Белград дахь Бурханы шашны сүм
Белград дахь Бурханы шашны сүм (серб. Калмички будистички храм у Београду) —Оросын иргэний дайн, Коммунист дэглэмээс зугтааж Югославын хаант улсын нийслэл Белград хотод цагаачилж очсон халимагууд ном хуруулах зорилготой 1929 онд барьж байгуулж 1944 онд хүртэл үйл ажиллагаагаа явуулж байсан сүм.
Байрлал
[засварлах | кодоор засварлах]Уг сүм нь өнөөдөр Белград хотын Звездара дүүргийн "Učiteljsko Naselje" (монгол. Багш нарын дүүрэг) гэдэг хороололд байрладаг байсан юм. Багш нарын дүүрэг нь Белградын хотын "Конарник" хэмээх томоохон хорооллын нэг хэсэг юм. Энэхүү ариун сүм оршиж байсан гудамжийг Будистичка (Буддист) гэж нэрлэсэн бөгөөд өнөөдөр Будванска (Будва гудамж, серб. Budvanska) гэдэг нэртэй болжээ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Оросын хувьсгалаас зугтан 1920 оны 4-р сараас 1923 оны сүүл хүртэл 500 орчим арай илүү боловсролтой, хөрөнгөтэй халимагууд Европ руу цагаачилж, тэдний 400 нь Сербийн Белградад суурьшсанаар Европ дахь хамгийн том халимагуудын нийгэмлэг бий болсон түүхтэй. Тэдгээр халимагууд эхлээд Белградын зүүн захын Карабурма, Булбулдер, Цветкова Пяца, Црвени Крст гэх дүүргүүдэд голчлон суурьшиж байгаад ихэнх нь тухайн үед Белградын захын Мали Мокри Луг тосгонд бөөгнөрөн суурьшжээ. Тэдний нийгэмлэгт хэд хэдэн лам байсан тул 1923 онд тэд өнөөгийн "Vojislava Ilića " буюу Воислава Илича гудамжны 47 тоот байшинд шашны үйл ажиллагаанд зориулж өрөө түрээслэж байжээ. 1925 онд тэд Метохийска гудамжны 51-р байранд нүүж, ойролцоо Бурханы шашны сүмээ барих ажилдаа оржээ. Халимагуудыг Оросын эзэн хааны армийн хурандаа асан Абуша Алексеев (1886–1938), Буддын шашны лам Манчуда Буринов (1872–1928) нар удирдаж байжээ. Тэд 1929 оны 4-р сард Белградад өөрсдийн байгууллагыг албан ёсоор байгуулж, Абуша Алексеевийг тэргүүнээрээ сонгосон байна.
Тоосгоны үйлдвэртэй Милош Ячимович (серб.Miloš Jaćimović, 1858-1940)-ийн үйлдвэрт олон Халимагууд ажиллаж байсан бөгөөд удалгүй тэрээр тэдний нийгэмлэгийн томоохон хандив өгчээ. 1928 онд тэрээр сүм хийд баригдсан газрыг хандиваар авч өгч, барилгын материал, тоосго, дээврийн хавтангаар хангасан байна. Тэр жилдээ Халимагууд сүм барих зөвшөөрлийг улс төрийн болон Сербийн үнэн алдартны сүмийн эрх баригчдаас авчээ. Югославын I Александр хаан тэдэнд санхүүгийн хувьд мөн тус болсон байна.
Байнгын ажиллагаатай сүмийг барихаас өмнө 1928 онд Белград дахь Халимагийн шашны тэргүүн багш ламтан Манчуда Буринов нас барж, сүм хийд оршин тогтнох хугацаанд, түүний оронд Санжи Умалдинов (1882-1946) сүмийн хамба ламаар суусан байна.
1929 оны 12-р сарын 12-нд сүмийг аравнайлж үүд хаалгаа нээж ном хурж эхэлсэн байна. Үүнд Чехословак, Франц дахь Халимагуудын төлөөлөл мөн сүмийн нээлтэд ирсэн байна. Мөн Белград дахь Оросын байгууллагуудын төлөөлөгчид, тэр дундаа Доны болон Терекийн казакуудын атаманууд ирсэн учир нь халимагууд Оросын Эзэнт гүрэнд ихэвчлэн морин цэргийн ангиудад алба хаадаг байсантай холбоотой. Уг сүмд 150 хүн орох багтаамтжтай байжээ.
