Алтаргана наадам

"Алтаргана" наадам- Буриад түмний 2 жилд нэг удаа зохион байгуулдаг соёлын их наадам. Тус наадмыг Монгол Улсын БСШУЯ, Орос-Монголын нийгэмлэг, “Монголын Буриадын сан” холбоо зэрэг олон байгууллага хамтран зохион байгуулдаг байна.

Нэршил[засварлах | кодоор засварлах]

Буриад зон олны эрхмэлдэг “Алтаргана” гэдэг нь алтлаг гоёмсог шар шилбэтэй, салаалсан мөчиртэй, доош нугарсан өргөслөг цайвар ногоон навчтай, шар цэцэгтэй, их төлөв уулын хяр, ар, шил газар ургадаг алтан харгана ургамлын нэр юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Анх 1994 оны 6-р сарын 11-13-нд Монгол Улсын Хэнтий аймгийн Дадал суманд Дэлүүн болдог, Баян-Овоогийн энгэрт болж өнгөрсөн байна. Энэ үеэр Буриад дууны уралдаан нэртэйгээр анх зохиогдож байсан тус наадам өдгөө олон улсыг хамарсан буриадын ардын урлаг, уламжлалт зан заншилын баяр болж өргөжөөд байна. Анхны Алтаргана наадамд Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Батширээт, Мөрөн, Өндөрхаан, Бэрх зэрэг сумын ардын авьяастнууд оролцсон байна.

Хоёр дахь удаагийн наадам нь Хэнтий аймгийн Биндэр суманд 1996 онд явагдсан.

Гурав дахь удаагийн Алтаргана наадам 1998 онд Хэнтий аймгийн Батширээт суманд болсон. Энэ удаа Монгол орны зүг бүрт суугаа Буриад монголчуудыг хамарч өргөжин тэлсэн юм.

Дөрөв дахь наадам 2000 онд Дорнод аймгийн Дашбалбар суманд болсон. Алтаргана наадамд ОХУ-ын Эрхүүгийн гэгдэх баруун буриадууд, Улаан-Үдийн гэх тодотголтой Оросын БНБуриад улс, Агын буриадаас зочид төлөөлөгчид ирж оролцсон наадам болсон байна. Чухам энэхүү наадмын үеэр Алтаргана наадмыг зохион явуулах талаар зөвлөлдөж байх олон улсын хороог байгуулахаар болжээ. Эндээс Алтаргана их наадам Монголын хилийг даван дэлхийн Буриад монголчуудын хүсэн хүлээсэн их наадам болох эхлэлээ тавьсан түүхтэй.

Тав дахь Алтаргана их наадамд 2002 онд ОХУ-ын Агын буриадад болж, БНХАУ-ын Өвөрмонголын Шэнхээний буриадууд анх удаагаа оролцсоноор олон улсын наадам болжээ.

Зургаа дахь удаагийн их наадам 2004 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод болж, ОХУ, БНХАУ-аас буриад зоны төлөөлөгчид оролцсон. “Алтаргана-2004″ Их наадмын хүрээнд буриад сурын харваа, хүчит 96 бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, буриад ардын дуу, зохиолын дуу дуулаачдын тэмцээн 4 насны ангиллаар, язгуур урлагийн наадам, буриад түүх соёлын үзэсгэлэн, ардын гар урлалын үзэсгэлэн худалдаа, бөө мөргөлийн зан заншил, хуучны маягийн буриад монгол гэр шалгаруулалт, ганган хос морьтон, хос морин тэрэгтэн шалгаруулах зэрэг олон янзын тэмцээн уралдаан явагдаж байсан.

Долоо дахь наадам 2006 онд ОХУ-ын БНБуриад улсын нийслэл Улаан-Үд хот болсон.

Найм дахь наадам 2008 онд Эрхүү мужийн төв Эрхүү хотод болсон.  

Ес дахь Алтаргана наадам 2010 онд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод болсон. Буриадын соёл, урлаг, спортын олон улсын "Алтаргана" Наадмын нээлтийн ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхлэв. Наадмын хүрээнд Буриад бөхийн барилдаан, Буриад сур харваа, хурдан морины уралдаан болон урлаг соёлын олон арга хэмжээ болсон юм.

Арав дахь наадам ОХУ-ын Агын Буриадад 2012 оны 7-р сарын 20-22-нд зохион байгуулагдсан.

Арван хоёр дахь “Алтаргана-2016” наадам ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үд хотноо 7-р сарын 1-3 –ны өдрүүдэд болсон. Энэ удаа урлаг соёлын 14, спортын 6 төрлийн тэмцээн уралдаан зохиосон байна. Мөн Буриадын гоо бүсгүй шалгаруулах “Дангина” тэмцээн нь үзүүштэй, дурлууштай төрөл зүйлийн нэг юм. Өөрийгөө төрөлх аялгаар зөв зохид танилцуулах, төрх царайн байдал, буриад хэл, ёс заншилын талаарх мэдлэг, хувь хүний оюун ухаан, сэтгэлийн сорил болон урлагийн төрөл бүрийн авъяас зэргээс харгалзан гоо бүсгүйг шалгаруулдаг байна. 16-20 насны охид, бүсгүйчүүд оролцсон ажээ.


Олон улсын "Алтаргана" наадам 2024 оны долдугаар сарын 26-28 нд Булган аймагт болно. Энэ үеэр 50 мянган жуулчин ирэх бөгөөд бэлтгэл ажлаа эхлүүлээд байгаа ажээ. 2024 оны 2-р сард Наадмын зохион байгуулагчдын зүгээс "Буриад зон Дэлхийн буриадуудын их хурлыг зохион байгууллаа. Энэ хурлаар шинэчлэл хийх ёстой юм байна гэдэг дээр санал нэгдсэн байна.

Наадмын ач холбогдол[засварлах | кодоор засварлах]

Монгол Улсын Засгийн Газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, холбогдох яам, байгууллагуудын зүгээс ч Алтаргана их наадамд ихээхэн анхаарал хандуулж, зохих дэмжлэг үзүүлж ирсэн байна. Наадамд уламжлалт төрлүүдээс гадна бөхийн барилдааныг монгол бөхийн жишгээр явуулах, их насны морьдын уралдаан явуулах, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах зэрэг өөрчлөлт орсон байна. Мөн уран сайхны кино гэсэн шинэ номинаци нэмэгдсэн. Халимаг, Баргаас хүртэл төлөөллөө оролцуулдаг болсон ажээ. Ийнхүү өнө удаан жилийн баялаг түүх, соёлын арвин уламжлалтай Буриад зоны бахархал болсон Алтаргана их наадмын утга агуулга, ач холбогдол нь жилээс жилд нэмэгдэн, улмаар бүх монгол туургатныг хамрах төлөв ажиглагдаж байна. Үүний цаад шалтгаан нь асар хурдацтай өөрчлөгдөн хөгжиж буй өнөөгийн дэлхий ертөнцөд дан гагц буриадаар тогтохгүй нийт Монгол угсаатанд уламжлалт өв соёлоо хадгалан үлдэх, үр хойчдоо өвлүүлэх, хөгжүүлэн бэхжүүлэх шаардлага тулгарч байгаатай холбоотой.