Jump to content

Даваагийн Дашдовдон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Даваагийн Дашдовдон (1934 онд Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн-2019 оны 6-р сарын 15-нд нас барсан) БНМАУ-ын Биеийн тамир, спортын улсын хорооны дарга, Монголын Үндэсний Олимпийн хорооны Ерөнхийлөгч байсан хүн.

Д.Дашдовдон 1934 онд Цэцэн хан аймгийн Илдэн вангийн хошуу буюу одоогийн Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн. Бага насаа сумынхаа бага сургуульд элсэн ороод сүүлд Чойбалсан хотын 1-р дунд сургуулийг дүүргэж, МУИС-ийг Монгол хэл бичиг, уран зохиолын багш мэргэжлээр төгсч, Монголын Оюутны холбооны дэд даргаар томилогдон ажилласан байна.

Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны сургууль- оюутан залуучуудын хэлтсийн эрхлэгч, МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалын туслах, Монгол улсаас ЗХУ-ын Москва хотод суугаа Элчин сайдын яамны дэргэдэх МАХН-ын Хорооны зохион байгуулагч, гадаадад суралцагч оюутан залуучуудын эвлэлийн хорооны дарга, Элчин сайдын яамны II нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан. 1982 оноос Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн Төв хорооны II нарийн бичгийн даргаар сонгогдон Монголын залуучуудын байгууллагад хорь шахам жил ажилласан МХЗЭ-ийн нэрэмжит шагналтан, Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан.

Д.Дашдовдон нь 1984-1989 онд БНМАУ-ын Биеийн тамир, спортын улсын хорооны дарга, Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгч, 1989 оноос Гадаад харилцааны яамны дэргэдэх дипломат байгууллагуудын ҮАА-г эрхлэх газрын дарга, 1994 оноос БНМАУ-аас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консулын үүрэгт ажлыг хашиж байсан.