Агнуурын тэнгис

Агнуурын тэнгис

Агнуурын тэнгис (Орос: Охотское море) нь Номхон далайн нэг хэсэг бөгөөд Курилийн арлууд, Камчаткын хойгоор Номхон далай, Сахалин, Хоккайдогоор Япон тэнгистэй хиллэдэг тэнгис юм.

Газар зүй[засварлах | кодоор засварлах]

Агнуурын тэнгисийн гүний хэмжээг харуулсан газрын зураг

Агнуурын тэнгисийн нийт талбай нь 1,528 мянган км², дундаж гүн нь 838м бөгөөд өмнөд хэсгээрээ илүү гүнзгий байдаг онцлогтой. Курилийн арлуудын орчимд орших хамгийн гүн цэг нь 3,658м болно.

Япон тэнгистэй холбогдох Тартарын хоолой болон Ла Перусын хоолой нь гүехэн байдаг бол Номхон далайтай холбогддог, Курилийн арлуудын хоорондох хоолойнуудын гүн нь 2,000м хүрэх тохиолдол бий.

Агнуурын тэнгисийн баруун хэсэгт ОХУ-ын эзэмшлийн Шантарын арлууд оршдог.

Далайн урсгал[засварлах | кодоор засварлах]

Агнуурын тэнгист цагийн зүүний эсрэг чиглэлтэй далайн урсгал (Агнуурын тэнгисийн тойрог урсгал) урсах бөгөөд Курилийн арлуудын хойд хэсгээр Камчаткын урсгалын нэг хэсэг нь орж ирдэг. Тартарын хоолойд Амур мөрний адаг байдаг тул Хоккайдогийн хойд хэсгийн урсгалыг эс тооцвол Япон тэнгистэй бараг усны солилцоо байдаггүй.

Зуны улиралд ч усны температур нь бага байдгаас Агнуурын тэнгисийн их даралтын орон үүсэх нь элбэг, энэ нь Японы хойд нутгаар зуны улиралд ч сэрүү татаж, манан үүсэх нөхцөл болдог байна.

Хөвөгч мөс[засварлах | кодоор засварлах]

Амур мөрний цутгадаг хэсгээр усан дахь давсны эзлэх хувь бага байдгаас нягт ихтэй болох тул өвлийн улиралд Сибирийн их даралтын орны нөлөөгөөр хөлддөг. Япон тэнгисийн умард хэсэг ба Агнуурын тэнгис нь ийнхүү хойд хагас бөмбөрцгийн өвөл хөлддөг хамгийн урд цэг болно. Хавар болоход мөс хайлж, хөвөгч мөснүүд бий болон, Сахалины зүүн эргийн дагуух урсгалыг дамжин, Хоккайдогийн хойд эрэгт хүрч ирдэг байна.

Газрын тос, шатдаг хийн нөөц[засварлах | кодоор засварлах]

Сахалины орчимд эх газрын тавцангийн гүнд газрын тос, шатдаг хийн баялаг ордууд бий. Сүүлийн жилүүдэд Агнуурын тэнгисийн ОХУ-ын эзэмшлийн бүс нутгаас газрын тос, шатдаг хий олборлох Сахалин төсөл хэрэгжиж буй.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

 Commons: Sea of Okhotsk – Викимедиа зураг, бичлэг, дууны сан