрийн ёслол сүрдүүлэн цочоох төлөв байдалтай учир Ар газар таарахгүй” гэсэн байдаг.

Монголчууд Цагаан сард бэлдэхдээ эртнээс хашаа хороогоо цэвэрлэж, малын хашаагаа засан сэргээн засварлана. Гэрийн гадна доторгүй тоос шороогоо гөвж, хир буртаг бүхий зүйлсээ угаан цэвэрлэж цагаан сардаа хир буртаггүй, хараал муу үг амнаасаа унагахгүй, шинэ дээл хувцас оёж, шинэ ондоо ариун тунгалаг сайн сайхан бүхнийг билэгшээн золгон угтана. Сэтгэл санаагаа ариусган өр ширгүй, муу муухай бүхнийг эцэс төгсгөл болгон сайн сайхан бүхний төлөө өнгөрсөн муухайг мартаж маргаашийн шинэ өдөр шинэ амьдралыг өөдрөгөөр угтана.

Битүүлэх ёсон[засварлах | кодоор засварлах]

Шинийн нэгний өмнөх өдөр Сap гарахгүй битүү харанхуй байдаг учир улирч буй оны отгон шөнийг "битүүн" хэмээн нэрийддэг байна. Эл өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ. Өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн үздэг байна.

Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа засаж, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавих нь муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг учиртай. Битүүний орой цэвэр цэмцгэр хувцаслаж, өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, ширээгээ засаж дээр нь битүүлгээ тавьж, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой. Гурван марал одонд идээ өргөж битүүлгээ хөндөнө. Цагаан сарын идээг онцгой хүндэтгэлтэйд тооцдог. Битүүний зоогт эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу, өвчүү байдаг. Хонины бүтэн махыг гэрийн эзэн эхэлж есөн хөндлөнг (толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал) хөндөж эхлээд галдаа, дараа нь бурхандаа өргөөд, гэрт байгаа хүмүүст тараана. Тавиас дээш настанд идээний дээж архи хүртээдэг учиртай.

Битүүлгийн идээ будаанаас идэж, ёслол дууссаны дараа үлгэр, тууль ярихаас эхлээд шагайгаар алаг мэлхий өрөх, морь уралдуулах, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, буга нуух, хорол зэндмэн эвлүүлэх зэргээр тоглож нааддаг. Энэ үдэш мал хуйгаа хээр, эд зүйлсээ айлд хонуулахыг цээрлэнэ. Мөн хүн халуун бүлээсээ тасарч айлд хонох, хөлчүүрхэх, өвчин хэлэх, үг сөрөх, хувцсаа гадаа хонуулах, хоосон сав байлгах, өлөн зэлмэн байхыг цээрлэнэ.

Цагаан сарын идээний тухай[засварлах | кодоор засварлах]

Цагаан сарын тавагтай идээ

Цагаан сардаа монголчууд бор болон цагаан гэсэн хоёр янзын идээ бэлдэнэ. Бор идээнд: бүхэл мах, битүү хоол болох бууз, банш, шимийн архи. Цагаан идээнд: бүх төрлийн цагаан идээ, ул боов, боорцог, айраг ордог байна. Анх Монголын буддын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазар санаачлан ул боовны хэв урлаж хийснээр хэвийн боов үүссэн түүхтэй[баримт хэрэгтэй]. Нутаг нутгийн онцлогоор ул боов буюу хэвийн боов, зарим нь ч хавсай хийж, таваг засахдаа ахмадыг хүндэтгэн гурав буюу түүнээс дээш боов давхарлан тавган дээр өрж, дунд нь боорцог хийн дүүргэж дээд тал нь 81 ширхэг ул боовоор засдаг. Тавгийн боовыг гурван үеэр өрдөг нь тулгын гурван чулуу болон жаргал зовлон жаргал, таван үеэр өрдөг нь таван бие махбодь, үе үеэр давхарладаг нь айл гэрийн хэдэн үетэй золгосны шинж буюу билэг тэмдэг. Тухайн өрхийн тэргүүлэгч хүн, хэдэн нас зооглож байгаа болон хэдэн үр ач, хэдэн зээ, хэдэн гуч дөч үзсэн гэх мэтээс хамаараад “Тэдэн улыг элээжээ” гэж хүндэтгэн, юм үзэж нүд тайлснаар нь дахин ул элээх билэгдэл болгон нас нэмж, ул боовоороо таваг засдаг байна. Өнөө цагт “оймс элээнэ” гэж ярьдаг. Эрт үед “ул элээнэ” гэж ярьдаг байж. Яагаад “ул боов” гэж нэрлэв? Хүн хоёр хөлийнхөө улаар дэлхийн татах хүчтэйгээ холбогдож, мэдээлэл солилцон, эрч хүч авч явдаг. Хүн хөлөөрөө аливаа нэгэн үйл хэрэг буюу орон зайг ялж, ямар нэгэн орон зайгаас, нөгөө орон зай руу шилжин явдаг. Тиймээс “явах” гэсэн үйлдэл буюу “урагшлах” гэсэн билэгдлийг агуулж “ул боов” гэж нэрлэдэг байна.[баримт хэрэгтэй] Монголчууд тавгийн идээ засахгүй бол тухайн жилдээ хийморь лундаа гутаж идээ ундаагаар хомс байна гэж цээрлэдэг.

