Jump to content

Гол модны дурсгал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Гол модны дурсгал буюу Гол модны Хүннүгийн язгууртны булш нь Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалт газар. Архангай аймгийн Хайрхан сумын төвөөс зүүн урагш 35 км-ийн зайд, Хайрхан, Эрдэнэмандал сумдын нутагт, Хүнүй голын хөндий залгасан өвс ургамалтай, модорхог 400 га газрыг эзлэн оршино. Нийт 500 орчим булштай. Анх 1956 онд Монголын археологич Ц.Доржсүрэн илрүүлж 26 жижиг булшийг малтан шинжилжээ.

Монгол-Францын хамтарсан археологийн экспедиц 2000- 2011 онд Гол модонд Хүннүгийн язгууртны булш малтах төсөл хэрэгжүүлж язгууртны 2 том булш (1, 20-р булш), дундаж хэмжээтэй булш 1 (79-р булш), дагуул болон жижиг 15 булш малтан судалсан нь Хүннүгийн язгууртны булшны бүтэц, зохион байгуулалт, оршуулгын зан үйлийг тодруулан судлахад чухал хэрэглэгдэхүүн болсон юм.

Хүннүгийн язгууртны булш нь ерөнхий бүтцийн хувьд уруу нь харуулсан пирамид хэлбэртэй. Эртний египтчүүд нас эцэслэсэн хаадын булш болох пирамидыг газрын хөрсөн дээр байгуулдаг байсан бол Талын анхны эзэнт гүрнийг цогцлоогч хүннү нар газрын хөрсөн доор 20 гаруй метр гүнтэй пирамид мэт хэлбэртэй гүн нүх бүхий бунхант оршуулгыг бүтээдэг байсан билээ. Энэхүү баримт нь Хүннүгийн язгуутны булш нь бүтэц, зохион байгуулалтын хувьд уран барилгын сүрлэг, нарийн бүтэц бүхий дурсгал болохыг харуулж байна.

Эдгээр булшны малтлагаас зэс, төмрийн хайлшаар хийсэн эд өлгийн зүйлс, сүйх тэрэгний эд ангиуд, авсны алтан чимэглэлүүд, торго, эсгий ширдэгний тасархай, ноос, арьс, үслэг эдлэлийн зөөлөн болон эрдэсшсэн үлдэгдлүүд олдсон. Үүний зэрэгцээ усан болор, шилэн сувс, хуван эдлэл зэргийг илрүүлэн олсон нь олон улсын худалдаа солилцоонд хүннү нар ч идэвхтэй оролцож байсныг гэрчилнэ. Мөн хүннү нарын оюуны соёлын гайхамшигт дурсгал болох хөлөгт тоглоом, Хүннүгийн амьтны загварт урлагийн содон дүрслэл болох бэлгэт гөрөөс буюу ганц эвэрт домгийн амьтны дүрст алт шармал мөнгөн хөөмөл худрага, хөмөлдрөгний чимэглэл зэрэг зүйлс олджээ.