Гүрбазарын Амар
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ОХУ-ын Буриад улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, Монголын Орчуулагчдын Эвлэлийн шагналт, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Харгана овогт Гүрбазарын Амар (1933-2016) нь Монголын орчин цагийн утга зохиолын орчуулгын салбарын томоохон төлөөлөгчдийн нэг юм. Монголын Зохиолчдын Хороо, Монголын Орчуулагчдын Хороо, Монголын Сэтгүүлчдийн Хорооны гишүүн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Гүрбазарын Амар 1933 оны 2 дугаар сарын 15-нд одоогийн Дорнод аймгийн Баяндун сумын нутагт Их өвөлжөөн гэдэг уулын энгэрт малчин ард Гүрбазар, Жигмид нарын отгон хүү болон мэндэлжээ. 1935 онд одоогийн Цагаан-Овоо сумыг шинээр байгуулахад Баяндун сумаас олон өрх зааглагдан шинэ суманд харьяалагдахад Цагаан-Овоо сумын харьяат болжээ.
1942 оны намар 9 настайдаа тус сумын бага сургуулийн нэгдүгээр ангид орсноор ном, эрдмийн урт замаа эхэлсэн юм. Бага дунд сургуульд нь орос боловсролтой, эрдэмтэн багш нар эрдэм мэдлэг, шинжлэх ухааны үндсийн анхны мэдэгдэхүүнийг маш сайн олгож байжээ. 1946 онд Баян-Уул сумын дунд сургуульд шилжиж, 1949 онд төгсөөд Чойбалсан хотын дунд сургуулийн наймдугаар ангид орж суралцсан. Түүх утга зохиол, хэлний хичээлд идэвхтэй, орос хэлний хичээлд бүр ч сонирхолтой болсон нь Баян-Уулын дунд сургуульд байхад нь сургуулийн захиргаа Зөвлөлтийн цэргийн анги, Спецвоенторг гэдэг байгууллагынхнаас орос багш нарыг урьж, орос хэл заалгадаг байсны дээр орос хэл бичигтэй Ануударь зэрэг багштай салшгүй холбоотой. Чойбалсан хотод сурч байхдаа орос дэлгүүрийн лангуунд тавиастай хүнс барааны нэр хаяг, гудамжинд байх киноны зарлал, номын дэлгүүрийн тавиур дээрх орос номын нэр гэх мэтийг ямагт харж, багш нараас асууж, дэрэн доороо байнга байлгадаг орос-монгол тольдоо хардаг байжээ.
Чухамхүү тэгж чармайсныхаа ачаар Улсын Их Сургуулийн бэлтгэл ангид орж чадсан юм. 1952-1953 онд Их сургуулийн бэлтгэл ангид 8-10-р ангийн хичээлийг орос хэлээр заадаг байсан ба бэлтгэлээ төгсөөд түүхийн ангид саналаараа орж суралцахдаа орос хэл рүүгээ улам шамдан орж, 1958 онд Их сургууль төгсөхдөө Соёлын Яаманд сонирхлынхоо дагуу хуваарилагджээ.
Тийнхүү 1958 онд Соёлын Яамны Хэвлэлийн нэгдсэн редакцид редактораар орсноос хойш 1991 онд тэтгэвэртээ гартлаа 33 жил энэ л албан тушаал дээр, редакторын ажлаа хийсэн ба утга зохиолын номын орчуулгын редактораар ажиллахын сацуу чөлөөт цагаараа утга зохиолын номын орчуулга хийж байсан юм. Нийт 120 гаруй номын орчуулгыг редакторлаж, 50 ном орчуулан хэвлүүлсэн. Мөн Орос, Зөвлөлт, Америк, Англи, Куба, Энэтхэг, Герман, Унгар, Чех, Болгар, Молдав, Казахстан, Кыргыз, Франц, Румын, Югослав, Австрали, Бразил, Дани, Австри, Итали, Египет, Польш, Украин, Латви, Эстон, Буриад, Якут зэрэг олон орны зохиолчдын өгүүллэг, тууж, тэмдэглэл зэргийг орчуулсан болно. Өөрийн намтар түүхийг цаг үеийнхээ түүхтэй холбон "Миний тавилан" номоо, хамт ажиллаж нэгэн үед нэгэн зорилготой явж байсан орчуулагч анд нөхдийнхөө тухай "Эгэл эрхмүүд" номоо бичиж хэвлүүлэн гаргасан юм. Монгол өв соёл уламжлалаа хадгалан үлдээхийн сацуу дэлхийн уран зохиолын сан хөмрөгийг баяжуулахаар Х.Андерсены үлгэрүүдийг "Хааны шинэ хувцас" нэрээр монгол бичгээр эмхтгэн хэвлүүлсэн билээ.
