Jump to content

Акаши-Кайкё гүүр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Акаши-Кайкё гүүр

Акаши-Кайкё гүүр (япон. 明石海峡大橋 Акаши Кайкёо Оохаши, англи. Akashi Kaikyo Bridge) — Японы Хоншүү арлын Кобэ хотыг Аважи арлын Аважи хоттой холбосон Акашийн хоолойгоор дамждаг дүүжин гүүр юм. Энэ нь Хоншүү болон Шикокү арлуудыг холбосон гурван хурдны замын нэг хэсэг юм.

Олон улсын усан зам болох Акашийн хоолойгоор дамжин өнгөрөх гүүрийг барихаас өмнө гатлага онгоцны үйлчилгээ байсан. Энэхүү аюултай усан зам нь ихэвчлэн хүчтэй шуурганд өртдөг байв. Тиймээс 1955 онд шуурганы үеэр хоёр гатлага онгоц живжээ. Энэхүү эмгэнэлт явдалд 168 хүүхэд хохирсон түүхтэй.

Анх төмөр зам болон автозамтай гүүр барихаар төлөвлөж байсан бол 1986 оны 4-р сард барилгын ажил эхэлчихсэн байхад зөвхөн 6 эгнээтэй автозам барихаар болсон. Уг гүүрийг барих ажил 1988 онд эхэлсэн бөгөөд 1998 оны 4-р сарын 5-нд албан ёсоор нээлтээ хийсэн.

Энэхүү гүүр нь баригдсан цагаасаа хойш 2022 он хүртэл дэлхийн хамгийн урт дүүжин гүүр байсан: нийт урт нь 3911 м, голын урт нь 1991 м, хажуугийн урт нь 960 м, тулгуурын өндөр нь 298 метр юм. Гүүр нь уснаас 66 м өндөрт байрладаг бөгөөд энэ нь далай тэнгисийн том хөлөг онгоцуудыг гүүрэн доор чөлөөтэй нэвтрүүлэх боломжийг олгодог байна.