Ууц хөндөх ёсон[засварлах | кодоор засварлах]

Ууц тавих нь Монголын буддын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазарын үеэс уламжилсан. Учир юу вэ гэвэл Өндөр гэгээн Занабазарыг таалал төгсөхийн өмнөхөн шавь нар нь “Таны хөргийг бид хэрхэн бүтээвэл зохих вэ?” гэж асуухад "Намайг өмнөө монгол хонины ууц тавиад, таллаж байгаагаар зурж дүрслээрэй. Монголын заяа их амны хишигтэй байх ёстой. Монгол хүн өлсөх ёсгүй. Үүнийг бэлгэдэж би энэ хөргийг зуруулж байгаа юм аа” гэж хариулсан гэдэг. Тэгэхээр ууц идээ гэдэг маань өөрөө монголчуудын маань амны хишгийн бэлгэдэл юм.

Ууц нь хонины зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Гийчний өмнө ууц тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр, шаантыг борви, далны мах, хавирганы буруу талыг ууцны харцага өөд харуулан тавина. Хэрэв сээрний оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавина. Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаас түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугараг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна. Дараа нь харцага талын ирмэгийн мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина. Ийнхүү хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн гэрт буй хүмүүст тараадаг ёстой.

Тэнгэрт мөргөх ёсон[засварлах | кодоор засварлах]

Монголчууд Цагаан сарын шинийн нэгэнд хийморийн овоонд гарч дээд Мөнх тэнгэрт мөргөн нар гарахыг үзэж байгаа нь

Тэнгэрт мөргөх бол Монголчуудын цагаан сарын хамгийн анхны ёслол болно. Монголчууд оны эх, сарын тэргүүн, өдрийн эртэд юуны өмнө дээд мөнх тэнгэрт мөргөн золгохыг тэргүүн ёс болгодог. Эзэн хаанаас эгэл борчуул хүртэл энэ ёсыг бат журамладаг. Шинийн нэгний өглөө зүүнээс цагаан гэгээ цуварч үүр тэмтрэгдэх үеэр тэнгэрт мөргөх ёслол хийнэ. Индрийн тойронд цагаан эсгий, хивс, гудас дэвсэнэ. Аливаа бэлтгэл бүрэн болбол гэрийн эзэн тэргүүлэн тавагтай цагаан идээ, ууц, архи, цай зэргээс дээж өргөх бөгөөд дөрвөн зүг, найман зовхист хандан тэнгэрт цацал цацна. Өргөл төгсний дараа галыг нар зөв тойрон гэрийн эзэн тэргүүлэн индрийн тойронд дэвссэн эсгий дээр сөгдөн тэнгэрт гурав гурав ес мөргөнө.

Шинэлэх ёсон[засварлах | кодоор засварлах]

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ёслол хүндэтгэлийн идээ, ундаа бэлтгэн, золгож шинэлдэг. Цагаан сарын битүүлгийг шинийн нэгний урьд орой ёсолдог бөгөөд цагаалгын ёслолыг өглөө ургах нарнаар туулай цагт эхлэн үйлддэг. Шинийн нэгний идээний үндсэн хэсэг нь давхарлан өрсөн бяслаг, эсвэл хавсай, ул боов юм. Манай ихэнх нутагт үндсэн тавгийн идээний бяслаг буюу боов хавсайг сондгой тоогоор давхарлан өрдөг. Эцэг, ах нар нь буй айлын тавгийн идээ гурав буюу тав байж болдог. Эцгийнх нь долоон давхар идээ засна. Төрийн шинж чанартай ёслолын тавгийн идээг голчлон есөн давхар засдаг уламжлалтай. Тавгаа өрөм, ааруул, шар, цагаан тос зэрэг цагаан идээгээр чимэх ёстой. Цагаалах үеэр эвтэй найртай явахын бэлгэдэл болгож хөөрөг зөрүүлж тамхилах бөгөөд харин хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггүй. Хөөргөө төр түших гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар түшиж тамхилдаг. Энэ нь тухайн хүнийг төрийн хэмжээнд хүндэлж байгаагийн тэмдэг юм.