Хэвлэлийн алтан үеийнхэн болох Г.Амар болон ахмад орчуулагчид дэлхий дахины уран зохиолын бараг бүх дээжээс орчуулан, Монголынхоо уншигч олонд хүргэж, оюуны санг нь арвижуулсан билээ. Түүнээс гадна орчуулагч Г.Амар нь залуу насандаа боксын спортоор хичээллэж, хотын аваргын мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй. Г.Амар нь спортын маш том хорхойтон байсан ба монгол тамирчдаа, тэр дундаа монгол бөхчүүд, боксчид, уулчдаа халуунаар дэмждэг байсан төдийгүй, 1950-иад оноос эхлэн олон улсын ба дотоодын спортын тэмцээний ярилцлага сурвалжилга авч, нийтлэл бичиж сонинд хэвлүүлж, радиогоор цацаж байснаараа Монгол улсад спортын сэтгүүл зүйн үндсийг тавилцсан сэтгүүлчдийн нэг хэмээн зүй ёсоор нэрлэгдэх хүн мөн юм.
Орчуулсан номууд (орос хэлнээс)
[засварлах | кодоор засварлах]- Ф.Достоевский “Дорд үзэгдэгсэд” 1983 он
- Ф.Достоевский “Цагаан шөнө” 1985 он
- Н.Карамзин “Хөөрхий Лиза” 1985 он
- Б.Полевой “Эцсийн бүлэгт” 1972 он
- Ю.Смуул “Мөсний ном” 1966 он
- Ч.Айтматов “Эхийн тал” 1968 он
- В.Липатов “Тосгонд болсон явдал” 1982 он
- Ф.Купер “Сүүлчийн могикан” 1970 он
- Ж.Санд “Индиана хүүхэн” 1974 он
- Ж.Санд “Консуэло” 1 1981 он
- Ж.Санд “Консуэло” II 1981 он
- Л.Буссенар “Эрлэгийн эзэн ахмад” (М.Шатартай хамт) 1962 он
- Хосе Солер Пуиг “Бертильон 166” 1964 он
- Ц.Номтоев “Зүтгэл” 1959 он
- А.Карник “Кашмир гүнжийн нууц” 1959 он
- Н.Островский “Болд хэрхэн хатаагдсан” 1987 он (Шинэ орчуулга)
- Р.Островская “Николай Островский” 1987 о
- Е.Кобелев “Хо Ши Мин” 1984 он
- И Лаврецкий “Сальвадор Альенде” (С.Лочинтой хамт) 1976 он
- Г.Жуков “Дуртгал бодол” I (Ж.Бямбадоржтой хамт) 1977 он
- Г.Жуков “Дуртгал бодол” II (Ж.Бямбадоржтой хамт) 1977 он
- Ж.Сименон “Адал явдалт тууж”
- Олон зохиолч “Хайрын ундаа” 2002 он
- Дэнзэн Норгай “Цаст уулын барс” 2 удаа хэвлэгдсэн 1965, 2003 он
- Ги де Мопассан “Хонгор найз” 2 удаа хэвлэгдсэн 1971, 2002 он
- М.Шолохов “Доны өгүүллэгүүд” (С.Бадраа нарын хамт) 1978 он
- М.Шолохов “Зүггүй тархи”
- В.Некрасов “Сталинградын нуувчинд” 1970 он
- Георгий Свиридов “Өргөст торон дотор” 1969 он
- Дэлхийн II дайны товч түүх (П.Чойжил, М.Шатар нарын хамт)
- С.Минков “Хошин өгүүллэгүүд” 1959 он
- И.Гёте “Залуу Вертерийн шаналан” 1965, 2004 он
- В.Быков I 1988 он
- В.Быков II (С.Лочинтой хамт) 1988 он
- В. Штейнбах “Боксоос хонжоо хайгчид” 1988 он
- Т.Драйзер “Америкийн эмгэнэлт явдал” II боть 1960 он
- Джек Лондон “Үмх мах”
- В.Богомолов “Дөчин дөрвөн оны наймдугаар сард” (Д.Дамдинсүрэнгийн хамт) 1981 он
- С.Баруздин “Хоёр тууж” 1981 он
- Майк Бонд “Паддингтон бамбарууш”
- О.Гончар “Хонх” 1976 он
- О.Гончар “Тугчин” 1976 он
- О.Гончар “Чиний минь царай” 1989 он
- Р.Киплинг “Өөрийн дураар сэлгүүцэгч тэнэмэл муур”
- С.Воронин “Сайн санаат муур”
- Бутаев “Найрын ахлагчийн үг”
- Лев Кассиль “Баатрын дүү Черемыш” 1979 он
- Н.Соркин “Анхны эхлэл” 1972 он
- Г.Троепольский “Хар чихтэй цагаан нохой” 1980 он
- Ал. Свиридов “Пуужин” 1987 он
- Х.Даймацу “Намайг дуурайгтун” 1974 он
- М.Горький “Варенька Олесова” (Ц.Шүгэрийн хамт) 1968 он
- М.Колесников “Рихард Зорге” 1974 он
- Москвагийн төлөө тулалдаан (Нөхдийн хамт)
- Х.Бидструп Зургийн бүх тайлбар 1972 он
- Г.Амар, О.Намнандорж “Монгол спорт” 1971 он (Орос, англи, франц хэлээр)
- Х.К.Андерсен “Ямх охин. Лусын дагина” 2005 он (Монгол бичгээр)