Антон Брукнер

Брукнер 1890 онд

Антон Брукнер

(1824-1896)

    Хоёр зууны зааг дээрх Австрийн хөгжмийн урлаг германы хөгжмийн уран бүтээлтэй салшгүй холбоотой хөгжиж ирсэн болно. Өнгөрсөн зууны сүүлчийн австрийн хөгжмийн зохиолчид дундаас Антон Брукнер тод ялгаран харагдана.

    Антон Брукнер 1824 оны 9-р сарын 4-нд Австрийн Ансфелден тосгонд багшийн гэр бүлд төржээ. Энэ гэр бүлийн арван нэгэн хүүхдийн ууган нь тул бага наснаасаа хүнд хөдөлмөр хийж эцэг эхдээ туслах хэрэгтэй болжээ. Түүний хөгжмийн авьяас багад нь тодорч төгөлдөр хуур, хийл, орган хөгжимд суралцаж эхэлсэн байна.

    Тэрээр 10 настайгаасаа ажлын мөр хөөж багш эцгийнхээ туслах, сүмийн найрал дуунд дуучин, хязгаарын бөглүү Линц хотын cүмийн органч зэрэг ажил хийж байлаа. Нэн цөөн удаа Вена орж онолч Зехтертэй уулзаж бие дааж олсон мэдлэгтээ зөвлөлгөөн авахад хүрдэг байжээ. Тэрээр 1840-1841 онд ардын багш нарын курст суралцаж тосгоны багш болсон бөгөөд энэ хугацаанд Дюрнбергерийн хөгжмийн лекцэнд сууж мэдлэгээ тэлжээ. Брукнер хөгжмийн боловсролын үндсээ энэ хүнээс авсан гэж хожим тэмдэглэсэн бий.

    Брукнер, тосгоны багшийн туслахаар ажилласан энэ хугацаанд олон зохиол бичсэн байна. Тэр ч атугай гадаалж явахдаа толгойд харвасан аялгуу сэдвийг дэлбэгэр бүрх малгайнхаа хүрээн дээр хүртэл тэмдэглэж явсан гэнэ. 1845 оны зэрэг ахиулах шалгалтаа онц дүнтэй өгч жинхэнэ багшийн зэрэг хүлээж авсан энэ үеэс Бах, Хайдн, Моцарт, Бетховен, Шуберт зэрэг сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээлийг анхааралтайяа судалж эхэлсэн байна. Хэдийгээр ажил төрөл гайгүй өөдрөг байсан боловч түүний тэмүүлэл, сэтгэл бодлыг хуваалцах хүн олдохгүй, ихэд ганцаардмал байжээ.

    1856 онд Линц хотын сүмийн орган хөгжимчдийн уралдаан зарлахад Брукнер ялж ийнхүү 32 насандаа мэргэжлийн хөгжимчин болжээ. Энэ үед Брукнер найрал дуу, цөөхүүл болон органд зориулсан олон зохиол бичсэн байсан боловч бие дааж туурвих бэлтгэл яагаа ч үгүй байна гэж үзэж уйгагуй хөдөлмөрлөж сурч байлаа. Тэрээр Венад суудаг онолч Зехтерийн зөвлөлгөөнийг авч харилцдаг байсан бөгөөд нэгэн удаа 3ехтерт өөрийн зохиолын 17 дэвтрийг илгээсэн нь түүний гайхлыг төрүүлжээ. Брукнер 1861 онд Венийн хөгжмийн дээд сургуулийн органчийн ангид шалгалт өгч өндөр үнэлэлт авсан байна. Үүнчлэн Венад Вагнерын алдарт дууриудыг тоглож тэрээр энэ алдарт хүнтэй биеэр танилцсан нь олдошгүй завшаан болжээ. Вагнер нэлээд хожим "Бетховенд хэн илүү ойртож байгааг би мэдэж байна. Энэ бол "Брукнер" гэж хэлсэн нь тун оносон үг байжээ.

