Василий Александрович Сухомлинский
Василий Александрович Сухомлинский нь (Украйн: Василь Олександрович Сухомлинський) нэрт сурган хүмүүжүүлэгч хүн юм. В.А.Сухомлинский нь (1918 оны 9 сарын 28-нд төрж, 1970 оны 9 сарын 02-нд нас баржээ) хүмүүнлэг хүнийг бий болгох нь боловсролын зорилго гэж үздэг Зөвлөлтийн үеийн Украйны хүмүүнлэг сурган хүмүүжүүлэгч хүн байв.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Ирээдүйн нэрт сурган хүмүүжүүлэгч В.А.Сухомлинский нь Украйны Кировоградын тосгонд 1918 онд мэндэлжээ. Тэр 1933 онд 7 жилийн дунд сургуулийг дүүргээд Кременчук-т ээжтэйгээ хамт очиж, эрүүл мэндийн техникум-д суралцахаар болжээ. Тэр эрүүл мэндийн техникумыг төгсгөлгүй орхисон ч богино хугацааны сургалтыг дүүргэсэн байна. 1935 оноос төрөлх тосгоноосоо холгүйхэн газар багшаар ажиллаж эхэлжээ. 1938 онд Полтавагийн сурган хүмүүжүүлэх дээд сургуульд элсэн орж, тэр жилдээ төгссөн байна. Сургуулиа төгсмөгцөө Онуфриевкагийн дунд сургуульд Украйн хэл, Утга зохиолын хичээл зааж эхлэв. Дэлхийн II дайны үеэр В.А.Сухомлинский нь 1941 онд фронтод сайн дураараа явж, өсвөрийн улс төрийн ухуулагч хийж байгаад 1942 оны 1 сард Москваг хамгаалах үеэр хүнд шархаджээ. Үүний дараагаар Уралын нуруун дахь цэргийн эмнэлэгт шилжиж, эмчилгээгээ хийлгэж байжээ. Тэрээр Ува (Бүгд Найрамдах Удмурт) хотын дунд сургуулийн захирлаар томилогдов. 1944 онд нацист Германаас уугуул нутгаа чөлөөлөхөд тэрээр Бүсийн Ардын Боловсролын (RAINO) даргаар томилогдсон.
- 1948 онд В.А.Сухомлинский нь Украйны Павлыш суурингийн Павлышийн дунд сургуулийн захирал болсон ба (өөрийн хүсэлтээр) энэ албан тушаалыг амьдралынхаа эцэс хүртэл хашсан.
- 1955 онд "Сургуулийн захирал-Боловсролын үйл явцын тэргүүн" сэдвээр дипломын ажил бичиж докторын зэрэг хамгаалсан.
- 1957 оноос Сурган хүмүүжүүлэх шинжлэх ухааны академийн хүндэт гишүүн.
- 1968 онд ЗХУ-ын Сурган хүмүүжүүлэх ухааны академийн хүндэт гишүүнээр сонгогдов.
Боловсролын гүн ухаан
[засварлах | кодоор засварлах]В.А.Сухомлинскийн боловсролын үндсэн гол ухагдахуун бол ёс суртахууны боловсрол олгох, ингэхдээ шавь нартаа байгаль, урлаг, хүмүүсийн харилцааны гоо сайхныг мэдрүүлж, тэднийг хүрээлэн буй орчныхоо төлөө хариуцлагатай хандахад уриалж байв.
В.А.Сухомлинский нь шавь нартаа "Амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл бол хүн" бөгөөд "Бусдад баяр баясгаланг бэлэглэхээс илүү нэр төрийн хэрэг гэж байхгүй" гэж зааж сургаж байсан юм.
Хүмүүжлийн тухай чухал санаанууд
[засварлах | кодоор засварлах]В.А.Сухомлинский нь хүмүүнлэг хүнийг бий болгох нь боловсролын зорилго гэж үздэг Зөвлөлтийн үеийн Украйны сурган хүмүүжүүлэгч хүн байв.
- Хүүхэд бол гэр бүлийн толь; Усны дусалд нар тусдаг шиг ээж аавын ёс суртахууны цэвэр ариун байдал үр хүүхдэд тусдаг.
- Аав, ээж хоёр бие биенээ чин сэтгэлээсээ хайрлаж, нэгэн зэрэг хүнийг хайрлаж, хүндэлдэг гэр бүлд гайхалтай хүмүүс өсдөг.
- Хүмүүс таны хүүхдүүдийн талаар муу хэлж байгаа бол энэ нь таны талаар муу үг хэлдэг гэсэн үг.