Золгох ёсон[засварлах | кодоор засварлах]

Цагаан сараар хадагтай золгож байгаа нь

Шинийн нэгэнд нар мандахтай уралдан босож, шинэ дээл хувцасаа өмсөн, цайгаа чанан цай идээний дээжээ нар, байгаль дэлхийдээ өргөн, гэрийн тэргүүнтэй гэр бүлийн гишүүд эхэлж золгоно. Голдуу ахмад хүмүүс хадагны амсарыг золгож байгаа хүн рүү харуулан барьж золгоно. Ахмад хүнтэй золгохдоо хоёр гараа тохойг нь түшин “Та амар мэнд байна уу?” гэж золгож хоёр хацраа үнсүүлнэ. Золгож байгаа ахмад хүн хариуд нь “Амар мэндээ“ гэнэ. Зочин ширээнд сууж байрласнаар нөхөрсөг дотно сэтгэлээр “ Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу?” гэж ахмад хүндээ хөөрөгний толгойг суллан хөөрөгөө баруун гараараа барина. Хариуд нь “Сайхан сайхан” гэнэ. Хөөрөг бие биендээ зөрүүлж барьснаар монголчуудын хооронд бат бэх холбоог үүсгэн ах дүү найз нөхдийн дотно харилцааг бэхжүүлдэг. Хоёр нас чацуу хүмүүс гар гарын бугуйгаар зөрүүлэн золгоно. Гэрийн эзэн гэргийтэйгээ золгодоггүй, учир нь хань гэргий хоёрын бие сэтгэл нэгэн ертөнц гэдэг. Хоёр давхар биетэй хүмүүс хоорондоо золгодогүй нь тээж байгаа үрийн хүйс солигдоно гэж цээрлэдэг байна.

Шинийн нэгэнд цагаан идээнээс эхэлж зооглодог, ариун тунгалаг аз хийморьтой, гэгээлгээр шинэ оны гараагаа эхлэхийг бэлэгшээдэг. Цагаан сарын гар цайлах буюу гарын бэлэгт идээ идэш элбэг өгөөжтөй сар шинэдээ золгон орлоо гэсэн билэгдэлээр цагаан сарын идээний дээжисээс хүн болгонд ул боов цагаан идээний хамт хүртээдэг байна. Ер нь Монгол хүний амнаас муу үг унах, хуучин хувцас хунар авах, шидэх, муу буруу үйл хийхийг цээрлэдэг нь амны бэлгээр ашдын билэг ирдэг гэлцдэг. Монголын аман зохиолуудаас монгол ардын үлгэр домогоос гадна зүйр цэцэн үгс сургаал, ерөөл магтаал, цээрлэл, ёс заншил үе дамжин ирсэн нь илээх нь харагддаг. Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн энэхүү баярыг Их Чингис Хаан 1206 онд албан ёсоор бүх нийтийн төрт ёсны баяр болгосон. 17-аар зуунд Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс энэхүү баяр нь Бурханы шашны баялаг бэлгэдэлтэй болж өргөжин тэмдэглэгдэж ирсэн байна.

Хадагтай золгох ёсон[засварлах | кодоор засварлах]

Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол ахмад настай хүн хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулсан чигээрээ золгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна гэж бодох учиртай.

Хадаг барих ёсон[засварлах | кодоор засварлах]

Монголчуудын баяр ёслолд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чигээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байдаг. Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, сар үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадгийг барих хүн рүүгээ амыг нь харуулж хүндийн эрэмбээр мэхийх юмуу сөгдөж барина. Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямгадах ёстой. Хадгийг барихдаа уул ёслолын тухай бэлэгтэй үг өгүүлж сүүлд нь эл баярт нийцүүлэн барих хадгийнхаа тухай доорхи үгийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна.

Хадаг барихад хэлэх үг[засварлах | кодоор засварлах]

«
Цаглашгүй урт наст ариун хадаг
Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн
Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг
Идээний дээж элгэн цагаан тараг
Эдийн дээж ариун цагаан хадаг
Хадаг барьж золгохсон /хадгаа барьж золгоно/

»

Цагаан сарын цээрлэх зүйлс[засварлах | кодоор засварлах]

Битүүний өдөр ирэх жилдээ өрх гэрээ дүүрэн элбэг дэлбэг байлгахыг ерөөн хонодоггүй, шинийн нэгэн, хоёрны өдрийг хөтөл өдөр хэмээх учир алс хол явдаггүй байна. Цагаан сараар уур, шунал, мунхаглал гэсэн гурван нүгэлийг тэвчиж, буян үйлдэх нь хамгийн чухал зан үйл ажээ.

