Jump to content

Василий Бартольд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Василий Бартольд

Василий Бартольд (орос. Васи́лий Влади́мирович Барто́льд, 1869 оны 11-р сарын 15-нд Санкт-Петербург хотод төрсөн- 1930 оны 8-р сарын 19-нд ЗХУ-ын Ленинградад нас барсан) — герман гаралтай Оросын болон Зөвлөлтийн түүхч, дорно судлаач (түрэг, араб), ислам судлаач, эх сурвалж судлаач, хэл зүйч. Оросын дорно судлалыг үндэслэгчдийн нэг юм. Тэрээр мөн Цагаадайн улсыг ихээхэн судалсан эрдэмтэн байсан.

Төрөхөд нь загалмайлсан Вильхельм Бартольд (герман. Wilhelm Barthold) хэмээх герман нэрээр бүтээлээ Өрнөдийн орнуудад хэвлүүлдэг байсан.

Василий Бартольд герман гаралтай, биржийн брокерын гэр бүлд 1869 онд төрсөн. 1887 онд Петербургийн 8-р гимназийг төгсөөд Санкт-Петербургийн Их сургуулийн Дорно дахины хэлний факультетэд элсэн орсон байна. Тэрбээр 1891 онд их сургуулиа төгсөж, 1892 оноос хойш тус Их сургуульд ажиллажээ. Эцгийнх нь хөрөнгө Бартольдод боловсролоо ахиулах, тэр дундаа гадаадад аялах зэрэг боломжийг олгосон юм.

Тэрээр 1899 онд Британийн ислам болон араб судлаач Стэнли Лэйн-Пүүлийн (англи. Stanley Lane-Poole; 1854—1931) "Мохаммедийн угсааныхан" (The Mohammedan Dynasties: Chronological and Genealogical Tables with Historical Introductions, 1894) номыг олон тооны засвар оруулан орос хэл рүү орчуулж хэвлүүлсэн байна.

В.Бартольд 1900 онд «Монголын түрэмгийлэлийн үеийн Түркестан» (англи. Turkestan Down to the Mongol Invasion) сэдэвтэй диссертаци хамгаалж, Дорнын түүхийн шинжлэх ухааны докторын зэрэг авсан байна.

1901 онд В.Бартольд Санкт-Петербургийн их сургуулийн дэд профессор, 1906 онд профессор болсон. Тэрбээр 1903 онд байгуулагдсан Оросын Төв ба Зүүн Азийг судлах хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. 1904 онд тэрээр Самарканд хот орчимд археологийн малтлага хийсэн; 1910 онд Оросын Шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүнээр сонгогдсон байна.

1913 оны 5-р сард Бартольд Өмнөд Урал, Сибирь, Төв Ази руу шинжлэх ухааны судалгааны аялал хийж, Оренбург, Уфа зэрэг хотуудад очиж байжээ.

1917 оны Октябрийн социалист хувьсгалын дараа Бартольд 1921 онд Азийн музейд байгуулагдсан Дорно дахины судлаачдын зөвлөлийг удирдаж байжээ. Зөвлөлт засгийн эхний жилүүдэд түүний оролцсон чухал ажлуудын нэг бол Зөвлөлт Орос, ЗХУ-ын бичиг үсэггүй ард түмний бичгийн хэлийг бий болгох, араб цагаан толгойг кирилл үсгээр солих явдал байжээ.

1924-1926 онд Бакуд очиж, Ленинград болон Казанийн Их сургуулийн профессоруудын тусламжтайгаар Азербайжаны их сургуулийн Дорно дахины факультетыг зохион байгуулахад идэвхтэй оролцжээ. Ялангуяа энэ Их сургуулийн оюутнуудад зориулж тэрээр "Азербайжан улсын түүх", "Исламын ертөнцийн түүхэнд Каспийн бүс нутгуудын эзлэх байр суурь" зэрэг цуврал лекцүүдийг уншиж, тус тусын хотуудын түүхэн ач холбогдлын талаар дүн шинжилгээ хийж ялангуяа Баку хотын түүхийн лекц уншиж өгчээ.

Түүний гадаадад болон ЗХУ дотроо хийсэн судалгааны аяллын гол зорилго нь дорно дахины гар бичмэлийн цуглуулгыг судлах явдал байжээ. Номын сангуудын ажлын талаарх сайн мэдлэг нь түүнд Петроградын Археологийн хүрээлэнгийн Архивын курсийн оюутнуудад (1918) архивын түүхийн талаар лекц уншихаас гадна номын сангийн тухай, тэдгээрийн талаарх нийтлэл, тойм нийтлэх боломжийг олгож гар бичмэлийн хэлтэс, материал цуглуулах, каталогийн тусламжтайгаар материал хайж олох зэрэг санал гаргаж байжээ.

1927 оны 1-р сард Николай Марр түүнийг Ленинградын нийтийн номын санд шинжлэх ухааны орон тооны бус Зүүн салбарын ажлын зөвлөхөөр урьж 1928 оны 2-р сарын 1-ээс оржээ. Зүүн салбарт Бартольд перс болон бусад хэлээрх номын каталог эрхэлдэг ажилтнуудыг удирдаж байв. Хөдөлмөрийн гэрээний дагуу Бартольд "Турк, араб, перс гар бичмэлүүд, юуны түрүүнд хуучин Крымын хаант улсын гар бичмэлүүд"-ийн тайлбарыг хариуцаж байв.

Тэрээр 1930 оны 8-р сарын 19-нд нас баржээ. Түүнийг Санкт-Петербургийн Смоленскийн Лютеран /хуучин нэр: Герман оршуулгын газар/ оршуулгын газарт оршуулжээ.

1963-1977 онд түүний есөн боть бүтээлийн түүвэр хэвлэгдсэн байна.

  • Barthold W. Barthold’s Studien über Kalif und Sultan. Besprochen und im Auszuge mitgeteilt (герман.) // Der Islam / C. H. Becker (hrzg.). — 1915. — Bd. 6, Nr. 4. — S. 350—412. — ISSN 1613-0928. — doi:10.1515/islm.1915.6.4.350.
  • Bartold W. Turkestan Down to the Mongol Invasion (англи.)/ H. A. R. Gibb. — Second ed. — London: Luzac & Co., 1928. — 514 p.
  • Barthold W. Zwölf Vorlesungen über die Geschichte der Türken Mittelasiens (герман). — Darmstadt: Wissenschaftliche Buchgesellschaft, 1932.
  • Bartold W. Mussulman Culture (англи.) / Hasan Shaheed Suhrawardy. — Kolkata: University of Calcutta, 1934. — XXVIII, 146 p.
  • Bartold W. Four Studies on the History of Central Asia (англи.) / V. Minorsky. — Leiden: E.J. Brill, 1962. — Vol. 1. — 184 p. — (Russian Translation Project Series of the American Council of Learned Societies, vol. 20). — ISBN 978-90-04-00149-7.
  • Bartold W. Histoire des Turcs d'Asie Centrale (франц.). — Paris: Porcupine Press, 1977. — 177 p.
  • Bartold W. An Historical Geography of Iran (англи.) / trans. by Svat Soucek[англ.]; ed. and introduction by C. E. Bosworth. — Princeton: Princeton University Press, 1984. — 308 p. — (Princeton Legacy Library). — ISBN 978-1-400-85322-9. — doi:10.1515/9781400853229. — JSTOR j.ctt7zvv3z.