Владимир Кара-Мурза
Владимир Владимирович Кара́-Мурза́ (1981 оны 9-р сарын 7-нд ЗХУ-ын нийслэл Москва хотод төрсөн)- Оросын сөрөг хүчний улс төрч, телевизийн сэтгүүлч, найруулагч, нийтлэгч, улс төрийн хоригдол.
"Борис Немцовын эрх чөлөөний сан"-гийн удирдах зөвлөлийн дарга асан. 2015-2016 онд Ардын эрх чөлөөний нам-ын дэд дарга. "Эв санааны нэгдэл" ардчилсан хөдөлгөөний товчооны гишүүн, Оросын сөрөг хүчний зохицуулах зөвлөлийн гишүүн. "Чөлөөт Орос сан"-гийн дэд ерөнхийлөгч. 2019 оны 9-р сарын 7-ноос 2022 оны 2-р сарын 26 хүртэл "Эхо Москва" /монгол. Москвагийн цуурай/ радиогийн "Долоо хоногийн хүрээнд" нэвтрүүлгийн хөтлөгч.
"Тэд эрх чөлөөг сонгосон" (орос. Они выбирали свободу), "Немцов" зэрэг баримтат киноны зохиолч болон найруулагч.
2022 оны 10-р сарын 10-нд Владимир Кара-Мурза Вацлав Хавелийн нэрэмжит шагналын эзэн болов.
2023 оны 4-р сарын 17-нд түүнийг эх орноосоо урвасан, Оросын армийг гүтгэсэн, хүсээгүй байгууллагатай хамтран ажилласан гэх үндэслэлээр 25 жилийн хорих ял оноосон. "Эмнести Интернэшнл" түүнийг "үзэл санааны хоригдол" (англи. prisoner of conscience) гэж үзсэн.
2024 оны 8-р сарын 1-нд барууны орнуудтай хийсэн хоригдлуудын солилцоогоор Оросын хорих ангиас сулагдсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1981 оны 9-р сарын 7-нд Москва хотод төрсөн. Москвагийн 1216-р Франц хэлний тусгай дунд сургуульд суралцсан; Кембрижийн их сургуулийн Тринити Холл коллежид түүхийн чиглэлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалсан. Мөн энэ үед тэрээр Их Британийн иргэншил авсан.
16 настайгаасаа сэтгүүл зүйд орсон. 1997-2000 онд "Новые известия" сонины сурвалжлагч, 2000-2004 онд "Коммерсант" хэвлэлийн газрын сурвалжлагч, тоймч. 2002 онд тэрээр Оросын хөрөнгө оруулалтын тойм сэтгүүл «Russian Investment Review»-ийн ерөнхий редактороор ажиллаж байсан.
2007 оны 12-р сарын 17-нд болсон "Баруны хүчний Холбоо" (орос.Союз Правых Сил. товч СПС)-ийн их хурлаар Кара-Мурза Холбооны улс төрийн зөвлөлийн гишүүнээр сонгогдов. 2008 оны 9-р сарын 29-нд тэрээр Кремлийн "Шударга шалтгаан" төсөлд орохыг эсэргүүцэж намаасаа гарах тухай мэдэгдэл бичсэн. 2008 оны 12-р сарын 13-нд болсон “Эв санааны нэгдэл” Ардчилсан нэгдсэн хөдөлгөөнийг үүсгэн байгуулах их хурлаар Холбооны улс төрийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Санал хураалтын дүнгээр тэрээр 77 нэр дэвшигчээс 2-рт орж, зөвхөн Борис Немцовт ялагдсан байна.
2010 оны 3-р сарын 10-нд тэрээр Оросын сөрөг хүчний "Путин явах ёстой" (орос. Путин должен уйти) гэсэн уриалгыг дэмжиж гарын үсэг зурсан. Тэрээр 2011 оноос хойш “Шударга сонгуулийн төлөө!” уриан дор эхэлсэн эсэргүүцлийн жагсаалд оролцож байв.
2015 оны 5-р сард, 2017 оны 2-р сард түүнийг хордуулах гэж оролдсон.
2019 оны 7-р сард Кара-Мурза орос иргэдийн үүсгэн байгуулсан, АНУ-д бүртгэлтэй "Чөлөөт Орос" сангийн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд очжээ. "Чөлөөт Орос" сан нь ОХУ-д хүсээгүй гэж зарласан байгууллагуудын жагсаалтын 16-д ордог байна.
2023 оны 4-р сарын 17-нд Москва хотын шүүхээс Владимир Кара-Мурзаг эх орноосоо урвасан, Оросын армийн талаар гүтгэлэг тараасан, хүсээгүй байгууллагатай хамтран ажилласан гэх үндэслэлээр 25 жилийн хорих ял оноосон байна.
2023 оны 7-р сарын 31-нд давж заалдах шатны шүүх хуралдаж Владимир Кара-Мурзад оноосон ялыг хэвээр үлдээв.
2023 оны 9-р сард Кара-Мурзаг Омск муж дахь "ИK-6" хорих анги руу аваачиж, тэр даруйд нь хорих ангид хийжээ.