Андрей Козырев

Андрей Козырев (орос. Андре́й Влади́мирович Ко́зырев, 1951 оны 3-р сарын 27-нд Бельги улсын Брюссель хотод төрсөн) — Оросын төрийн болон улс төрийн зүтгэлтэн. 1990 онд ОХУ байгуулагдахад анхны Гадаад хэргийн сайд 1990 оны 10-р сарын 11-нээс 1996 оны 1-р сарын 5 хүртэл ажилласан. ОХУ-ын Төрийн Думын 1, 2-р чуулаганы гишүүнээр сонгогдож байсан. Төрийн өндөр албан тушаалаас буугаад бизнес эрхэлсэн.
2012 оноос гэр бүлийн хамт АНУ-ын Майами хотод амьдарч байгаа. Оросын өнөөгийн улс төрийн тогтолцоо болон Ерөнхийлөгч Владимир Путины үйл ажиллагааг шүүмжилдэг.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1951 оны 3-р сарын 27-нд Брюссель (Бельги) хотод ЗХУ-ын Гадаад худалдааны яамны инженерийн гэр бүлд төрсөн. Эцэг, эх нь Бельгид удаан хугацаагаар томилолтоор ажиллаж амьдарч байсан. А.Козыревын хоёр авга ах Зөвлөлтийн армийн хурандаа цолтой байв.
1968-1969 онд "Коммунар" машин үйлдвэрлэлийн үйлдвэрт слесарь хийж байсан. Сургуулийн дараа үйлдвэрлэлд ажиллаж байсан эсвэл армид алба хааж байсан хүмүүсийг их дээд сургуульд элсүүлэх, эсвэл ажилчдын факультетаар дамжуулан элсүүлэхэд давуу эрх олгодог байсан тул түүний ажлын туршлага нь түүнд хөнгөлөлттэй нөхцөлөөр Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуульд (орос. MГИМО) элсэх боломжийг олгосон.
1969-1974 онд МГИМО-д сурч олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн. 1973 онд ЗХУ-ын Коммунист намд элссэн.
1974-1979 онд ЗХУ-ын Гадаад хэргийн яамны Олон улсын байгууллагын хэлтсийн туслах ажилтан, ахлах ажилтан.
1977 онд тэрээр "Зэвсэг хураах үйл ажиллагаанд НҮБ-ын үүрэг" сэдвээр түүхийн шинжлэх ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.
1979-1980 он - ЗХУ-ын Гадаад хэргийн яамны Олон улсын байгууллагуудын газрын атташе.
1980-1986 он - ЗХУ-ын ГХЯ-ны Олон улсын байгууллагуудын газрын гуравдугаар, хоёрдугаар, нэгдүгээр нарийн бичгийн дарга.
1986-1988 онд ЗХУ-ын Гадаад хэргийн яамны Олон улсын байгууллагуудын газрын зөвлөх, хэлтсийн дарга.
1988-1989 онд ЗХУ-ын ГХЯ-ны Олон улсын байгууллагын хэлтсийн орлогч дарга.
1989-1990 онд ЗХУ-ын ГХЯ-ны Олон улсын байгууллагын хэлтсийн дарга.
Гадаад хэргийн сайд
[засварлах | кодоор засварлах]1990 оны 10-р сарын 11-нд Зөвлөлт Оросын Сайд нарын Зөвлөлийн дарга Иван Силаевын санал болгосноор РСФСР-ын Гадаад хэргийн сайдаар томилогдов. 1991 оны 7-р сарын 25, 1992 оны 12-р сарын 23-нд ОХУ-ын Сайд нарын Зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн байгуулагдсантай холбогдуулан, мөн 1991 оны 11-р сарын 14-нд засгийн газар байгуулагдсантай холбогдуулан дахин томилогдсон.
1990 оны 12-р сарын 12-нд Оросын "Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд" цол хүртсэн.
1991 оны 12-р сард тэрээр ЗСБНХУ-ын оршин тогтнолыг дуусгавар болгох, Тусгаар Улсуудын Хамтын Нийгмэлэгийг байгуулах тухай Беловежийн хэлэлцээр бэлтгэх ажилд оролцсон байна.
1993 оны 10-р сарын 20-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцины зарлигаар түүнийг ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүнээр томилсон байна.
А.Козырев 1991-1995 онд тэрээр Оросын гадаад бодлогын чиг хандлагыг тодорхойлж байсан. 1992 оны 2-р сард Ерөнхийлөгч Борис Ельцин АНУ-д айлчлахад дагалдан явсан.
1996 оны 1-р сарын 9-нд түүнийг ОХУ-ын Төрийн Думын 2-р хурлын депутатаар сонгогдсонтой холбогдуулан өөрийнх нь хүсэлтээр ОХУ-ын Гадаад хэргийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн.
2000 оноос бизнес эрхэлж байгаад 2012 онд АНУ руу цагаачилсан байна.
2015 оны 7-р сарын 20-нд "The New York Times" сонинд Козыревын "Орос улс дэглэмийн өөрчлөлтийн замд" нийтлэл хэвлэгдсэн байна. Зохиолч Путины "авторитар, барууны эсрэг, авлигад идэгдсэн" улс төрийн тогтолцоо зайлшгүй нуран унах болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Козыревын таамаглалаар энэ нь хэзээ болох нь тодорхойгүй боловч цаг хугацааны асуудал юм гэжээ. Зохиолч барууны удирдагчдыг Орост Путины дэглэмийн өөрчлөлтийг хүлээх биш, одоо арга хэмжээ авахыг зөвлөж байв.