Варшавын хамгаалалт (1939)

Варшавын хамгаалалт (польш. Obrona Warszawy) -1939 оны 9-р сард Польшийн Зэвсэгт хүчин (Войско Польские), энгийн иргэд Варшавыг германы Вермахтын 3,4-р армийн ангиуд, Люфтвафегийн буюу Агаарын цэргийн 1,4-р ангиудын агаар, газрын довтолгооноос хамгаалсан тулааныг хэлдэг юм.

1939 оны 9-р сарын 1-6-ны өдрүүдэд нийслэл Варшав хотыг Агаараас эсэргүүцэн хамгаалах Бригад хотын ард иргэдтэй хамт тулалдаж байсан.

1939 оны 9-р сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Бүгд найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Игнаций Мошцицки хотоос гарч ойролцоох Фалениц орчим байралсан байна.

9-р сарын 3-нд Батлан хамгаалахын сайд Тадеуш Каспшицки-гийн тушаалаар хотыг хамгаалах зорилготой Варшавыг хамгаалах нэгтгэл анги байгуулжээ. Энэ цэргийн нэгтгэл ангийг Хилийн цэргийн генерал Валериан Чума удирдаж, штабын даргаар хурандаа Тадеуш Роман Томашевски томилогдсон байна. Варшавын төлөөх тулаан 9-р сарын 8-нд эхэлсэн. Энэ өдөр Германы 10-р армийн 4-р танкийн дивизийн ангиуд 17 цагийн орчимд хотын өмнөд хэсэгт нэвтэрчээ. Гэвч тэдний довтолгоог Польшийн цэргүүд няцааж чадсан байна. Польшийн зүүн нутгаас Варшавт нэмэлт хүч ирж, ялагдсан Польшийн армийн үлдэгдэл баруун зүгээс Варшавт ойртож ирсэн байна.

Германчууд 9-р сарын 9, 10-нд халдлага үйлдэх оролдлогоо давтсан боловч хотын хамгаалалтын хүчийг үнэлсний дараа Германы командлал 9-р сарын 12-нд Варшав руу довтолхоос зогсоож хотыг бүслэж азнахаар шийджээ.

9-р сарын 12-нд А.Хитлер, Х.Геринг, В.Кейтель нарын германы удирдлага Варшавын ойролцоо фронтод хүрч ирсэн байна. 9-р сарын 14-нд Варшавыг зүүн хойд зүгээс тойрч гарсан Германы 3-р арми давшсаны үр дүнд Варшавын хамгаалагчид бүрэн бүслэгдсэн байна.

9-р сарын 15-нд Германчууд Польшуудад 12 цагийн дотор бууж өгөхийг санал болгоод 9-р сарын 16-нд Германы талаас хэлэлцээ хийх хүн явуулсан боловч түүнийг хүлээж аваагүй нь бууж өгөхөөс татгалзсан гэсэн үг болсон юм. Харин 9-р сарын 17-нд Польшийн командлал Германчуудад хандаж, энгийн ард иргэдийг хотоос нүүлгэн шилжүүлэх зөвшөөрөл хүссэн юм.

9-р сарын 22-нд германы зэвсэгт хүчний агаарын дэмжлэгтэй довтолгоо эхэлсэн. 9-р сарын 25-нд болсон хотын дайралтанд германы Нисэх хүчний 1150 онгоц оролцсон байна. Үүнээс гадна германы 2000 их буу Варшав хот руу буудаж байжээ.

9-р сарын 24-нд Варшавын цахилгаан станц ажилгаагүй болж, утсан холбоо, радио ажиллахаа больжээ.

9-р сарын 25-нд хүнсний худалдаа зогсч, хотод өлсгөлөн эхэлсэн байна.

9-р сарын 26-нд Германы цэргүүд хотын өмнөд хэсэг болох Мокотүв, Чернякув дүүргийн чиглэлээр хот руу дайрч эхэлсэн байна.

Польшийн цэргийн удирдлага болон иргэд олон нийтээс бүрдсэн Иргэний Хороо цааш нь эсэргүүцэх боломжгүй болсон гэсэн дүгнэлт хийж 9-р сарын 26-нд генерал Юлиуш Руммель германы цэргийн удирдлагатай бууж өгөх хэлэлцээнд оржээ.

9-р сарын 27-ны 14:00 цагаас гал зогсоож 1939 оны 9-р сарын 28-ны 13.00 цагт генерал Тадеуш Кутжеба болон германы 8-р Армийн командлагч Йоханес Бласковиц нар «Шкода на Раковце» үйлдвэрт бууж өгөх баримт бичигт гарын үсэг зуржээ.

10-р сарын 1-ний 10:00 цагт Варшавт германы 10-р явган цэргийн дивиз орж ирсэн байна.