Jump to content

Муур

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Гэрийн муур-с чиглүүлэгдэв)
Муур
Муурны бусад зургууд
Ховордолтын зэрэглэл
Гэршүүлсэн
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Мийнхэн
Төрөл: Felis
Зүйл: Муур
Латин нэр
Felis catus
(Линней, 1758)
Ижил утгатай нэршил

Felis catus domestica (буруу синоним)
Felis silvestris catus

Муур (Felis catus) буюу гэрийн муур хортон мэрэгч, могой, хилэнцэт хорхой зэрэг гэрийн хортныг агнах чадвар, хүнд дасах чадвараараа хүнд үнэлэгддэг махан идэшт хөхтөн. Муур дор хаяж 9500 жилийн өмнө хүнтэй холбоотой болсон.[1]

Чадварлаг махчин муур 1000 орчим зүйлийн амьтан барьж хооллодог. Энгийн команд сургаж болно. Муур хаалганы бариул доош дарж онгойлгох зэрэг энгийн механизмыг өөрөө эзэмшиж сурдаг. Муур янз бүрийн дуу авиагаар харилцдагаас гадна, биеийн хөдөлгөөнөөр харилцдаг.[2] Муур дэлхий дээр хамгийн түгээмэл гэрийн амьтан юм. Нийт 600 сая гаруй муур дэлхий даяар тархсан.[3] Бүртгэлтэй цэвэр үүлдрийн муур тэжээдэг хүмүүс олон бий.

Муурыг шүтээнээ болгосон эртний Египетэд муурыг анх гэршүүлсэн гэж саяхан болтол үздэг байв.[4] Гэвч 2007 оны судалгаагаар гэрийн бүх муур МЭӨ 8000 жилийн өмнө Ойрхи Дорнодод гэршсэн тав хүртэл тооны Африкийн цоохондойгоос (Felis silvestris lybica) гаралтайг тогтоожээ.[5]

Муур нь 2.5-7кг жинтэй, зарим үүлдэр, тухайлбал Maine Coon зэрэг нь 11.3 кг хүрдэг. Мөн маш жижигхэн 1.8кг орчим төрөл бас бий. Дэлхийн хамгийн том рекорд тогтоосон муур 21кг 297гр ба хамгийн жижиг нь 1кг 36гр байна. Муурын дундаж өндөр 23-25см, урт 46см (толгой, бие) ба сүүлний урт 30см байдаг. Үе мөч, булчин, шөрмөс нь тун зөөлөн, уян хатан тул толгойныхоо эргэн тойрноос бусад бараг бүх биеийнхээ хэсгийг долоож чадна. Мөн өндөр үсрэх чадвар сайн бөгөөд биеийн өндрөөсөө 5 дахин илүү 1.5м орчим үсэрч чаддаг. Цагт 60км орчим хурдлах чадвартай хэмээгдэх ба эгшин зуур богино зайд өндөр хурд гаргах боловч хол давхихгүй.

Нүүрнийх нь хэмжээтэй харьцуулахад нилээн том нүдтэй. Харааны хувьд хөдөлгөөнт зүйлийг олж тогтоохдоо тун сайн ч, хөдөлгөөнгүй болон удаан хөдөлж буй зүйлийг олж харахдаа тийм сайн биш. 2-6м доторхийг тод сайн харах ба түүнээс ойр эсвэл хол зүйлийг харахдаа сайн биш гэж тооцогддог. Хүүхэн хараа нь хүнийхээс өөр, босоо нарийн байдаг нь хэмжээгээ хурдан өөрчлөхөд давуу талтай аж. Гэгээтэй газар нарийн босоо, бүдэг харанхуй орчинд хүүхэн хараа нь нүд дүүрэн нээгдэж гэрлийн нүдэнд тусах хэмжээг ихэсгэх ба сайн хардаг. Өнгөний үндсэн 3 эх болох хөх, улаан, ногооныг ялгах боловч улаан өнгийг бүдэг ягаан болгож хардаг байна. Ерөнхийдөө юмс үзэгдлийг хар, цагаанаар харна.

