Антон Павлович Чехов
Антон Павлович Чехов (1860-1904) нь Оросын алдарт богино өгүүллэг болон жүжгийн зохиолч байв.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Антон Чехов Оросын Хаант улсын Таганрог хотод 1860 оны 1 сарын 29-нд / өнөөгийн Ростов муж/ төрсөн. Түүний өвөг эцэг - Егор Михайлович Чех хамжлаг байгаад газрын хөлсөө төлж чөлөөт ард болж чадсан нэгэн байжээ. Жижиг хүнсний мухлаг ажиллуулж байсан эцэг Павел Егорович Чехов, (1854 оны 10 сарын 28-нд гэрэлсэн) Евгения Яковлевна Чехова нарын 3 дахь хүүхдээ Антон гэж нэрлэсэн байна. Түүний хүүхэд нас шашны баяр, ёслолд оролцох хэлбэрээр өнгөрч байжээ. Энгийн өдрүүдэд сургуулийн дараа эцгийнхээ мухлагийг манах ажилтай амралтын өдрүүдэд сүмд найрал дуу дуулдаг байжээ. А.Чехов бага насаа дурсахдаа "Бага насгүй хүүхэд нас" гэсэн байдаг.
1876 онд эцгийнхэн худалдааны мухлаг дампуурч, гэр бүл нь хамаг юмаа зараад шөнө дөлөөр Москва руу зугтаж Антон хүү 1879 он хүртэл Таганрог хотод үлджээ. Тэрээр 1879 онд дунд сургуулиа төгсөөд Москвагийн Их сургуулийн Анагаах ухааны ангид элсэн оржээ. Энэ үеэс буюу 1884 онд "Мельпомены үлгэрүүд" нэртэй богино өгүүллүүдийн түүвэр гарч Антоша Чехонте хэмээх нууц нэр ашиглаж эхэлжээ. Тэрээр уран бүтээлийнхээ турш олон арван нууц нэр хэрэглэж ирсэн байна.
Тэрээр 1884 онд сургуулиа дүүргэж эмчлэх эрхээ авчээ. А.Чехов амьдрахын эрхэнд хошин өгүүлэл бичиж байжээ. 1886 онд алдарт оросын зохиолч Дмитрий Грегоровичтой учирсан нь түүнд утга зохиолын замналдаа өөрчлөлт хийх үндсэн шалтгаан болсон байна. Грегорович түүний утга зохиолын авъяасыг нь үнэлэхийн зэрэгцээ, хошин зохиолд авъяас, цаг заваа зарцуулахад харамсалтай юм гэжээ. Үүнээс хойш Чехов бүрэн хэмжээний өгүүллэг, зохиол бичих ажилд шамдан орсон байна. үүнээс хойш "Аз жаргал", "Зэгсэн бишгүүр", "Цөл", "Дэнлүү" зэрэг нэрд гарсан бүтээлүүд нь төрөн гарчээ. Мөн энэ үед бичсэн зохиолуудад нь Лев Толстойн сүүлийн үеийн бүтээлүүдээс нөлөө авсан зүйлүүд ч их байдаг.
1887 онд бичсэн анхны жүжгэн зохиол болох "Иванов" нь 1888 онд тайзнаа тоглогдож, 1889 онд Санкт-Петербургийн Александрын драмын театрт дахин тоглож, түүнд алдар хүндийг авчирсан юм. Үргэлжлүүлэн тэтгэвэрт гарсан хөгшин профессорын тухай бичсэн "Нуршуу яриа" зохиолдоо Чехов өөрийн амьдралын зорилго алдсан үеийн айдас, эргэлзээгээ тусган бичсэн гэдэг. 1890 онд тэрээр тухайн үеийн цөллөг байсан Сахалин арал уруу аялж, байгалийн хатуу ширүүн, цөллөгийнхний амьдралыг нүдээрээ үзсэнээ "Сахалин арал" хэмээх аяллын тэмдэглэл болгон хэвлүүлжээ. Энэ аяллаар түүний нийгмийг харах үзэл бодол нь өөрчлөгдөж өргөссөн ч гэдэг. Дараа жил нь Баруун Европ руу аялсан байна.
Сонгодог зохиолууд
[засварлах | кодоор засварлах]1892 онд Москвагаас холгүй орших Мелихово хэмээх газрыг худалдан авч 1899 он хүртэл тэндээ амьдарчээ. 1896 онд "Цахлай" хэмээх жүжгэн зохиолоо бичиж Санкт-Петербургийн Александрын драмын театрт тоглосон боловч амжилтгүй болсноороо Оросын драмын жүжгийн түүхэнд бичигджээ. Гэвч 2 жилийн дараа Москвагийн драмын театрт дахин тоглож түүний нэр алдрыг дахин баталгаажуулж өгчээ.
1899 онд Ялтад нүүн суурьшиж энд богино хэмжээний зохиол "Нохой дагуулсан эзэгтэй", мөн 1899 онд Москвагийн драмын театрт тоглосон "Нагац ах Ваня", 1901 онд анхлан үзэгчдийн хүртээл болсон "Эгч дүү гурав" зэрэг жүжгэн зохиолуудаа тууривжээ. Тэрээр "Эгч дүү гурав" жүжгийн Машагийн дүрд тоглосон Ольга Книппертэй 1901 оны 5 сарын 25-ны өдөр хуримаа хийжээ. 1904 онд хамгийн сүүлийн жүжгэн зохиол "Интоорын цэцэрлэг" нь олны хүртээл болжээ.
Тэрбээр уран бүтээлийнхээ 25 жилийн хугацаанд 900 гаруй зохиол (богино өгүүллэг, жүжгийн зохиол, тууж) туурвиснаас олон бүтээл нь дэлхийн сонгодог зохиолд тооцогддог ба “Тал”, Уйтгарт түүх”, “Дуэл”, “6-р тасаг”, “Эрчүүд”, “Дугтуйтай хүн”, “Жалганд”, “Хүүхэд”, “Анд явсан нь”, жүжгийн зохиолоос “Цахлай”, “Эгч дүү гурав”, “Интоорын цэцэрлэг” гэх мэт олныг дурдаж болно.
1904 онд Чехов эхнэрийн хамт Германы өмнө зүгийн Баденвейлер сувилалын газрыг зорьжээ. Гэвч 1904 оны 7-р сарын 15-ний шөнө, Оросын төдийгүй, хүн төрөлхтөний агуу зохиолч Антон Павлович Чехов өвчний улмаас бие барсан юм. Түүнийг Москвад оршуулжээ. Антон Павлович Чехов оросын утга зохиол, театрын хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан бөгөөд уншигчид түүний зохиол бүтээлийг одоо ч шимтэн уншсаар байна.
Тэрээр нэгэнтээ: "Анагаах ухаан бол миний хууль ёсны эхнэр, харин утга зохиол бол нууц амраг минь" гэж хэлж байжээ.