    Линц хотноо Брукнер гоцлол болон найрал, дуу, найрал хөгжимд зориулсан гурван месса, яруу удиртгал, фа минорын симфони зэрэг олон том зохиол туурвисан байна Энэхүү симфонийг онгод муутай "сурагчийн" симфони гэж тэр цагийн хөгжимчид тэмдэглэсэн байна. Тэрээр 1863-64 онд "дугааргүй симфони" гэж нэршсэн хоёрдугаар симфонио бичсэн нь түүний цаашдын симфони дахь романтик нүүр царайг тодорхойлж өгсөн билээ.

    Ингэж туршиц хийсний эцэст 1865-66 онд Брукнер до минорын анхдугаар симфонио туурвижээ. Энэ зохиол ихээхэн хожуу 40 настайдаа туурвилаа эхэлж арга барилаа олсныг гэрчилсэн симфони билээ. Ийнхүү суралцах хугацаа дуусч бүтээх зам эхэлсэн буй.

    Түүний анхдугаар Мессийг Линц хотноо 1864 онд тоглоход орон нутгийн сонинд "Брукнерийн намтрыг бичих хожмын тэр түүхч 1864 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг онцлон тэмдэглэвэл зохино. Энэ бол тэнгэрийн хаяанд шинэ од гялалзсан өдөр болой. Хотын бүх сэхээтэн, Бетховен, Шуберт хоёроос хойш ийнхүү сэтгэл догдолж үзэгдээгүй бөлгөө" гэсэн тэмдэглэл нийтлэгдсэн байв.

    Амжилтын энэ цуурай Венад хүрчээ. 1868 оны 5 дугаар сарын 9-нд түүний нэгдүгээр симфонийг анх Линцэд хөгжимдсөний дараа Венийн сонинд "Хэрэв Брукнерийг Венийн хөгжмийн дээд сургууль төрүүлсэн гэдэг мэдээ байгаа бол энэ сургуульд баярлахаас өөр зүйлгүй" гэж Ганслик бичжээ. Харин Брукнер энэ хүн хожим нь түүний эвлэршгүй дайсан болохьг тааж үл мэджээ.

    Тэрээр ухаандаа орж ирсэн их зүйлийг бүтээхийн тулд бяцхан Линц хотоос холдож их хотод суурших хэрэгтэй байлаа. Гэтэл эмгэнэлт явдал нөмрөн айсуй. Зүйрлэшгүй хүнд хөдөлмөр, амьдралын нөхцөл, хүч авъяастаа үл итгэх эргэлзээ, хайртай бүсгүй нь түүнээс татгалзсан явдал, хамгийн дотно хүн-эх нь нас барсан эмгэнэл энэ бүхэн Брукнерт хүнд цохилт буулгаж 1867 онд ухаан санааны гажилт хүргэжээ. Энэ бүхнээс болж Брукнер Дунай мөрний ёроолд хэвтэж байх ёстой юм байж гэсэн хачин бодолд хүртэл автаж байжээ. Гэвч хөгжмийн тэнгэрт хайртай сэтгэл нь ийм явдалд арай хүргэсэнгүй. Брукнер мэргэжлээ өөрчлөх эсвэл түүний авьяасыг хүндэтгэхүйц гадаад оронд гардаг юм уу гэсэн эргэлзэлд ээрүүлсээр эцэст нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлсээр дээрдэж тэр хий үзэгдлээс ангижирсан ажээ...

    Брукнерийг Венийн хөгжмийн дээд сургууль багшлуулахаар урьсан боловч тэрээр өөрийн хүчинд итгэлгүй нэлээд азнасны эцэст зөвшөөрч 1868 оноос эхлэн ажиллаж 4 жилийн дараа профессор цол хүртсэн байна. Түүний шавь нараас Густав Малер, Артур Никиш зэрэг дэлхийд нэртэй хүмүүс төрж гарсан билээ. А.Брукнер ийнхүү Венад суурьшсан амьдралынхаа сүүлийн 25 жилд түүнийг хөгжмийн суут хүмүүсийн зиндаанд хүргэсэн алдарт хоёрдугаар симфониос есдүгээр симфони хүртэлх бүтээлээ туурвисан билээ.

