Jump to content

Готовын Аким

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хатагин овогт Готовын Аким (1942 онд Дорнод аймгийн Матад сумын Тэмээт гэдэг газар төрсөн) Монголын зохиолч, сэтгүүлч, орчуулагч. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн.

Тэрбээр Матад нутгаас анх удаа Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг хүртсэн бөгөөд Б.Ринчений нэрэмжит шагналт, Монголын орчуулагчдын эвлэлийн шагнал, Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн шагнал, Монголын зохиолчдын эвлэлийн "Утга зохиолын төлөө" шагналыг тус тус хүртжээ. Мөн ЮНЕСКО-гийн соёрхол, Сан Францискод /АНУ/ төвтэй Дэлхийн соёл урлагийн академийн байнгын гишүүн, уг академийн Утга зохиолын доктор (Doctor of Literature /Litt. D/), профессор юм. [1]

1942 онд Дорнод аймгийн Матад сумын Тэмээт гэдэг газар өөлд ястан, дунд сургуулийн багш Готовын хүү болж төржээ.

Эцэг Готов нь Дорнодын Бяруут бага сургуулийг 1930-аад онд төгсөөд 15 настайгаасаа багшилсан байна.

1961-1966 онд Улсын Багшийн дээд сургуульд сурч орос хэл, утга зохиолын анги төгссөн.

1966-1969 онд УБДС-д орос хэл, утга зохиолын багш.

1969-1990 онд "Энх тайван, социализмын асуудал" сэтгүүлд орчуулагч, редактор.

1990-1991 онд МОНЦАМЭ агентлагийн сонин сэтгүүлийн ерөнхий эрхлэгч.

1990 рны 9-р сараас 2000 онд “Ил товчоо” сониныг санаачилж Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан.

2000-2005 онд "Соёл эрдэм" дээд сургуулийн гүйцэтгэх захирал.

2005-2010 онд Үндэсний номын сангийн захирал.

Монголд чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан хүн юм.

Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, хатагин Г.Аким Лев Гумилевын “Хар домог”, Чингиз Айтматовын “Цаазын тавцан”, "Зуунаас ч урт өдөр", Габриель Гарсиа Маркесын “Зуун жилийн ганцаардал”, Анатоль Франсын “Ундаассан бурхад”, Александр Гриний “Аранзал даруулт хөлөг” зэрэг 16 ном, бүтээлийг орос, англи хэлнээс орчуулжээ. Тэрбээр эрдэмтэн зохиолч, нэрт орчуулагч Бямбын Ринчен судлалаар “Билгүүн номч Бямбын Ринчен” зэрэг 4 номыг эмхэтгэж хэвлүүлсэн байна.

Бичиж, орчуулсан ном нийт 103. Үүнээс дурдвал.

Чингис хааны тухай бичсэн ном, өгүүлэл: "Чингисийн оюун билгийн соёрхол оршвой". (1999) /Монголд анх удаа/, Хөрстөд ганц Чингис хаан буюу Хөх монголчуудын өлзий учрал, Чингис богдын ертөнцийг үзэх үзлийг өгүүлэхүй (2008, 2012) /Монголд анх удаа/ Чингис хааны тэнгэрт хальсан нутгаар (Замын тэмдэглэл), МНТ-ны "шар нохой" юу өгүүлнэ вэ? (илтгэл), Их Монгол улсын урлаг (өгүүлэл) "Sunny Mongolia today" сэтгүүл (2013), Чингисийн замаар (2005), Эргэсэн хасын утга буюу Эзэн Чингисийн сүлд (2015), Чингисийн билиг (англи, монгол хэлээр) (2015), Чингисийн замаар /замын тэмдэглэл/ (2011), "Монголын нууц товчооны нууцлагдсан газар усны товчоон" (2025) зэрэг олон арван ном, бүтээл олны хүртээл болгожээ.

Чингис хааны тухай орчуулсан ном: Л.Гумилев, А.Куркчи. Хар домог /Черная легенда/ (1992, 2007), Жеймс Чемберс. Чингис хаан (James Chambers. Genghis khan) (2001, 2011), Рашид-Ад-дин. Шашдирын чуулган 1.II.III. /Rashid Ad Din Fazlullah's Compemdium of Chronicles/ (2013).

Бичсэн толь: "Монгол өвөрмөц хэлцийн толь", "Монгол зүйр цэцэн үгийн тайлбар толь", "Монгол-орос, орос-монгол өвөрмөц хэлцийн толь", "Цэцэн билгийн сувд эрих" /Англи-Монгол, Монгол-Англи зүйр цэцэн үгийн толь/, "Бурхны шашны монгол-англи, англи монгол толь".

Бичсэн, орчуулсан бусад ном: "Туульс хайлдаг уулс 1,2", "Тэнгэрийн нохой", "Авралын орон Эргүнэ гүн үлгэр хэлэв үү, шашдир хүүрнэв үү" (2015), "Хэлмэгдсэн заяа" (1999), "Егүүтгэгдсэн заяа" (2002), "Рупен Хорьдугаар зууны монголчууд", “Хамбын овооны яс юу өгүүлнэ вэ? “, “Хаднаа шингэсэн аялгуу оршивой” зэрэг 30-аад ном туурвижээ.

Гадаад хэлээр гарсан ном өгүүлэл: "Эмтрээ нь үгүй эрдэнэ" /өгүүлэл/ Японд япон хэлээр, Өвөр Монголд монгол бичгээр, "Тэнгэрийн нохой" англи, хятад хэлээр хоёр өөр хүний /Яаокечин, Бөхөө нарын/ орчуулгаар Бээжин, Хөх хот хоёрт хэвлэгдсэн. "Хөрстөд ганц Чингис хаан буюу Хөх монголчуудын өлзий учрал" /ном/ англи хэлээр. "Авралын орон Эргүнэ гүн үлгэр хэлэв үү, шашдир хүүрнэв үү" /ном/ англи хэлээр. "Эргэсэн хасын нууц буюу Эзэн Чингисийн сүлдний учиг" /ном/ англи хэлээр, "Чингисийн билиг" /ном/ англи, монгол хэлээр, "Атилла хааны удмынхан алтан нарандаа мөргөсөөр" монгол, англи болон унгар хэлээр. Өвөр Монголд "Монгол өвөрмөц хэлцийн толь", "Цаазын тавцан", "Тэнгэрийн нохой", "Зуун жилийн ганцаардал", "Орчуулгын санг уудлахад" зэрэг 20 гаруй ном өгүүлэл нь монгол бичгээр хэвлэгдсэн ажээ.

Эх сурвалж: "Монголын нууц товчооны "нууцлагдсан" газар усны товчоон" (2025) номд орсон зохиогчийн тухай танилцуулга

1962 онд орос хэлний багш Түндэвийн Дулмаатай гэрлэсэн. 3 хүү төрүүлснээс 1 нь нас баржээ.

  1. Gotov, Akim (2024-07-20). "шашдирын чуулган". 47 (1): 40–46. doi:10.22353/ms20234703. ISSN 1997-1826. {{cite journal}}: Cite journal requires |journal= (help)