Удалгүй сүм нь хүмүүсийн болон жуулчдын сонирхлыг татахуйц газар болж, жуулчдын хөтөчдийн жагсаалтад бичигдсэн бөгөөд түүний барьсан гудамжийг албан ёсоор "Буддын" гудамж гэж нэрлэх болжээ. Хотын захиргаа сүмд санхүүгийн дэмжлэг үзүүлэх болсон тул 1935 онд сүмийг сэргээн засварлаж, өргөтгөж, үндсэн ханыг будаж чимэглэсэн юм. Буддын шашинтай орнуудаас маш алслагдсан сүмд шашны үйл ажиллагаанд шаардлагатай эд өлгийн зүйлс олддоггүй ховор байв. Хөрш зэргэлдээ Румын улсын Бухарест дахь Японы элчтэй холбоо тогтоож 1934 оны 3-р сарын 25-нд Буддагийн том хүрэл хөшөө Токиогоос авчирч аравнайлсан байна. Буддагийн хөшөөтэй хамт шашны нэмэлт хэрэгсэл (бөмбөр, гон г.м) ирсэн боловч ачааг гаалийн газарт хадгалсан тул халимагуудаас их хэмжээний мөнгө гаргуулахыг хүссэн байна. Тал бүрийн дэмжлэгээр Югославын хаант улсын Хууль зүйн яам буддын шашны сүмд үйл ажиллагаа явуулэх эрх олгоод сүмийн үйл ажиллагаанд зориулсан ачааг гаалийн татваргүй оруулах зөвшөөрөл олгож байжээ.
Тэдгээр цагаачдын нэг болох халимаг эмч, түүхч, нийгмийн зүтгэлтэн "Хар" хэмээх Даваагийн Рэнцэн (халимаг. Эрэнжэн Хара-Даван, орос. Эренджен Даваевич Даваев) сүмийг босгох ажилд идэвхитэй оролцож байжээ. Энэ сүм нь 1929 онд Европ дахь Буддын шашны анхны сүмүүдийн нэг болж баригдсан бөгөөд 1944 оны намар хүртэл шашны үйл ажиллагаа явуулж байгаад халимагуудыг явсаны дараа 1960-аад оны дундуур нураан буулгасан байна.
Белград дахь халимагууд
[засварлах | кодоор засварлах]Энэхүү Ариун сүмийн дэргэд Халимагууд Буддын шашны оюун санааны зөвлөлийг байгуулсан бөгөөд энэ нь Сербийн бүх нутаг дахь халимагуудын төвлөрөл байсан боловч Европын бусад хэсгээс ирсэн Халимагийн бүлгүүдтэй холбоотой байсан юм. Торгууд гүнж Ниржидмаа 1933 оны 9-р сарын 20-нд тус сүмд зочилж байжээ. Сүмд Төвөд буддын шашны сургаал, халимаг хэлний хичээл зэргийг заадаг байжээ.
Тэдний гадаад төрх байдлаас шалтгаалан нутгийн иргэд тэднийг "хятад" гэж нэрлэдэг байв. Цагаачдын хүйсийн харьцаа нэг эмэгтэй-таван эрэгтэй ноогддог их зөрүүтэй байсан тул Белградад тэдний тоо 500-аас хэтрээгүй байна. Нутгийн иргэдтэй найрсаг харилцаатай байсаны үр дүнд Халимаг-Сербийн гэрлэлт бий болж, зарим Халимаг эрчүүд Серб эмэгтэйчүүдтэй гэрлэх болжээ. Тэр үеийн гэрчүүдийн мэдээлснээр тэдгээр гэрлэлтийн хүүхдүүд "цагаан царайтай, онигор нүдтэй байсан" гэдэг. Сүм орчим үзэсгэлэнтэй сарнайн цэцэрлэгтэй байсан бөгөөд салхи үлээхэд салхины хонх хөгжим эгшиглэдэг байсан гэдэг. Халимагууд ихэвчлэн хөршүүдээ цайгаар дайлдаг байсан бөгөөд шашны баяраар хөршийн хүүхдүүдэд бэлэг сэлт тарааж өгдөг байжээ.