    Гэвч Венад суурьшаад аж төрөл дээшилсэн хэдий ч тэр үеийн хөгжмийн уран бүтээлийн хоёр урсгалын эргүүлэгт орчихоод ихэд зовон шаналсан байна. Дээр дурдсан алдарт симфониудаа бичсэн боловч уран бүтээлчийн жаргалыг олон жил эдэлсэнгүй. Тэр цагт хүчтэй өрсөлдсөн "Брамсчууд" "Вагнерчууд" хоёрын тэмцэл дээд цэгтээ хүрч байсан үед Брукнер Вагнерын талынхны замаар явж туурвисан нь "Брамсчуудын" дайралтад ихэд өртсөн билээ. Брукнерийн анхдугаар симфонийг 1868 онд магтан бичиж асан мөнөөх Ганслик энэ удаад түүнийг хараан дайрч сонгосон замаасаа ухрахыг үргэлж шаардах болсон байна. Харин Брукнер дэндүү бүрэг хүн боловч өөрийн арга барилд туйлбартай зарчимч байж "Тэд намайг өөрсдийнхөөрөө бич гэж шаардаж байна. Би ингэж чадах боловч тэгэхийг хүсэхгүй" гэдэг байв. Гэхдээ Гансликтай тэмцэхэд түүний хүч хүрэхгүй байв. Сонины сурвалжлагч, түүний намтрын талаар асуулт тавихад Брукнер гагцхүү Гансликийн нэрийг бүү дурдаарай. Тэртэй тэргүй энэ хүн надад хэтэрхий хатуу байгаа юм" гэж байжээ. Yүнчлэн энэ явдлын тухайд зориуд ийм хошин яриа хүртэл гаргасан нь: Австрийн эзэн хаан нэгэн өдөр Брукнерээс "Та надаас юу хүсэхсэн бол?" гэхэд тэрээр "Тэнгэр таалалт минь над руу дайрдаг Гансликийн хараал зүхлийг болиулж өгч үзнэ үү "хэмээн гуйсан гэнэ.

    Брукнер 1872 онд хоёрдугaар симфонио бичиж сургyуль хийлгэсэн боловч удирдаач нь Гансликийн талын хүн тул энэ зохиолыг учир утгагүй, дэндүү урт байна гэсэн тул 40 такт ч хамаагүй хасах буулт хийсэн боловч тэр удирдаач илүү ихийг шаарджээ. Тэгэхэд нь Брукнер зохиолоо уурсан авч өөр найрал хөгжим гуйж 1873 онд Вагнерын Нийгэмлэгийн концертод өөрөө удирдан анх эгшиглүүлжээ. Энэ удаад тус нийгэмлэгийн гишүүд түүнд анхны баяр баясгаланг авчирч, зохиолыг нь чин халуун сэтгэлээс магтан сайшаажээ.

    Вагнерт зориулсан тансаг cайхан гуравдугаар симфонийг нь (1877 он) хүмүүс хүлээж авсанrүй. Брукнер барагтайхан удирдаач тул өөрөө удирдаж тоглуулснаас тэр үү, сонсогчид уг концертыг хаян явцгаажээ. Харин аз завшаан түүнд мишээж уг концертод байсан хэвлэлийн эзэн Реттиг энэ бүтээлийг нь хэвлэхээр болсон байна.

    Хамгийн алдартай зохиолуудаа олны дунд хүлээн зөвшөөрөгдөхийг хүлээж уран бүтээлчийн зовлонг олон жил эдэлсэн хүн нэн цөөн бөгөөд түүний нэг Брукнер байсан бөлгөө. Tүүний дөрөвдүгээр (Романтик) симфони 16 жил, тавдугаар симфони 23 жил, зургадугаар симфони 18 жилийн дараа анх тоглогдож байсныг энд дурдахад хангалттай буй заа.

    Харин Брукнерт аль хэдийнээ хүртэх байсан алдар хүндэтгэл гaгцгүү 1884 онд түүний долдугаар симфонийг хөгжимдсөнөөр эзэндээ ирсэн билээ. Энэ жил Брукнер 70 настай байв. Түүнийг хүндэтгэгч үнэнч шавь Артур Никиш энэ симфонийг 1884 оны 12 дугаар сарын 30-нд Лейпциг хотноо удирдан хөгжимдуүлсэн байна.

