Ашока хаан
Ашока (санскрит. अशोक, IAST: Aśoka, : МЭӨ 304-232 он) МЭӨ 273-232 оны хооронд өнөөгийн Энэтхэгийн ихэнх газар нутгийг захирч байсан Мауря Улсын эзэн хаан. Тэрээр Энэтхэгийн түүхэнд Aгуу эзэн хаан нэрээр мөнхрөн үлдсэн бөгөөд түүний эзэн гүрэн баруун зүгт орчин үeийн Пакистан, Афганистан, Бангладеш, дорно зүгт Энэтхэгийн Ассам муж, умар зүгт Тамил хүртэл өргөн уудам нутгийг захирч байв.
Ашока хааны өвөг эцэг Чандрагупта Энэтхэгийн тархай бутархай улсуудыг нэгтгэж Маури эзэнт улсыг байгуулсан агуу удирдагч юм. Эцэг Биндусара нь Маури улсын хоёр дахь хаан байсан.
Түүхнээ түүний нэрийг мөнхлөн үлдээх болсон гол үйлс нь байлдан дагуулагч бус харин Буддын шашныг дэлгэрүүлэгч байсан явдал билээ. Калинга улсыг байлдан дагуулсныхаа дараа (МЭӨ 263 эсвэл МЭӨ 265он) тэрээр Вэди (Хинду) шашныг орхиж Буддын шашинд оржээ. Үүнээс хойш тэрээр, Гаутама Буддагийн олон дурсгалуудыг барьж байгуулах ажлыг хийсэн бөгөөд түүний байгуулсан нийслэл “Арслан хот”-ын тууриас олдсон баганын орой дээр байрлах 4 арслангийн баримал нь одоогийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын төрийн сүлд болсон юм.
Буддын шашинд орохоосоо өмнө тэрээр эзлэн түрэмгийлэгч, дарангуйлагч байсан бол Буддын шашинд орсоноор хүн төрөлхтний түүхэнд анх удаа сайн санааны аян, буяны үйлсэд хандив, өргөл өргөх (philanthropic) зэргийг санаачилсан хүн гэж тэмдэглэх гавьяаг байгуулжээ. Ашока нь Буддын шашны ашима буюу дуугуй байх, хайрлах, үнэнч байх, нигүүлсэнгүй байх, цагаан хоолтон байх гэсэн 5 үндсэн зарчмын гол агуулгыг тодорхойлогч төдийгүй баримтлагч байсан.
Хожуу Харрапа (МЭӨ 1800) үээс уламжлагдан ирсэн Дхармачакра (санскр. धर्मचक्र, IAST: dharmacakra «дхармын хүрд») буюу монголчуудын нэрлэж заншсанаар "Зогсолтгүй эргэх хүрд" нь Буддын шашны хамгийн эртний бэлгэдэл бөгөөд Ашока хааны ачаар орчин үеийн Буддын шашны гол бэлгэ тэмдэг болжээ.
Ашока хаан МЭӨ 260 онд Вибхажявада Буддын шашныг (Буддын шашны эртний урсгалуудын нэг) төрийн шашин хэмээн зарласнаар түүхэнд анх Буддын шашинт төрийн бодлогыг баримталж эхэлсэн түүхтэй.
Ашока хаан насны эцэстээ Бурханы шашны сахил санваар хүртэн хувраг болсон байдаг. Бурханы эш үзүүлснээр Ашока хаан Энэтхэг даяар Бурхан багшийн шарилын их эрдэнэ (ринсэрэл) залсан наян дөрвөн мянган суварга болон олон их хийдүүдийг бүтээн шашин амьтны тусыг агуу ихээр зохиожээ. Бурхан багшийн ариун нандин газруудыг тэмдэглэн дурсгалын арслант багануудыг босгосон нь одоог хүртэл буй билээ.
Ашока хааныг Нирваан дүрийг олсноос хойш түүний байгуулсан эзэнт гүрэн 5 жилээс хэтрэлгүй бутран унасан ч үр хүүхдүүд нь Ази даяар Буддын шашныг дэлгэрүүлэх үйлсийг нь үргэлжлүүлсэн түүхтэй.
Урлагт
[засварлах | кодоор засварлах]2001 онд Болливуудын нэрт найруулагч Сантош Сиван Ашока хааны тухай "Ашока" хэмээх түүхэн уран сайхны киног бүтээжээ.