  • Энэ өдөр гол горхи худаг булаг шандаас ус авахыг цээрлэнэ. Хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой.
  • Үйл мэтгэн оёхдоо хуучин дээл хувцас эд нөхөхийг цээрлэнэ. Шинээр оёдог. Энэ нь сайн сайхны билэгшээл болж урт удаан наслахын зөн.
  • Эд юм зээлээр өгөхийг цээрлэнэ. Учир гэвээс гарзын үүд нээгдэж олзын үд хаагдана. Бусдад өглөггүй, бусдаас авлаггүй байхыг хичээ.
  • Уйлах, хэрэлдэхийг цээрлэ. Зөрчвөөс жилийн турш хэрүүл шуугиан, зовлон үл тасрана.
  • Зуух, тулганы үнс хогоо гаргаж хаяхыг цээрлэ. Шинэ он гарахаас өмнө гэр орон орчин тойрноо цэмцийтэл цэвэрлэж сайхан болгох.
  • Билэг дэмбэрэлгүй үгс хэлэх, мал нядалж, ан гөрөө хийж, араатан амьтны амь тасалваас үхэл хагацал нүүрлэнэ.
  • Шинэ сарын шинийн 7-нд ах дүү, амраг садан , айлд очиж золгохыг цээрлэ.Эл өдрийг хар өдөр гэдэг учраас ийнхүү цээрлэдэг.
  • Эхнэр, нөхөр хоёр хоорондоо золгохыг цээрлэ. Золговоос хагацаж сална. Хар элэгтэй болдог аж.
  • Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаяг улбааг зөрчихийг цээрлэнэ.
  • Биедээ мэсний зүйл авч явахыг хориглоно. Үл дагаваас дайн дажингийн нигууртай.

Цагаан сар ба Төгсбуянтын зурхай[засварлах | кодоор засварлах]

Төгс буянтын зурхайг 1747 онд Хөхнуурын Монголын түүхч, гүн ухаантан, шашны ухаан, анагаах ухаан, уран зохиол, одон оронч Ишбалжир Монгол орныхоо газрын хуваарьт тохируулан "Төгс буянт шинэ зурхай" хэмээх Монгол одон орон зурхайг зохиож сургууль байгуулсан түүхтэй. Төгсбуянт зурхай бол нар сарны тооллын дагуу Монгол орны цаг агаар уур амьсгал, газар зүйн байрлалд тохируулж бүтээсэн Монгол зурхай юм. Тус зурхайн дагуу жил бүрийн Цагаан сарын баяр хэзээ болохыг товлодог.төлөөлүүлэн бэлгэдсэн цаглабар зохион хэрэглэж байсан түүхтэй.

Юань гүрний үед Хубилай хааны зарлигаар монголын болон түүний харьяанд байсан улс орнуудын тоо, одон орон, зурхайн ухааны олон мэргэд төрийн зурхайг магадлан шалгаж баталгаажуулан, хэрэглэсээр ирснийг Шар зурхай гэж нэрийддэг. Эдүгээ Азийн ихэнх орнууд чухамхүү эл зурхайг хэрэглэн буй.

Монголчууд 200 гаруй жил Манж Чин улсын харьяанд явахдаа тэрхүү уламжлалт Шар зурхайгаар Цагаан сарын баяр тэмдэглэдэг байсан. Харин 1911 онд тусгаар тогтнолоо сэргээж, 8-р Богд Жавзандамба хутагт хааны зарлигаар Төгс буянтын зурхайг буцаан сэргээн хэрэглэх болжээ. Цагаан сар бол шинэ жилийн баяр төдийгүй Монгол улсын тусгаар тогтнолын бэлгэдэлт баяр гэж үзнэ.