    Брукнер энэ суут зохиолынхоо удаах ангийг бичиж байх уед 1883 онд түүний хүндэтгэн шүтэж явдаг их хүн Вагнер нас нөгчсөн тул энэ ангийг түүний дурсгалд зориулсан ажээ. Долдугаар симфоний анхны тоглолт Брукнерт алдар нэр авчраад зогсоогүй хөгжмийн зохиолчийн урьд хожмын бүх зохиолыг нь хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн бөгөөд энэ үеэс эхлэн түүний бүх симфони тайзнаа эгшиглэх болсон байна.

    Хэвлэл, шүүмжлэлд түүнийг магтан хүндэтгэх болж "Брукнер бол Бетховенийг залгамжлах суутан мөн", "Брукнерийн долдугаар симфони бол хөгжмийн хосгүй бүтээл" гэж магтах болов. Харин Ганслик аанай л янзаараa үлдсэн ч түүнийг дагалдагчдын тоо эрс цөөрсөн билээ.

    Yүнчлэн цагийг эзэлсэн нэрт удирдаач нар Брукнерийн зохиолыг удирдан хөгжимдүүлэхийг завшаан хэмээн үзээд түүний анхны симфониудыг өмнөө дэлгэн тавьцгааж урьд нэгэн үед дээр дурдсан хоёр чиглэлийн зохиолчдын алийг дагахаа эргэлздэг байсан хөгжмийн хүмүүс хүртэл одоо болохоор аливаа эргэлзээгүй Брукнерийн талд зогсоцгоох болжээ.

    1892 онд Вена хотноо Брукнерийн наймдугаар симфони асар их амжилттай эгшиглэв. Энэ бол түүний симфонийг анх удаа Венад хөгжимдсөн түүхэн учрал билээ. Мөн онд Венад нээсэн хөгжмийн үзэсгэлэнгийн үеэр Брукнерийн гурав, дөрөвдүгээр симфониудыг хөгжимдөж Хамбург, Байройт хотноо ре минор, фа минорын хоёр мессийг дуулсан байна. Үүний зэрэгцээ алдарт долдугаар симфони нь Көльн, Хамбург, Грац, Амстердам, Нью-иорк, Берлин хотод цууриатсаар, гуравдугаар симфоний нь Парист нэн сайхан хөгжимдсөн мэдээ ирж, энэ үед түүний цөөхүүл хөгжмийн ганц зохиол болох чавхдаст тавалд зориулсан тансаг зохиолыг Берлинд хөгжимдөж байжээ.

    Брукнер хүнд өвчтэй байсан боловч есдүгээр симфонио бичсээр байв. Тэрээр хамаг хүчээ шавхан байж зохиол бичихийн зэрэгцээ Венийн хөгжмийн Хурээлэнгийн концертод очиж шинэ зохиол сонсдог байж. Түүний хамгийн сүүлчийн удаа энд сонссон зохиол нь Рихард Штраусын "Тиль Уйленшпигелийн зугаатай явдлууд" яруу найраглал байв. Ийнхүү Брукнер хөгжимд буй болсон шинэ одын амжилтын гэрч болсон байна.

    Брукнер 1896 оны аравдугаар сарын 11-нд сүүлчийн бүтээл болох есдүгээр симфонийхоо төгсгөл ангийг гүйцээж чадалгүй үзгээ гартаа барьсаар нас барсан байна.

Дөчин насандаа анхны том бүтээлээ (ре минорын Месса) бичиж жар-далан насандаа алдар хүндэтгэл хүлээсэн энэ хөгжмийн зохиолчийн хамгийн дуртай хөгжмийн төрөл нь симфонийн том хэлбэрийн зохиол бөгөөд тэгээд ч энэ төрлөөр нэрээ дархалж арван есдүгээр зууны симфонизмын оргил болж дараах зууны хөгжимд асар их нөлөө үзүүлсэн 9 симфони туурвисан билээ.

    Брукнерийн симфониудыг Шуберт эх суурийг нь тавьсан дуулалт симфони хэмээн нэрлэгдсэн австрийн симфонизмын үргэлжлэл гэж үзүүштэй. Энэ хоёр хөгжмийн зохиолчийн бүтээлд ардын хөгжмийн хөг аясыг ихээхэн ашиглаж байгалийн зургийг хөгжмөөр өpгөн дэлгэр дүрслэх, сэтгэл санааны дэврэл буурлыг сөргүүлэн үзүүлэх зэрэг эерэг сөрөг хөгжмийн өгүүлэмжээрээ ихээхэн ойр байдаг. Гэхдээ Брукнерийн симфониуд ямагт өргөн сүрлэг, цараа далайцтай олон хоолойн зохирлоор дүүрэн байдгаараа түүний зохиол өвөрмөц гүнзгий агуулгатай.

