Jump to content

Гротриан-Штайнвег

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Grotrian, Helfferich, Schulz, Th. Steinweg Nachf. GmbH & Co
Гротриан, Хелфериx, Шульц, Т. Штайнвег Наxф. ГмбХ & Ко
Logo
Эрх зүйн хэлбэр GmbH & Co. KG
Үүсгэн байгуулагдсан 1835 он
Төв байр Брауншвайг
Удирдлага Теренс Нг
Ажилчид 50
Салбар Төгөлдөр хуурын үйлдвэрлэл
Цахим хуудас www.grotrian.de/
Гротриан-Штайнвег хос гранд төгөлдөр хуур

Гротриан-Штайнвег Пианофортефабрик (герм. Grotrian-Steinweg Pianofortefabrik) нь гранд төгөлдөр хуур ба төгөлдөр хуур үйлдвэрлэдэг, Брауншвайг хотод төвтэй аж ахуйн нэгж юм. Энэ компанийг 1835 онд Хайнрих Энгелхард Штайнвег германы Зээзенд үүсгэн байгуулжээ. Тиймээс тус үйлдвэр нь дэлхийн хамгийн эртний төгөлдөр хуурын үйлдвэрүүдийн нэгэнд тооцогддог бөгөөд 2015[1] онд Парсонс Мюзик Групп хуадалдан авах хүртэл Гротриан-Штайнвегийн гэр бүлийн эзэмшилд байсан юм.

Гротриан-Штайнвег гэр бүлийн компанийг үндэслэн байгуулагч нь Фрийдрих Гротриан юм. Тэрбээр 1830 онд Москвад хөгжмийн дэлгүүр нээн ажиллалуулах болсон ба энэ дэлгүүртээ өөрийн үйлдвэрлэсэн төгөлдөр хуурыг бас худалдаалдаг байв. Гэтэл түүнд авга ах нь хөрөнгө өвлүүлэн үлдээсэн учраас 1856 онд буюу 26 жилийн дараа нэлээд бэл бэнчин бүхий бизнесмен болоод, буцаж эх орондоо ирэв.

Нутагтаа ирээд тэр Вольфенбюттелд төгөлдөр хуурын үйлдвэртэй Теодор Штайнвегтэй танилцав. Теодорын энэхүү үйлдвэрийг 1835 онд түүний эцэг Хайнрих Штайнвег үүсгэн байгуулсан аж. Хайнрих Штайнвег 1851 онд АНУ-руу нүүн очоод, 1853 онд Нью-Йорк хотод Steinway & Sons компаниа үүсгэн байгуулав. 1858 онд Гротриан Вольфенбюттел дахь үйлдвэрт нь хувь эзэмшигчээр оров. Хоёр хамтран эзэмшигч компаниа Брауншвайг руу нүүлгэсэн ба ажилчдын тоо нь ч хурдан хугацаанд өсч 25 болсон байна.

1860 онд Фрийдрих Гротриан нас нөгчжээ. 1865 онд Теодор Штайнвег компани дахь өөрийн эзэмшиж байсан хувиа хамтрагчийнхаа насанд хүрээгүй байсан хүү Вилхелмд худалдан мөн Нью-Йорк руу нүүсэн байна. Үүнээс хойш хагас зуун жил „C. F. Th. Steinweg Nachf.“ (К. Ф. Т. Штайнвегийн үр хойчис) гэсэн аж ахуйн нэгжийн нэртэйгээр Штайнвегийн төгөлдөр хуурыг үйлдвэрлэсэн ба энэ хооронд хэд хэдэн удаа Штайнвег нэрээс болон заргалдаж байгаад эцэст нь Гротриан-Штайнвег гэх нэртэй болжээ.

1895 онд Вилхелм Гротриан өөрийн хоёр хүү Курт, Виллиг хувь эзэмшигчээр компанидаа авав. Энэ үеэр нэлээд олон ван болон гүнгийн ордууд Гротриан-Штайнвегийг ордны төгөлдөр хуур нийлүүлэгчээр сонгосон байснаас гадна тус компанид өөрсдийн сүлдийг төгөлдөр хууртаа ашиглах эрхийг олгосон байна. Өнөөг хүртэл эдгээр сүлднээс заримыг нь шинээр үйлдвэрлэж буй төгөлдөр хууртаа чимэг болгон ашигладаг байна. 1913 он хүртэл тус компанийн ажилчид 550 болон өссөн бол дэлхийн нэгдүгээр дайны дараа 1000 болсон байна.

 Commons: Гротриан-Штайнвег – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Martin Möller: Deutsche Klavierbauunternehmen in Eigenverantwortung werden rar. In: www.pianonews.de. Abgerufen am 19. Januar 2017.