Зуун жилийн ганцаардал
"Зуун жилийн ганцаардал" (испани. Cien años de soledad, англи. One Hundred Years of Solitude) нь Колумбийн алдарт зохиолч, Нобелийн шагналтан Габриель Гарсиа Маркесын бичсэн роман юм. 1967 онд анх Буэнос-Айрес хотод 8000 хувь хэвлэгдсэн ном. 2020 оны байдлаар 30 сая ширхэг ном зарагдаж, 35 гадаад хэлээр орчуулагдаад байгаа ном юм.
Габриель Маркесын хамгийн алдартай бүтээл бөгөөд дэлхийн олон оронд бестселлер болж, чухам түүний нөлөөгөөр Латин америкийн уран зохиол дэлхийд дэлгэрсэн гэж хэлэхэд хилсдэхгүй. Маркес уг бүтээлээрээ 1982 онд Нобелийн шагнал хүртсэн бөгөөд 2002 онд Норвегийн Номын клуб "Зуун жилийн ганцаардал" романыг "Дэлхийн шилдэг 100 зохиол"-ын нэгээр нэрлэжээ.
"Зуун жилийн ганцаардал" зохиолыг Гарсиа Маркес 1965-1966 оны хооронд 18 сарын турш Мехико хотод бичжээ. Энэхүү бүтээлийн анхны санаа нь 1952 онд зохиолч өөрийн төрсөн Аракатака тосгонд эхийнхээ хамт очих үед гарсан гэдэг. Гарсиа Маркес анх шинэ романаа "Гэр" гэж нэрлэхээр төлөвлөж байжээ.
Зохиолын тухай
[засварлах | кодоор засварлах]Хосе Аркадио Буэндиа ба Макондо тосгон болон түүний удмынхны 100 жилийн амьдралыг харуулсан зохиол юм. Үхэл ба амьдрал, хүсэл мөрөөдөл зэргийг зохиолдоо чадмаг хослуулж, Буэндиагийн гэр бүлийнхний ганцаардмал хувь заяаг дүрслэн үзүүлжээ. Буэндиaгийнхний зургаан үеийн амьдрал ид шид, уран зөгнөл, шашны эрс тэс уур амьсгал, хэрүүл тэмцэл, ололт амжилт зэрэг амьдрал дээр байж болох бүхий л зүйлсийг энэ зохиолд тусгасан болно. Энэ удмынхны эхнийх нь модонд хүлүүлж, эцсийнх нь шоргоолжинд идүүлж үхэх эмгэнэлт хувь тавилан хүлээж байна. Хайр харуусал хүний амьдралын тааж боломгүй хувь заяаг харуулна.
Зохиолын баатрууд
[засварлах | кодоор засварлах]- Макондо сууринг үндсэлэгч Хосе Аркадио Буэндиа (модон дор олон жил ганцаараа өнгөрүүлсэн);
- Урсула Игуаран (хөгшрөөд хараагүй болж ганцаардсан);
- Хосе Аркадио болон Ребека (гэр бүлээ гутамшигт автуулахгүйн тулд хоёулаа тусдаа амьдрахаар явсан);
- Амаранта (насаараа гэрлээгүй ганцаараа амьдарсан);
- Геринельдо Маркес (Амарантагийн хайр болон тэтгэвэр хүлээсээр насаа барсан);
- Пьетро Креспи (Амарантагийн хайрыг аваагүй амиа хорлогч);
- II Хосе Аркадио (буудуулан алуулахыг хараад хэзээ ч хэнтэй ч харьцаанд оролгүй сүүлийн жилүүдээ өрөөнд түгжээстэй өнгөрөөсөн);
- Фернанда дель Карпио (12 настайдаа хатан хаан болохоор гэрээ орхиж явсан);
- Рената Ремедиос «Меме» Буэндиа (хүчээр эсэргүүцэлгүй, дуугүй сүмд амьдарсан);
- Аурелиано Вавилонья (хурандаа Аурелиано Буэндиагийн өрөөнд өөрийгөө түгжиж амьдарсан).
Эцэст нь ганцаардал бүх үеийнхэнд илэрч байсан гэж хэлж болно. Амиа хорлолт, хайр дурлал, үзэн ядалт, урвалт, эрх чөлөө, зовлон зүдгүүр, хориотой зүйлд тэмүүлэх зэрэг нь романы туршид олон зүйлийн талаарх бидний үзэл бодлыг өөрчилж, энэ ертөнцөд ганцаараа амьдарч, үхэхийг тодорхой харуулсан сэдэв юм.
Монгол орчуулга
[засварлах | кодоор засварлах]Орчуулагч Г.Аким монгол хэл рүү орчуулан, уншигчдын хүртээл болгосон.