    Түүнчлэн Брукнерийн уран бүтээлийн үндэс ганцхан Шубертийн зохиолтой ойр төстэй гэж үзэж болохгүй юм. Брукнер И.С.Бахын зохиолын олон хоолойн эд эс, чанд бичлэгийн арга, түүний хэлбэрүүдийг симфонид авч ашиглах зэргээр Бахаас суралцсан нь илэрхий харагддаг. Гэтэл Бетховений хөгжмөөс сүрлэг далайц, гүн ухааны өрнөл зөрчлийг нь өөрийнхөө симфонизмд уламжилсан байдаг бол дээр товч өгүүлснээр Шубертийн романтизмаас дотоод сэтгэлийн нарийн хувьсал өөрчлөлтийг өгүүлэх арга, байгалийн диалектикийг сэтгэхүйтэй холбож дүрслэн зураглах туульсын цараа, дуулалт шинжийг нь өвлөн хөгжүүлсэн ажээ.

    Харин, өөрийнхөө үеийн зохиолчид тухайлбал, Лист, Вагнер нараас өрнүүн дэврүүн сэтгэлгээ, уран хэллэг, төвөгтэй зохирол, чөлөөт дэлгэр бичлэг, найрал хөгжимд найруулах сүүлийн үеийн ололт сэлтийг ихээхэн анхаарсан нь илт бий. Энэ бүхний олон үеийн хөгжмийн арга чиглэлийг хослон шүтэлцүүлсэн түүний уран бүтээл, ялангуяа сүүлчийн симфониудыг хөгжмийн түүхэнд хожуу үеийн романтизмд хамааруулан дүгнэдэг байна.

    Гэхдээ Брукнерийн симфониудын зохиомж, хөгжмийн хэллэг, бичлэгийн арга, дүрслэл огт өөр юм. Вагнерын баримталдаг хөгжмийн драматургийн орь зарчмаас Брукнер нэн хол билээ. Тэрээр Листийн хөтөлбөрт симфонийн аргыг өндөр үнэлдэг боловч өөрийнхөө симфониудад уран зохиол, уран зургийн зэрэг аливаа хөтөлбөр хэрэглэхээс татгалздаг байжээ. Хэдий ийм боловч Брукнерийн симфониуд уран дүрслэлийн их хүчтэйгээр барахгүй, хөтөлбөрт симфонид хамааруулж болохуйц тод зураглал өгүүлэмжтэй байдаг.

    Брукнер, романтикуудын хөтөлбөрт симфониос зайлсхийхдээ тэдний зохиолын зохиомж бүтцийн шинэ зүйлийг хүлээж аваагүй, жишээлбэл, Берлиозын таван ангит "Уран зөгнөлийн симфони", Листийн 3 ангит "Фауст симфони" шиг бүх ангийг холбосон нэвтрэн гарах сэдэвтэй зохиол Брукнерт байхгүй. Түүний симфониуд сонгодог уламжлалд бат тулгуурласан байна Тэрээр симфоний нэгдмэп дөрвөн ангит туульсын төрлийн зохиол байх ёстой гэж үздэг байв. Үүгээр ч бараxгүй түүний бүх симфони нэг загвараар бүтсэн юм шиг байх боловч мэдээжээр тэдгээрийн агуулга өөp өөр билээ.

