Jump to content

Александр Извольский

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Александр Извольский, 1894 он.

Александр Петрович Извольский (1856 оны 3-р сарын 6 (18)-нд Москва хотод төрсөн- 1919 оны 8-р сарын 16-нд Францын Парис хотод нас барсан) — оросын төрийн зүтгэлтэн, дипломат, 1906-1910 онд Оросын Гадаад хэргийн сайд байсан. Ах нь Петр Извольский гэж орлогч Прокурор байжээ.

Төрийн албан хаагч сүүлд Курск, Екатеринослав, Эрхүү зэрэг мужуудын амбан захирагч болсон Петр Александрович Извольский түүний эцэг юм. Эх нь Евдокия Григорьевна, төрөхдөө Гежелинская ажээ.

1875 онд тэрээр Александровын лицей төгссөн. Гадаад хэргийн яамны төв аппаратад ажиллаж байгаад Түрк -д суугаа Элчин сайд, гүн А.Б.Лобанов-Ростовский-гийн дор ажилласан байна.

1882 оноос Румын дахь Оросын дипломат төлөөлөгчийн газар 1-р нарийн бичгийн дарга, дараа нь Вашингтон дахь Төлөлөгчийн газар мөн албан тушаалтай ажилласан байна.

1894—1897 онд Ватиканд Элчин зөвлөх, 1897 онд Белград дахь түр хамаарагч, 1897—1899 онд Мюнхенд, 1899—1903 онд Токиод, 1903—1906 онуудад Копенхагенд тус тус Элчин сайдаар ажилласан байна.

Тэрээр 1906-1910 онуудад Оросын хаант улсын Гадаад хэргийн сайд байхдаа II Николай хааны дэмжлэгийг ихэд хүлээдэг байжээ. А.Извольский Гадаад хэргийн яаманд томоохон өөрчлөлт хийх ёстой гэдгийг сайтар ойлгож байсан бөгөөд тул тэрээр итгэлт хүмүүс болох Константин Губастов, Николай Чарыков, Сергей Сазонов нараар дараалан тэргүүлүүлсэн өөрчлөлт хийх тусгай комисс байгуулсан ажээ.

Гадаад хэргийн сайдын албан тушаалаа өгсөний дараа 1910 онд А.Извольский Парис дахь Элчин сайдаар томилогдоод 1917 оны 5 сар хүртэл алба хаасан. Дараа нь Францад байхдаа хилийн чанд дахь "Цагааны хөдөлгөөнийг" ихэд дэмжиж байсан.