- Гэр бүлийн амьдралын гол утга учир, зорилго бол үр хүүхдээ өсгөх явдал юм. Хүүхэд хүмүүжүүлэх гол сургууль бол эхнэр, нөхөр, аав, ээжийн хоорондын харилцаа юм.
- Хүүхдээ өсгөж хүмүүжүүлснээр та өөрийгөө ч өсгөж, нэр төрөө бататгаж байдаг.
- Хүүхдэд бага наснаас нь эхлэн ээж, аав, эмээ, өвөөгийнхөө төлөө гэсэн сэтгэлийг суулга. Хамаатан садан, төрөл төгөсдийнхөө төлөө хүүхдээ санаа зовних, сэтгэл нь өвдөхийг зөвшөөр. Энэ бүхнээс бүү хамгаал. Эс тэгвээс хүүхэд тань чулуун зүрхтэй хүн болно. Ээж, аавдаа хайхрамжгүй хандах хүн жинхэнэ эх оронч болж чадахгүй.
- Манаачаас эхлээд сайд хүртэл ямар ч ажилтныг ижил эсвэл түүнээс ч илүү чадвартай ажилтнаар сольж болно. Харин сайн аавыг орлуулж, солих боломжгүй.
- Хүүхдийн анхны бөгөөд гол хүмүүжүүлэгч, багш нь ээж болон аав юм.
- Аав, ээж нь хувиа хичээсэн, аминчхан биш бусдад өгдөг, бусдад чин сэтгэлээсээ ханддаг гэр бүлд эелдэг, халуун дулаан сэтгэлтэй хүн өсөж торнидог.
- Хүүхдээ өсгөх цаг байхгүй гэдэг нь хүн болох цаг байхгүй гэсэн үг.
- Хүнийг бүтээхэд хамгийн чухал зүйл бол хүний амьдралыг хамгийн үнэтэй, үнэлж баршгүй баялаг гэж үзэх чадварыг төлөвшүүлэх явдал гэдгийг санаж яваарай[1].
ЗСБНХУ-ын сурган хүмүүжүүлэх ухааны академийн гишүүн, социалист хөдөлмөрийн баатар, нэрт сурган хүмүүжүүлэгч В.А.Сухомлинский “Хүмүүжил гэдэг бол юун түрүүнд хүн судлал юм. Хүүхдийн тухай, тэдний сэтгэц, оюуны хөгжил, хүсэл сонирхол, төрөлх авъяас чадвар, онцлогийн тухай мэддэггүй бол хүмүүжүүлэгч биш” гэжээ.
Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]В.А.Сухомлинский хүүхдүүдийн хүүхэд насыг хэвээр хадгалах, өөдрөг, ертөнцөд нээлттэй байлгах, гадаад ертөнцөд илэрхийлэх сэтгэл хөдлөлөө чөлөөтэй байлгахыг зорих зэргээр шинэлэг хандахыг хичээсэн. Хүүхдүүдийг үзэсгэлэнтэй сайхан байгалийн орчинд аваачиж, хүүхдүүдэд байгалийн хөгжим, өвс ногоо, навчны чимээ, болжморын дууг сонсож зааж байжээ.
Бага насны хүүхдийг хүмүүжүүлэх
[засварлах | кодоор засварлах]- Уян хатан байх
- Сайн зан чанар дээр нь тулгуурлах
- Ул суурьтай байх
- Сэдэлжүүлэх
Өсвөр насны хүүхдийг хүмүүжүүлэх
[засварлах | кодоор засварлах]- Тулган шаардаж болохгүй
- Зөв зүйл рүү хөтлөх
- Тэдний дунд орж нөхөрлөх
- Залхаахгүй байх
- Сэдэлжүүлж сонирхолыг нь татах
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Василий Александрович Сухомлинский хүүхдүүдэд зориулсан 48 нэг сэдэвт бүтээл, 600 гаруй өгүүлэл, 1500 өгүүллэг, шидэт үлгэр бичсэн хүн юм.
Монгол хэлээр орчуулагдсан бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]- 1984 онд, Эцэг эхийн сурган хүмүүжүүлэх зүй, Улсын хэвлэлийн газар
- 1986 онд, Хүүхдэдээ бичсэн захидлууд, АБЯ-ны хэвлэлийн газар
- 1986 онд, Жинхэнэ хүн болгож хэрхэн хүмүүжүүлэх вэ? Багш нарт өгөх зөвлөмж, Улсын хэвлэлийн газар
- 1988 онд, Шилмэл зохиолууд, Улсын хэвлэлийн газар
- 1988 онд, Шилмэл зохиолууд Сурган хүмүүжүүлэх ухааны гурван ботит шилмэл зохиолууд, АБЯ-ны хэвлэлийн газар