Чингис хааны морьт хөшөө

Чингис хааны морьт хөшөө
Улс: Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Байршил: Цонжин болдог
Төв аймгийн Эрдэнэ сум
Уран барималч: Д. Эрдэнэбилэг
Баригдсан: 2008 он
Өндөр: 40 м

Их эзэн Чингис хааны морьт хөшөө нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос зүүн урд зүгт 54 км орчим зайд, Туул голын урд дэнж дээр байрладаг. Төв аймгийн Цонжин болдог гэх энэ газар нь домогт өгүүлснээр Чингис хаан алтан ташуур олсон газар хэмээдэг аж.[1] Энэхүү хөшөөнд түүнийг мориндоо мордон, ташуураа ташаандаа тулан, ихэмсэгээр алсыг ширтэн буй байдлаар дүрсэлжээ. Чингис хаан бол монгол овог аймгуудыг нэгтгэн Их Монгол Улсыг байгуулж, азийн ихэнх улс орнуудыг эзэлж байсан Монголын эхний их хаан юм.

Хөшөөний өндөр ойролцоогоор 30 метр бөгөөд 36 ширхэг багана бүхий 10 метр орчим өндөр тавцан[1][2] маягийн суурь барилга дээр байрлана. Үүгээр тус хөшөө нь одоогоор дэлхий дээрх хамгийн өндөр морьт хөшөөнд тооцогдох ба түүнийг баригдах хүртэл энэхүү дээд амжилтыг эзэмшиж байсан Уругвайн морьт хөшөөнөөс даруй 2 дахин өндөр байна (мэдээ: 2011 он).[3] Хөшөөний нээлтийн ажиллагаа нь 2008 оны есдүгээр сарын 26-нд зохион явагдсан ба уг хөшөөг нийт 250 тонн чанаржуулсан гангаар бүтээжээ. Барилгын нийт өртөг нь 4,1 сая орчим америк доллар болсон аж.[3][4]

Доод тавцан барилга дотор хоолны газар, бэлэг дурсгалын дэлгүүр болон жижиг музейтэй. Зочлогсод эндээс цахилгаан шатаар морины нуруун дээр буюу хааны эмээлийн урд бүүрэг орчмоор дээш гарах боломжтой. Тэндээсээ морины дэл рүү өгсөх шатаар өгсөн хүзүү, толгой дээр гарч алсыг харах тавцанд хүрнэ.[2][3] Морьт хөшөөг тойруулан ногоон байгууламж бүхий «Чингис хааны хөшөөт цогцолбор»-ыг барихаар төлөвлөсөн. Түүнээс гадна ирсэн гийчдийг хүлээн авах 200 гаран гэр баригдах аж.[2][4]

Зургийн цомог

Цахим холбоос

 Commons: Цонжин болдог дахь Их эзэн Чингис хааны морьт хөшөө – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эх сурвалж

  1. 1.0 1.1 Nate Rawlings: Genghis Khan Equestrian Statue; Mongolia. Time мэдээний сэтгүүлийн цахим хуудсан дахь 2010 оны зургаадугаар сарын 26-ны нийтлэл, хандсан 2021 аравдугаар сарын 6 (англиар).
  2. 2.0 2.1 2.2 Chinggis khan statue complex. (Memento 14. Наймдугаар сар 2010 цахим архивт) (онлайн илэрц байхгүй) архивт хадгалагдсан 2010 оны наймдугаар сарын 14, хандсан 2021 аравдугаар сарын 7 (англиар).
  3. 3.0 3.1 3.2 Genghis Khan Equestrian Statue. Цахим хуудас: Atlas Obscura. Хандсан 2021 аравдугаар сарын 7 (англиар).
  4. 4.0 4.1 Dan Levin: Genghis Khan Rules Mongolia Again, in a P.R. Campaign. In: New York Times. 3. August 2009, S. A6 der New Yorker Ausgabe (Artikel online auf den Internetseiten der N.Y. Times [abgerufen am 31. Mai 2011]).

Координат: 47° 48′ 28.5″ У, 107° 32′ 12.8″ З