1934 онд Буддын шашны ёс заншлын дагуу, сүм хийдэд хандив өргөл барьж байсан Югославын I Александр хаан Марсельд алагдсанаас хойш 49 хоногийн дараа мөргөл үйлдэж хойд насандаа сайн төрөл олох ном хурж байжээ. Өөр нэг буянтан бол 1929-1932 онд Белградад суугаа АНУ-ын Элчин сайд Жон Динли Принс байсан юм.
Удалгүй Халимагууд их хөдөлмөрч гэж нутгийн ардад алдаршжээ. Тоосгоны үйлдвэрээс гадна тэд тэрэгчин, оёдолчиноор ажиллаж байжээ. Югослав дахь хамгийн алдартай халимаг хүн бол Югославын хөлбөмбөгчин Учур Кулжинов байсан. Тэд мөн адуу үржүүлдгээрээ алдартай байсан. 1938-1940 онд Балканы хойгийн хамгийн өндөр барилга болох ёстой байсан Албани ордонг барихад гурван давхар газар доорх зураг төсөлд тусгагдсан байдаг. Хотын удирдлагуудад энэ ажилд шаардлагатай техник хэрэгсэл байхгүй тул халимагуудыг морь, тэрэгтэйгээ урьж, нүхний нуранги, шороог гаргаж байжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны үе
[засварлах | кодоор засварлах]Дайны үед халимагууд сербүүдийн харилцаа муудсан байна. Нэг талаас Халимагууд Германы эзлэн түрэмгийлэгч хүчний талд орж, нөгөө талаас Серби дэх Германы томилсон хүүхэлдэйн дэглэмийн нэг хэсэг байсан хотын захиргаа тэднийг 1942 онд "Серб үндэстэн" биш тул санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ больжээ. 1944 оны 9-р сард Югославын партизанууд болон Зөвлөлтийн Улаан арми давшиж байсан тул хэлмэгдүүлэлтээс эмээж, үлдсэн 300 орчим халимаг Германы цэргүүдтэй хамт ухарч, эхлээд Герман руу, дараа нь Америкийн Нэгдсэн Улсын Нью-Жерсид 1951-1952 онд нүүж очоод ихэвчлэн Монмоут дүүрэгт (англи. Monmouth County) суурьшсан бөгөөд цөөн хэсэг нь Францад амьдрах болжээ.
Дайны дараа
[засварлах | кодоор засварлах]Халимагууд болон тэдний Бурханы сүм өнөөдөр бараг бүрмөсөн мартагдсан хэдий ч тэд Тома Миленковичийн 1920-44 онд Серби дэх Халимагуудыг судалсан (1998), Мирьяна Дурдевичийн бичсэн "Кажа, Белград ба сайн Америк" роман зэрэг хэд хэдэн бүтээлд урам өгсөн байна. 2009 "Сайн Америк" нь АНУ-ын элчин сайд Жон Д. Принс болон "Белградад Халимагууд байсан" баримтат кино (2012). Гэсэн хэдий ч 2010-аад оноос сонин хэвлэлүүд халимагуудын тухай нийтлэлүүдийг хааяа хэвлэж, тэдний түүхийг орчин үеийн уншигчдад улам бүр хүргэж, сүмийг ихэвчлэн Белградын сүм гэж нэрлэдэг байна.
Холбогдох баримт бичгүүд
[засварлах | кодоор засварлах]- John D. Prince: «A Note on Kalmucks in Belgrade», American Anthropologist (1928), pp. 341—345
- Hemut Klar: «Kalmucks and the Wheel», London, The Middle Way, 29, 3, 1954;
- Helmut Klar: «Die Kalmücken und ihr Tempel in Belgrad und München», Bodhi Baum, 5, 1, 1980;
- Борманшинов, Араш. Первый буддийский храм в Европе. Журнал Шамбала, Элиста, No 5-6/, 1997.
- Josip Suchy: «Na obisku pri budistih», Jutro, br.171, 1932.
- Stevan Popović: «Beogradski Kalmici», Beograd, Beogradske opštinske novine, br.12,1939.
- Olga Latinčić: «Budistički hram u Beogradu», Arhivski pregled, Beograd, 1-2/1982
- Zmago Šmitek: «Kalmička zajednica u Beogradu», Kulture Istoka, 25/1990
- Toma Milenković: «Kalmici u Srbiji (1920 −1944)»; Beograd, 1998.