Хамар нь бусад амьтадтай харьцуулахад гоц сайн гэж ялгарах зүйлгүй ч хүнээс хэдэн 10 мянга дахин өндөр үнэрлэх чадвартай байна. Мууранд "хамрын хээ" гэж байх ба энэ нь хүнийхээр бол хурууны хээтэй адил бөгөөд муур болгоных өөр юм. Нохой шиг үнэрлэх чадвараа ашиглан ан хийх нь бараг үгүй. Муур нь хамраа өөрийн эзэмшил газраа шалгах болон идэж болох зүйл мөн бишийг ялгахад ашигладаг.Муурын хамар бол онцгой юм.

Муурын 5 мэдрэхүй дотроос хамгийн сайн нь сонсгол аж. 60 герц-65 килогерц хүртэл гэж тооцогддог. (Нохой 40гц-47кгц, Хүн 20гц-20кгц) Энэ нь хулгана зэрэг амьтдын гаргах чимээг олж сонсоход зориулагдсан. Мөн чихээ нэг нэгээр нь 2 өөр зүгт хөдөлгөн тэр зүгийнхээ дуу чимээг ялгаж сонсож чаддаг ба хаана яг аль зайд гарч буйг нь маш нарийн тогтоодог байна. Эдгээр нь шөнөөр ан хийхдээ олзоо хүлээн мярааж, гэтэж байгаад авлахад зохицон хөгжсөн чадвар юм.

Сүүл нь биеийн урттай ойролцоо байна. Зарим үүлдрийн муур маш богино эсвэл сүүлгүй байх нь бий. Гүйх, харайх, үсрэх зэрэгт хөдөлгөөний тэнцвэрээ олоход хэрэглэгдэх ба мөн юу илэрхийлж байгааг мэдэж болно.

  • Сүүлээ босгох- Харьцангуй сайхан ааштай үед. Алхаж байх үед босгосон байх нь элбэг.
  • Хажуу тийш хөдөлгөх- Тааламжгүй үед. Эзэн нь дуудахад мөн 2 тийш хэд хэд даллан хариулах үе бий. Бас ав хийх, тоглож байх зэрэг үед ажиглагдана.
  • Хойд хөлийн завсар сүүлээ хавчих- Айсан үед.
  • Үсийг нь арзайлган томсгосон- Гайхаж цочсон.
  • Өөр муур болон эзнийгээ ороох- Энэ нь дотно, нөхөрсөг байдлаа илэрхийлж буй хэрэг аж.

Урд хөл нь 5, хойд хөл нь 4 хуруутай байдаг. Гэвч зарим гажигаас болоод урд хөл нь 6, эсвэл хойд хөл нь 5 хуруутай муур цөөнгүй бий. Гиннесийн номд хойд, урд хөлөндөө тус бүр 7 хуруутай, нийт 28 хуруутай муур тэмдэглэгдсэн байдаг.

  1. "Oldest Known Pet Cat? 9500-Year-Old Burial Found on Cyprus". National Geographic News. 2004-04-08. Татаж авсан: 2007-03-06.
  2. "Meows Mean More To Cat Lovers". Channel3000.com. Archived from the original on 2003-08-04. Татаж авсан: 2006-06-14.
  3. "Cat Diversity by National Geographic". MySpaceTV. Татаж авсан: 2008-11-22.
  4. Wade, Nicholas (2007-06-29). "Study Traces Cat's Ancestry to Middle East". The New York Times. Татаж авсан: 2008-04-02.
  5. Driscoll, Carlos A.; et al. (2007-07-27). "The Near Eastern Origin of Cat Domestication" (PDF). Science. 1: e3. doi:10.1126/science.1139518. PMID 17600185. Татаж авсан: 2008-04-02. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (help); Italic or bold markup not allowed in: |journal= (help)
 Commons: Felis silvestris catus – Викимедиа дуу дүрсний сан
Викизүйлд Муур-тай холбоотой мэдээлэл байна.

Мал эмнэлгийн холбогдолтой

[засварлах | кодоор засварлах]