Григорийн тоолол

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Григорийн тоолол нь 1582 онд Ромын пап Григорий XIII Юлийн тооллыг шинэчлэн сайжруулж бий болгосон цаг тоолол юм. Одоогоор аргын тоолол буюу нарны тоолол гэдэг утгаараа дэлхийн ихэнх оронд хэрэглэгддэг. Мөн Шинэ тоолол (англ. New Style, товчоор N.S., NS) гэж нэрлэгдэх нь бий.

Нэг жилийг 365 хоногт хуваах бөгөөд 4 жил тутамд өндөр жил хэмээн 366 хоногтой жилийг тоолно. Ерөнхийдөө 4-т хуваагддаг жилүүд өндөр жил байдаг боловч 400 жилд 3 удаа 4-т хуваагддаг жилийг өндөр жил биш, ердийн жилээр тооцдог байна.

Өөрөөр хэлбэл жилийн тоо 400-т хуваагдаг бол өндөр жил. 400 хуваагддаггүй боловч 100-д хуваагддаг бол өндөр жил биш. Харин дээрх 2-оос бусад тохиолдолд оны тоо 4-д хуваагдаж байвал өндөр жил хэмээн тооцно гэсэн үг.

Зохиох болсон шалтгаан[засварлах]

16-р зууны сүүлийн хагасаас эхлэн тэр үед ашиглагдаж байсан Юлийн тоолол дахь улирлууд болон жинхэнэ улирлын зөрүү илт мэдрэгдэж эхэлсэн аж. Иймээс энэхүү асуудлыг шийдэхээр Трентогийн зөвлөл (1545 - 1563) Папад он тооллыг шинэчлэх үүрэг өгчээ. Ийнхүү Григорий XIII 1579 онд хамба нар голлосон зөвлөлийг бий болгож, он тооллын тухай судлуулжээ. Тэдний бий болгосон шинэ тоолол 1582 оны 2 сарын 4-нд бэлэн болж, мөн оны 10 сарын 4-ний Пүрэв гаригийн дараагийн өдрийг 10 сарын 15-ны Баасан гариг гэж тогтоон, засвар оруулсан байна.

Тайлбар[засварлах]

Хуучин хэрэглэгдэж байсан Юлийн тоолол нь ердийн жилийг 365 хоногоор тооцож, 4 жил тутамд 366 хоногтой өндөр жилийг бий болгодог байсан нь дунджаар 1 жилд 365.25 өдрийг агуулж байна гэсэн үг юм. Гэтэл дэлхий нарыг ойролцоогоор 365.2422 хоногт тойрдог тул 1000 жилийн хугацаанд 8 өдрийн алдаа гарна. Иймээс ойр ойрхон засвар хийж байхгүй бол болохгүй байв.

Харин шинэчлэн засварласан Григорийн тоолол нь зарчмын хувьд Юлийн тоололтой ижил ч 400 жилд 3 удаа өндөр жилийг байхгүй болгох замаар 1 жилийн дундаж өдрийн тоог 365.2425 болгосон байна. Ийнхүү цаг тооллыг засварласнаар 3300 жилд 1 өдрийн зөрүү гарахаар болж, нарийвчлал нь сайжирсан аж.

Гэхдээ католик шашинтнуудыг эсэргүүцдэг протестант, үнэн алдартны зэрэг бусад урсгалыг шүтдэг улсууд нэлээд хожуу тус тооллыг нэвтрүүлжээ.

Зарим улсын Григорийн тооллыг мөрдөж эхэлсэн хугацаа[засварлах]

Мөн үзэх[засварлах]