Монгол зурхай (хуанли) тухай[засварлах | кодоор засварлах]

Григориин он Төвөд-монгол он Төвөд-монгол он Цагаан сар Тэмдэг ба амьтан
2008 17 равжун 22 он 2135 2 сарын 7—9 эр газар хулгана
2009 17 равжун 23 он 2136 2 сарын 25—27 эм газар бүхэ[1]
2010 17 равжун 24 он 2137 2 сарын 14 эр төмөр бар[2]
2011 17 равжун 25 он 2138 3 сарын 5 эм төмөр туулай[3]
2012 17 равжун 26 он 2139 2 сарын 22 эр ус луу
2013 17 равжун 27 он 2140 2 сарын 11 эм ус могой
2014 17 равжун 28 он 2141 3 сарын 2 эр модон морь
2015 17 равжун 29 он 2142 2 сарын 18/19 эм модон хонь
2016 17 равжун 30 он 2143 2 сарын 8 эр гал бич

Сүүлийн жилүүдийн цагаан сарын өдөр[засварлах | кодоор засварлах]

Аргын тооллын он Жилийн нэр Цагаан сар
1989 Цагаан 2 сарын 7
1990 Машид согтонги 2 сарын 26
1991 Төрөлхтний эзэн 2 сарын 15
1992 Ангира 2 сарын 4
1993 Цогт нигурт 2 сарын 22
1994 Бода 2 сарын 11
1995 Насан төгөлдөр 1 сарын 31
1996 Баригч 2 сарын 19
1997 Эрхт 2 сарын 8
1998 Олон үрт 2 сарын 27
1999 Согтох төгөлдөр 2 сарын 17
2000 Тийн дарагч 2 сарын 05
2001 Сүргийн манлай 1 сарын 24
2002 Элдэв 2 сарын 13
2003 Наран 2 сарын 2
2004 Наран гэтэлгэгч 2 сарын 21
2005 Газар тэтгэгч 2 сарын 9
2006 Барагдашгүй 1 сарын 30
2007 Хамгийг номхотгогч 2 сарын 18
2008 Хотлыг баригч 2 сарын 8
2009 Харшлалт 2 сарын 25
2010 Тийн урвагч 2 сарын 14
2011 Илжиг 2 сарын 3
2012 Баясгалан 2 сарын 22
2013 Тийн ялагч 2 сарын 11
2014 Ялгуусан 1 сарын 31
2015 Согтоогч 2 сарын 19
2016 Муу нүүрт 2 сарын 8
2017 Алтан унжлагат 2 сарын 26
2018 Тийн унжлагат 2 сарын 16
05.02.00 24.02.01 13.02.02 02.02.03 21.02.04 09.02.05 30.01.06 18.02.07 08.02.08 25.02.09
14.02.10 03.02.11 21.02.12 10.02.13 31.01.14 19.02.15 08.02.16 26.02.17 16.02.18 05.02.19
23.02.20 12.02.21 01.02.22 20.02.23 10.02.24 29.01.25 17.02.26 06.02.27 24.02.28 13.02.29
03.02.30 21.02.31 11.02.32 31.01.33 19.02.34 08.02.35 26.02.36 15.02.37 04.02.38 22.02.39
12.02.40 01.02.41 20.02.42 10.02.43 30.01.44 17.02.45 06.02.46 24.02.47 14.02.48 02.02.49
21.02.50 11.02.51 01.02.52 19.02.53 08.02.54 26.02.55 15.02.56 04.02.57 22.02.58 12.02.59
02.02.60 19.02.61 09.02.62 29.01.63 17.02.64 05.02.65 24.02.66 14.02.67 03.02.68 21.02.69
11.02.70 31.01.71 19.02.72 07.02.73 26.02.74 15.02.75 05.02.76 22.02.77 12.02.78 02.02.79
20.02.80 09.02.81 29.01.82 17.02.83 06.02.84 24.02.85 14.02.86 03.02.87 22.02.88 10.02.89
30.01.90 18.02.91 07.02.92 25.02.93 15.02.94 05.02.95 23.02.96 12.02.97 01.02.98 19.02.99

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Kalacakra.com
  2. "Jewelheart.org". Archived from the original on 2010-03-08. Retrieved 2015-02-18.
  3. Лосар, Тибетский Новый Год в 2011 году: Железный год Кролика 2138
1.С.Үзмээ "Монголын цагаан сар" https://web.archive.org/web/20130128104432/http://www.orloo.info/readfull/entertainment/8508-2012-01-31-01-26-28
2.Ч.Арьяасvрэн "Монгол ёс заншлын их тайлбар толь" Гутгаар боть/
3. М.Шидхүү “Тавгийн идээ засах ууц тавих ёс”
4."Цагаан сарын ёс заншил" https://web.archive.org/web/20130215042003/http://www.goolingoo.mn/index.php?c=1596
5.В.Инжинаашийн “Хөх судар”
6."Марко Пологийн аян замын тэмдэглэл".