    Брукнерийн симфонийн нэгдүгээр ангид зохиолын үндсэн зөрчил илрэх бөгөөд энд эсрэг тэсрэг хүчийг хурцаар сөргүүлэн тавьсан байдаг. Удаах буюу дэд ангид дээрх зөрчил нэн хурц гүн ухааны санаашрал улам гүнзгий илэрнэ. Энэхүү анги бол сэтгэхүйн өрнөл зөрчлийн жинхэнэ төв байдаг, ийм ч учрааc түүнийг Бетховеноос хойшхи симфонийн удаан ангийн их ур чадвартан, адажиогийн гүн ухаантан хэмээн нэрлэсэн буй. Харин "Скерцо" буюу гутгаар анги нь гүн ухааны тэр хүнд сэтгэлээс сонсогчдыг түр чөлөөлж амсхийлгэх хөгжүүн сэргэлэн аястай байдаг. Энэ ангид Брукнер ардын маягтай дуу бүжгийн хэмнэлийг ихээхэн ашигласан байдаг. Төгсгөл буюу дөрөвдүгээр анги нь дээрх бүх цувралын дүгнэлт, туйлын цэг болно. Брукнер түрүүч ангиудын сэдвийг энд дахин өрнүүлэн ашиглаж ер бишийн цараа далайцтай, өpгөн сүрлэг дуулал зохирлоор аливаа симфонио төгсгөдөг байна. Энэ бол нар, амьдрал, гэрэл туяанд өргөх сүлд дуулал мэт хүндэтгэлийн магтаал болой.

    Дашрамд тэмдэглэхэд Брукнерийн симфонийн туурвилд онцгой ялгарах үе шат үгүй, түүний уран бүтээлийн эхэн үед хэдэн яруу удиртгал, үүнчлэн өөрөө голж орхисон хоор симфониор хязгаарлагдана. Харин До минорын нэгдүгээр симфони нь хөгжмийн зохиолчийн арга барил тоглож байгааг харуулдаг бол хоёрдугаар симфони нь арга барилaа олсныг батална. Удаax симфониуд нь цөм нэг арга барилтай. Харин наймдугаар болон есдүгээр симфони нь хөгжмийн зохиолчийн илэрхийлэх арга хэллэг нэлээд нарийн төвөгтэй болж буйг харуулдаг.

    Брукнер сүүлчийн энэ хоёр зохиолдоо симфонийн уламжлалт ангиудын байрлалыг өөрчилсөн. Үүнд уламжлалт удаан дэд ангийн оронд сэргэлэн цоглoг III анги буюy "Скерцо"-г байрлуулж түүний оронд II удаан ангийг байрлуупсан байна. Энэ нь шинэчлэлийн хойноос утгагүй хөөцөлдсөн хэрэг огт бус, уг зохиолуудын нэгдүгээр ангийн хурц өрнөл зөрчил, сэтгэхүйн ачааллыг гүн бодлогошролын удаан ангитай (адажио) зэрэгцүүлэн тавьж болохгүй байсантай холбоотой.

    Энд Антон Брукнерийн зарим симфонийн тухай товч егүүлье. Гуравдугаар симфони-ре минор. Энэ зохиолыг 1873 онд бичиж 1876-1877 онд хоёр дахь засвар, 1888-1889 онд сүүлчийн засвар хийсэн. Брукнер энэ симфонио суут Вагнерт зориулахаар бодож түүнд захиа бичсэн боловч хариу ирээгүй тул хоёрдугаар, гуравдугаар симфонио авч Байрейтад байсан Вaгнертай нүүр учрахаар оджээ. Энэ уулзалтын тухай тэр цагийн ийм нэгэн яриа үлджээ. Байрейтийн театрын барилга бариулахаар завгүй байсан Вагнер эхлээд Брукнерийг хүлээж авахаас татгалзсан гэнэ.

    Тэгэхэд нь Брукнерийн баахан дургүй хүрч "Эрхэмсэг хөгжимчин энэ ямархан зохиол болохыг мэдэхийн тулд гагцхүү сэдвийг нь харчихад л хүрэлцээтэй сэн" гэжээ. Вагнер хоёрдугаар симфонийг нь үзсэний дараа "Овоо болж” гээд гуравдугаар симфонийн 1-р ангийг эхлэн үзэж байснаа "Энэ чинь юу гээч вэ! Хараач, үүнийг хараач!" гээд "Энэ зохиолoо надад орхино уу, би тухтай үзье" гэсэн гэнэ. Маргааш нь Вагнертай уулзахад тэрээр Брукнерийг тэврэн авч "Эрхэм Брукнер минь энэ зохиолоо надад зориулсанд нэн таатай байна. Таны энэ симфони миний сэтгэлийг их догдлууллаа" гэжээ.

