Jump to content

Билигт гүүш шагнал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

"Билигт гүүш" шагнал нэрт дуун хөрвүүлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Жамсрангийн Гэндэндарамын санаачилга, санхүүжилттэйгээр үүсгэгдсэн 2 жилд нэг удаа олгодог уран зохиолын орчуулгын шагнал юм. Энэхүү шагнал нь уран зохиолын орчуулгын үнэ цэн, чанар чансааг өндөрт өргөх, авьяас билигт орчуулагчдыг хөхиүлэн дэмжих, алдаршуулах зорилготой байна.

2015 оноос эхлэн шилдэг дуун хөрвүүлэгчдэд олгож байна.

“ГЭНДЭНДАРАМ САН" 2021 оноос эхлэн Монголын Зохиолчдын Эвлэлтэй хамтран ажиллахаар шийдвэрлэж, тус шагналыг МЗЭ-ийн Орчуулгын Үндэсний Төвийн шагнал болгохоор тогтсон байна.

Тэргүүн байрыг “БИЛИГТ ГҮҮШ” цолны өргөмжлөл, цом, энгэрийн мөнгөн тэмдэг, гурван сая төгрөгөөр байлах бол дэд байрт 1.2 сая, гутгаар байрт 800 мянган төгрөгийн шагнал олгохоор болжээ.

2015 болон 2017 онуудад уран зохиолын шилдэг орчуулгын “Билигт гүүш” шагналтнаар Цэрэнпилийн Гомбосүрэн, Б.Магсаржав нар тодорч, Д.Болдбаатар, Ж.Нэргүй, О.Жаргалсайхан, О.Чинбаяр нар шилдэг орчуулагчийн шагнал хүртэж байжээ.

2019 онд “Билигт гүүш” шагналтнаар орчуулагч Д.Болдбаатарын хятад хэлнээс орчин цагийн хэлэнд орчуулсан "Баруунш зорчсон тэмдэглэл" зэрэг бүтээлээрээ шалгарсан бол, дэд байрт залуу орчуулагч, яруу найрагч Б.Баясгалангийн англи хэлнээс хөрвүүлсэн дэлхийн нэн шинэ үеийн шилдэг өгүүллэгийн антологи болох "Дур булаам", гутгаар байрт орчуулагч Ж.Оюунцэцэгийн англи хэлнээс хөрвүүлсэн "Хөршүүд" бүтээлүүд тус тус шалгарлаа.

2021 онд "Билигт гүүш" шагналын Билигт гүүшээр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Готовын Аким францын Альбер Камюгийн "Тахал" романы орчуулгаар тодорч, Марсель Прүстийн "Алдуул цагийн эрэлд" зэрэг орчуулгаараа Лхагвасүрэнгийн Алтангэрэл дэд байр, Үй Хуагийн "Амьдрахуй", "Цусаа худалдсан тэмдэглэл" зэрэг шилдэг орчуулгаараа залуу орчуулагч Мө.Батбаяр гутгаар байрт шалгарсан байна.