Баффи - цус сорогчийн алуурчин (телевизийн цуврал)

Баффи - цус сорогчийн ангууч (Англи: Buffy the Vampire Slayer) нь Америкийн олон ангит цуврал кино юм. Нэрт кино зохиолч, найруулагч Жосс Уидон, түүний Мутант Энэми продакшны бүтээл уг цуврал кино нь 1997 оны 3 сарын 10-ноос 2003 оны 5 сарын 23 хүртэл WB болон UPN телевизүүдээр гарчээ. Гол дүр болох Баффи Самерс хэмээх бүсгүй нь цус сорогч, буг чөтгөр болон бусад харанхуйн хүчтэй тэмцэх хүч чадалтай заяагдсан, тэднийг хөнөөх чадвартай нэгэн бөгөөд өөрийн нөхдийн хамтаар дэлхийг болон киноны үйл явдал өрнөх Санидейл хотын оршин суугчидаа хорон санаатнуудаас удаа дараа хэрхэн аварч байгаа тухай энэ цуврал кино өгүүлдэг. Энэхүү цуврал кино нь Эмми болон Алтан бөмбөрцөг шагналд нэр дэвшин 2 Эмми шагналын эзэн болсон төдийгүй бүх цаг үеийн шилдэг цувралуудын тоонд багтаж, олон тооны шагнал хүртэн, шилдгүүдийн жагсаалтанд бичигдсэн байна. Баффигийн амжилтыг бататган түүнд үндэслэсэн зохиол бүтээл, кино, комик ном, видео тоглоом маш олноор төрж, шүтэн бишрэгчдийн клубууд бий болжээ. Нийт 7 хэсгээс бүрдсэн, 144 ангитай, анги бүр нь 43 минут үргэлжлэх бөгөөд гол дүрүүдэд Сара-Мишель Геллар, Николас Брендон, Эллисон Ханниган, Эмма Коулфиелд, Мишель Трахтенберг, Жеймс Марстерс, Энтони Стюарт Хээд зэрэг жүжигчид тоглосон. 8-р хэсэг нь комик ном хэлбэрээр олны хүртээл болсон.