    Брукнер энэ симфонио эхлээд Вагнерын зохиолын олон сэдвийг ишлэл болгон ашигласан бөгөөд харин сүүлчийн засварласан удирдварт зөвхөн удаан ангийн төгсгөлд яльгүй хэсгийг үлдээжээ. 1877 онд энэ симфонийг зохиогч өөрөө удирдан хөгжимдүүлж амжилтгүй болсныг дээр өгүүлсэн бөгөөд 90-ээд оны үед л энэ зохиолыг өндөр үнэлэх болсон билээ.

    Зарим судлаачид энэ зохиолыг Бетховений гуравдугаар симфонитой жишиж "Баатарлаг" симфони гэж нэрлэсэн байдаг. Үнэхээр ч энэ хоёр зохиолын нэгдүгээр ангиуд өрнөл зөрчлийг хурцаар тодруулж тэмцлийг өгүүлсэн байдлаараа төстэй тал бий. Брукнерийн энэхүү гуравдугаар симфонийн хувьд гэвэл. Энэ зохиол нь бүхэлдээ хүний амьдралын зорилго, түүний оюун хүчин чадал, хүний тухай бодлоор дүүрэн гүн ухааны сүрлэг далайцтай туульсын өргөн цараатай туурвил юм. Вагнерыг шүтэн бичих нөлөөн доор бичсэн учраас түүний ул мөр уг симфонийн хэллэг, бичлэгийн аргад ихээхэн бий. Гэвч энэ бол Брукнерийн үзэл санаа, арга барилыг хурц тод баталсан их өвөрмөц бүтээлд тооцогдоно.

    Дөрөвдүгээр симфони-ми мажор. Энэ симфоний загварыг аанай гуравдугаар симфонио бичиж байх үедээ гаргасан бөгөөд 1874 оны эхэн хагаст гурван анги нь бэлэн болсон байв.

    Наймдугаар сард Төгсгөл ангийг нь гүйцээж бүх ангийг найрал хөгжимд найруулах ажил 11-р сард дууссан байна. Харин 1880 онд сүүлчийн засвар хийсэн бөгөөд дараа жилийн хоёрдугаар сарын 20-нд анхны тоглолт нь болжээ.

    Дөрөвдүгээр симфони нь Брукнерийн шилдэг зохиолын нэгд зүй ёсоор ордог бөгөөд энэ симфонид түүний уран бүтээлийн арга маяг, түүний үзэл бодол тодорхой илэрч байдаг. Зохиогч энэ зохиолдоо "романтик симфони" гэж давхар нэр өгсөн нь учир утгагүй зүйл биш юм. Брукнер хэдийгээр өөрийн аливаа зохиолд хөтөлбөр сэдэв ашиглаж байгаагуй боловч "романтик" гэсэн нэр, ялангуяа байгалийг нүдэнд харагдах мэт дүрсэлснээс нь үзэхэд аль нэг сэдэв санаа агуулсан байж болох талтай.

    Романтик урлагийн гол шинж болох байгалийг бишрэн дуулах, энгийн аж төрлийг магтан дуулдаг шинж энэ зохиолд бүрэн бий учраас энэ симфони романтик симфонизмд хамаарна. Гэвч энэ зохиолд туульсын далайц, баатарлаг шинж зэрэгцсээр байгаа нь Брукнерийн симфонийн нэг онцгой шинж болохыг мартаж болохгуй.

    Долдугаар симфони-ми мажор. Наяад оны дунд хуртэл Брукнерийг зөвхөн орган хөгжимч, контрапункт зохиомжийн ухааны профессор гэж үздэг байсан бол энэхүү долдугаар симфоний анхны хөгжимдөлтийн (1884) дараа л Брукнерийг симфонийн их зохиолч гэж хүлээн зөвшөөрснийг нэгэнт өгүүлсэн билээ.

