Jump to content

Виола Амхерд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Виола Амхерд, 2023 он.

Виола Патрисия Амхерд (герман. Viola Patricia Amherd; 1962 оны 6-р сарын 6-нд Швейцарын Вале кантоны Бриг хотод төрсөн) — швейцарын улс төрч, 2019 оноос Швейцарын Холбооны зөвлөлийн гишүүн. 2023 оны 1-р сарын 1-нээс Швейцарын дэд Ерөнхийлөгчөөр сонгогдож байгаад 2024 оны 1-р сарын 1-нээс тус улсын Ерөнхийлөгч болсон.

Виола Амхерд Швейцарын өмнөд нутгийн Бриг хотод 1962 онд төрөөд 1982 онд тус хотод Латин гимназид сурч төгссөн байна. Улмаар 1982-1987 онд Швейцарын Фрибургийн Их сургуулийн (франц. Université de Fribourg, герман. Universität Freiburg, UniFr) эрх зүйн ангид сурч төгссөн ажээ. 1991 оноос төрлөх Бриг хотод хуульч, нотриатчаар ажилласан байна.

1992 онд төрсөн хотынхоо зөвлөлийн гишүүн болсон. 1996 онд тэрээр хотын дэд ерөнхийлөгч, 2000 онд Бриг хотын захиргааны ерөнхийлөгч болжээ. 2005 оны 5-р сарын 31-ээс 2018 оны 12-р сарын 31 хүртэл тус улсын парламентын доод танхим буюу Швейцарийн Үндэсний зөвлөлийн гишүүн байсан. 2018 оны 12-р сарын эхээр Виола Швейцарийн Холбооны Зөвлөлийн гишүүнээр сонгогдож, 12-р сарын дундуур Батлан ​​хамгаалах, Иргэний хамгаалалт, спортын сайдын албан тушаал хашсан. Мөн тэрээр тус яамыг толгойлсон анхны эмэгтэй болж байсан. Тэрээр Вале кантоноос Холбооны Зөвлөлийн гишүүн болсон анхны эмэгтэй юм. 2019 оны 1-р сарын 1-нээс ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн.

2020 оны сүүлээр Швейцарьт Консерватив Ардчилсан болон Христийн Ардчилсан Ардын Нам гэсэн хоёр намын удирдлага нэгдэх шийдвэр гарч улмаар Швейцарын "Төв" нам үүссэн байна. Виола Амхерд мөн энэ намд элссэн бөгөөд тэрээр Швейцарийн Холбооны Зөвлөл дэх энэ намын анхны төлөөлөгч болжээ. 2023 оны 1-р сарын 1-нд тэрээр тус улсын дэд ерөнхийлөгчөөр Ален Берсетийг (Швейцарийн ерөнхийлөгч болсон) сольсон.

Тэрээр 2022 оны 4-р сарын эхээр ОУ-ын Олимпын Хорооны тэргүүнээс Орос, Беларусийн албан тушаалтнуудыг тэмцээнээс хасахыг шаардсан дэлхийн удирдагчдын нэг байв. Энэ нь Оросууд Украин руу довтолж эхэлсний дараа болсон юм. 2023 оны 12-р сарын дундуур Швейцарийн парламент Виола Амхердыг дараа жил нь Ерөнхийлөгчөөр сонгов. "Төв" намын төлөөлөл 2024 оны 1-р сарын 1-нд тус улсын түүхэнд анх удаа Швейцарийн Ерөнхийлөгч болов.

Тэрээр Швейцарын Ерөнхийлөгчийн хувиар 2024 оны 8-р сарын 2-4-нд Монгол Улсад албан ёсоор айлчисан.