Jump to content

Бедржих Сметана

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бедржих Сметана
ТөрсөнБедржих Сметана
1824 оны 3 сарын 2
Литомышль, Чех
ҮндэстэнЧех
АжилХөгжмийн зохиолч, найруулагч
Эцэг эхФрантисек Сметана
Барбора Лянкова
Гарын үсэг

Бедржих Сметана (Чех: Bedřich Smetana, 1824 оны гуравдугаар сарын 2 - 1884 оны тавдугаар сарын 12) нь Чехийн хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч юм. «Чехийн хөгжмийн Дээд сургуулийг» үүсгэн байгуулагч юм. Хөгжмийн гайхалтай бүтээлүүдээрээ Чех улсын хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмрээ оруулсан түүнийг хөгжмийн ертөнцийн эцэг хэмээн Чехийн ард түмэн үздэг. Сметана «Худалдагдсан бэр» дуурь, «Миний эх орон» найраглал зэрэг олон арван хөгжмийн шилдэг бүтээлүүд болон цомнолыг туурвисан авъяаслаг хөгжмийн зохиолч байжээ.

Бедржих Сметана нь 1824 оны гуравдугаар сарын 2-нд Чехийн нийслэл Прага хотын зүүн хэсэг, Литомышль дүүрэгт ядуу ажилчин анги Франтисек Сметана болон Барбора Лянкова нарын анхны хүү болон мэндэлжээ. Түүний авъяас чадвараа балчир ахуйгаас нь тодорсон бөгөөд зургаан настайгаасаа эхлэн найрал хөгжимчдийг дагалдан хийл тоглон авъяасаа нээн таниулж, улмаар долоон настайдаа Богемийн (Чех) хөгжмийн бага сургуульд элсэн суралцах хугацаандаа төгөлдөр хуур хичээнгүй сурч бүр Бяцхан Галоп хэмээх богино хөгжмийн цомнолыг туурвиж байжээ. 1848 онд Прагийн хөгжмийн дээд сургуулийг Германы хөгжмийн сод хүн Ференц Листийн удирдлага зааварчилгаагаар төгөлдөр хуурчийн мастер зэргийг «Хөгжмийн бүтээлийн зургаан онцлог шинж» сэдвээр хамгаалсан Сметана тухайн үедээ эх оронд нь Австрийн эсрэг өрнөж байсан хувьсгалын үйл хэрэгт «Эрх чөлөө, дуу», «Үндэсний Гвардын марш» зэрэг уран бүтээлүүдээрээ идэвхитэй оролцож байлаа.

Сметана суралцаж байсан Прагийн хөгжмийн дээд сургуульдаа багшлах хугацаандаа буюу 1850 онд төгөлдөр хуурын гурван цуврал бүхий «Хуримын үзэгдэл» хөгжмийн зохиолоо бичсэн ба хожмоо уг бүтээл дээрээ суурилан «Худалдагдсан бэр» дууриа бичсэн гэдэг. Найрал хөгжмийн хамгийн том бүтээл бол Франц Иосифт зориулан 1853-54 онд туурвисан «Ялалтын симфони» юм.

1854 онд бүтээсэн Сметанагийн хөрөг.

1854-56 оны хооронд Сметанагийн хувийн амьдралд хүнд гарз тохиосон ба 1854 онд охин нь, 1856 онд эхнэр нь нас нөгчиж сэтгэл санааны гүн хямралд автаж, Прага хотоо орхин Гётеборге хотод 1856-59 оны хооронд амьдарч тэнд симфони хөгжмийн хэд хэдэн концертоо тависаны дотор охиныхоо дурсгалд зориулсан төгөлдөр хуурын «Trio in G minor» аялгуугаа нийтэд толилуусан байна. Гётеборгет байх хугацаандаа 1857 онд «Frithjof» болон «Викингийн аялал» зэрэг ноороглон эхлүүлсэн найрал хөгжмийн бүтээлүүдээ, 1858 онд «Гуравдугаар Ричард», «Валленштейний зуслан», «Гакон Ярл» зэрэг симпони найраглалууд, төгөлдөр хуурын «Макбет ба Уитч», «Йtude in C» цомнолуулаа тус тус зохиосон байна.

1860-аад он, 1863 онд Австри-Пруссийн дайны хөлд нэрвэгдэж буй Чехийн ард түмний ахуй амьдралыг харуулсан «Бранденбургчууд Чехэд», «Худалдагдсан бэр» зэрэг дууриа зохиож, Уильям Шекспир, Михаил Глинка, Фридерик Шопен нарын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд дээр суурилан хэд хэдэн симфони бичсэн ба «Далибор» хэмээх гурав дахь дууриа 1867 онд бичжээ. Сметана «Либуше» хэмээх өөрийн хамгийн сод бүтээл болсон дууриа 1872 онд зохиосон бол 1879 онд хүнд өвчин тусах хүртлэх хугацаанд «Хоёр бэлэвсэн эхнэр» (1873-74), «Поцелуй» (1876), «Нууц» (1878) зэрэг дууриа бичжээ.

Сметана амьдралын сүүлийн жилүүддээ сэтгэлийн мэдрэлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлээр 1884 оны тавдугаар сарын 12-нд таалал төгсчээ.

 Commons: Bedřich Smetana – Викимедиа дуу дүрсний сан