Жон Динли Принс
Жон Динли Принс (англи. John Dyneley Prince, 1868 оны 4-р сарын 17-нд төрсөн –1945 оны 10-р сарын 11-нд нас барсан)- Америкийн хэл судлаач, дипломат, улс төрч. Тэрээр Нью-Йоркийн их сургууль, Колумбын их сургуулийн профессор, Дани, Югославын хаант улс дахь АНУ-ын Элчин сайд, Нью-Жерсигийн хууль тогтоох байгууллагын хоёр танхимын удирдагч байсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Принс 1868 онд Нью-Йорк хотод Жон Динели Принс (1843–1883) болон Анна Мария (төрөхдөө Моррис) Принс (1847–1904) нарын хүү болон мэндэлжээ. Түүний эцгийн өвөө, эмээ нь Жон Динели Принс, Мэри (төрөхдөө Траверс) Принс нар байв. Түүний эхийн өвөө, эмээ нь Томас Х.Моррис, Мэри (төрөхдөө Жонсон) Моррис (Мэрилэнд мужаас АНУ-ын сенатор, АНУ-ын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Реверди Жонсоны охин) нар байв. 1883 онд түүний эцэг нас барсны дараа эх нь Америкийн эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан доктор Альфред Леббеус Луумистой дахин гэрлэжээ. Түүний нэг дагавар ах нь Хенри Паттерсон Луумис байв.
Тэрээр Колумбын грамматик сургуульд суралцсан. Жон Принс хүүхэд байхдаа гадаад хэлийг маш их сонирхож, 12 настайдаа Чарльз Годфри Леландын цыгануудын тухай угсаатны зүйн түүхийг уншсанаар романи болон шелт хэлээр ярианы анхан шатны чадварыг эзэмшсэн байна. Тэрээр 1939 онд хэвлэгдсэн "Бабелийн хэлтэрхийнүүд" хэмээх дурсамж номондоо дурсахдаа тэрээр Нью-Йорк дахь гэр бүлийнхээ өөр нэг хүүгийн хамт Нью-Жерси дахь Ньюаркийн ойролцоох цыгануудын хуаранд очиж тэнд гурван хоног өнгөрөөж, хэлийг хурдан эзэмшиж байсан ажээ. Мөн залуудаа уэлш хэл, турк хэл сурсан байна.
Жон Принс Колумбын их сургуульд суралцаж, бакалаврын зэрэгтэй төгссөн. 1888 онд тэрээр Пенсильванийн их сургуулийн Вавилоны экспедицид Колумбийн их сургуулийг төлөөлөн оролцож, Османы эзэнт гүрний Султан II Абдул Хамид түүний хэлний мэдлэгийг сонсоод түүнтэй турк хэлээр ярилцсаны дараа экспедицийг хамгаалж байсан цэргийн хүндэт ахлагч болгосон байна. Дараа нь тэрээр 1888-1889 онд Берлиний чөлөөт их сургуульд семит хэлээр суралцаж, 1892 онд Жонс Хопкинс их сургуульд докторын зэрэг хамгаалсан байна.
Жон Принс 1917-1921 онд Нью-Жерси мужийн Төрийн албаны комиссын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд түүнийг Уоррен Г.Хардинг Дани улсад Элчин сайдаар томилсон. 1926 онд Калвин Кулиж түүнийг Серб, Хорват, Словены Вант улсын сайдаар томилов. Тэрээр 1929 онд тус улсыг Югославын хаант Улс хэмээн нэрлэсний дараа үргэлжлүүлэн Элчин сайдаар 1932 он хүртэл ажиллаж байсан. Белград хотод Элчин сайдаар ажиллаж байхдаа цагаач халимагуудтай танилцаж тэдний Белград дахь Бурханы шашны сүм барих ажилд нь хандив өргөж туслаж дэмжиж байжээ.
Дараа нь Колумбын их сургуулийн профессорын зэрэгтэй болж, 1937 онд тэтгэвэртээ гарсан байна.