    Энэ тохиолдлын төдий зүйл огт биш. Онцлон тэмдэглэхэд, чухамдаа энэ симфонидоо Брукнер уянгалаг романтик, баатарлаг жавхлантай, гэгээ гэрэлд тэмүүлсэн өөдрөг үзэлтэй хүчирхэг дүрүүд, хүний оюун ухааны ер бусын их хуч чадал, түүний олон талт ертөнц, зовлон жаргалыг туульсын өргөн далайцаар сүрлэг яруу дуулсан учраас энэ туурвил дэлхийн хөгжмийн санд орсон юм. Брукнерийн симфонийн онцлог шинж болсон сүрлэг хэлбэр энэ зохиолд төгс боловсорсон байна. Цаг гаруй эгшиглэдэг хугацааг нь бодсон ч зохиолын өрнүүлэл туульсын маягаар нэн аажим алгуур өрнөсөөр туйлын цэгт хүрч байгаагаар үзсэн ч, хөгжмийн зохиолч энэ симфонидоо зориуд найрал хөгжмийн хос бүрэлдэхүүн, гуулин үлээврийн ихэд өргөтгөсөн анги, "Вагнерын" гэж нэрлэгдсэн аргил бүрээний дөрвөл зэрэг нүсэр бүрэлдэхүүнийг ашигласны нь харахнаа ч энэ зохиолоор ямар өргөн агyулга харуулах гэсэн нь тодорхой байна.

     Нас сүүдэр дал гаpсан хөгжмийн зохиолчийн оюуны хүчийг өвчин эмгэг нугалан дарж чадаагүй билээ. Тэрээр амьсгал хураатлаа, зохион туурвисаар байв. Ийм зохиол нь дуусгаж амжаагүй есдүгээр симфони юм. Энэ туурвил Брукнерийн уран бүтээлийн нийтлэг шинж төлөвийг шингээсэн байдаг. Хөгжмийн зохиолч, туулсан амьдрал, туурвисан бүтээлийнхээ тайланг энэхүү зохиолоороо дүгнэх гэсэн мэт есдүгээр симфонид л долоо, наймдугаар симфонийхоо сэдвүүдийг өргөн ашигласан байна.

    Есдүгээр симфони аанай түрүүчийн адил нэн өргөн агуулга, сүрлэг хэлбэрээр бичигдсэн бөгөөд зөвхөн гурван анги нь цаг гаруй хугацаанд дуурьсаж байгаагаас үзэхэд хөгжмийн зохиолч хэрэв төгсгөл ангийг нь гүйцээж бичсэн байсан бол энэ симфонийг сонсоход нэг бүтэн үдэш шаардагдах байсан бизээ. Yүнчлэн эл симфоний удирдварт үлээвэр хөгжмийн гурвалсан анги, "Вагнерын" аргил бүрээнүүдийг нэмэн бичсэн нь хир зэрэг сүрлэг зохиол болох нь илэрхий. Энэ симфонийг, амьдрал үхэл хоёрын догшин ширүүн тэмцлийн эцэст сайн сайхан үйл, хүн төрөлхтөн, урлагийн төлөө амьдралаа хий хоосон үрээгүй хүн гэдэг баатрын тухай сүрлэг дуулал гэж цөөн үгээр дүгнэж болно.

    Антон Брукнер бол XIX зууны хоёрдугаар хагасын хөгжмийн их зохиолчийн нэг мөн. Австрийн ардын хөгжмийн уран бүтээл, сонгодог хөгжмийн уламжлалтай бат холбоотой байж Бетховен, Шубертын симфонизмын сүрлэг аргыг Брукнер сэргээсэн бөгөөд тэгэхдээ Брамс, Лист, Вагнер зэрэг өөрийн үеийнхнээс онхид, өөр замаар энэ сайхан үйлийг бүтээсэн билээ.

ГОЛ БҮТЭЭЛҮҮД

9 симфони (1866, 1872, 1874, 1877, 1881, 1883, 1887, 1896 он). Эхэн үеийн симфониудыг хожим засварласан, 9-р симфони нь төгсөөгүй, эдгээрээс өмнө 2 симфони бичсэн боловч зохиогч нь дугаарлаагүй, амьд ахуй үед нь тэдгээрийг тоглоогүй. Месса, магтуу зэрэг сүмийн олон хөгжим, чавхдаст тавал (1879). Орган, төгөлдөр хуур зэрэг гоцлол хөгжмийн зохиол бий. Брукнерийн бүх зохиолыг 1968 он хүртэл 14 ботиор хэвлэсэн.(Д.Батсүрэн)

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]