Jump to content

Дагдангийн Амгалан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дагдангийн Амгалан
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
МэргэжилЗураач

Дагдангийн Амгалан (* 1933 оны 9 дүгээр сарын 20-нд Сүхбаатар аймгийн Халзан сумын нутагт төрсөн- 2009 оны 7 дугаар сарын 15-нд Улаанбаатар хотод нас барсан) -Монгол Улсын Төрийн шагналт Ардын зураач, сурган хүмүүжүүлэгч, профессор.

Сүхбаатар аймгийн Халзан суманд, малчин Дагдангийн гэрт 1933 онд хүү төрснийг Амгалан гэж нэрлэжээ. Амгалан “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэж ухаалаг уран гартай болох нь эцэг эхдээ мэдрэгдэж эхэлсэн 5-6 насанд нь эцэг Дагдан хорвоог орхижээ. Ингээд Амгалангийн ээж нь “Эрдэмтэй хүн их баян” гэж сургадаг, эцэг Шавран Хамбын сургаалиаар өвөл нь сүм бараадан сургуульд хүүхдүүдээ явуулж зун нь мал аж ахуй эрхэлсээр нэг мэдэхэд  хүүхдүүд нь том болцгоож цэрэгт явах нь явж, айл гэр болох нь болж, нийслэл хотод  явж  суралцаад тэндээ гэр бүлтэй болох зэргээр явсаар хүү Амгалан, батжаргал хоёртойгоо гурвуул үлджээ. Амгалан уран гартай, ажилд эвлэг, зан ааш сайтай, өөрийн нуруун дээр ирсэн эр хүний хийх ажлыг борви бохис хийлгүй хийж ногт чөдөр зангидах, хонь ямаа муулах (нядлах) зэрэг бүх ажлыг хийж сурчээ.  Хонгор сумаас Халзан сум тасарч нүүсэн учир мал буцаж гүйж эрэлд  явах нь Амгаланд хамгийн хүнд ажил байжээ. “Нохой хамартаа хүрэхээр усч усч” гэгчээр ээжийнхээ өмөг түшиг болж сурлагтаа ч сайн байсан төдийгүй орой болгон тосон дэнгийн гэрэлд даалгавараа хийж, түмэн бодисын хичээлийн номны зураг хуулан зурах дуртай, гоё бичигтэй байсан учир сургуулийн лоозон, зарлал бичих зэрэг ажилд тусалдаг байжээ. 

Нэг удаа Хувьсгалт залуучуудын эвлэлийн шугамаар Лувсанцэрэн гэдэг хүн тэдний сургууль дээр ирж ажил шалгахдаа Амгалангийн бичсэн зүйл, зурсан зургийг үзээд энэ жил Улс Хувьсгалын 25 жилийн ойгоор хүүхдүүдийн дунд зургийн уралдаан зарласан. Ийм сурагч Амгалангийн зурсан зургуудыг авч яваад тэр үзэсгэлэнд тавья гэхэд нь сургуулийн эрхлэгч сурагч Амгаланг дуудан зурсан зурагнуудыг нь авчруулж, хотоос ирсэн төлөөлөгчид өгч явуулжээ. 1946-1947 оны хичээлийн  жил эхлээд удаагүй байтал Амгаланг хичээлийн эрхлэгч дуудахад нь очвол: -Чиний уралдаанд явуулсан зургаас “Сойр”, “Аргаль”, “Угалз” шалгараад шагнал чинь иржээ гээд “Алтан үсгийн үнэмлэх”, 200 төгрөгийн хамт өгчээ. Амгалан хичээл тарахыг тэсч ядан хүлээн ээждээ шагналаа гардуулан өгөхөд, ээжийнх нь нүдэнд баярын нулимс цийлэгнэж, духан дээр нь үнссэн нь насан туршийн дурсамж болон ой тоонд нь үлджээ. 200 төгрөг тэр үед их мөнгө, ийнхүү урам хайрласн шагнал Ардын зураач болох  их үүдийг нээжээ. Амгалан 1947 онд 7 дугаар ангиа дүүргээд  улаанбаатар хотод ДУДС-ийн хоёр дахь элсэлтээр элсэн оржээ. Энэ үед Дүрслэх Урлагийн газар одоогийн МОНЦАМЭ агентлаг байгаа буйран дээр дан байшинд байсан. 

Д.Амгалан эвдэг зантай болхоор  найз нар нь “муужгай” гэж хочилдог муудхаараа “Нусгай гажуур” гэдэг, хүүхэд гэдэг амьтан сайндаж муудахыг алийг тэр гэх билээ. Д.Амгаланг 1951 онд сургуулиа төгсөхөд нь тус газартаа зураачаар авч, хэдэн хүүхэд дагалдангаар өгсөн явдал түүнийг шавь нартай болгосон азтай тохиол юм. Улсын баяр наадам болоход  албан газар бүр өөрсдийн үзэсгэлэнгийн байртай, Дүрслэх урлагийн газар бөмбөгөр шилэн оройтой байшинд бүх зураач урчууд бие даасан уран бүтээлээ тавьдаг. Төв хорооны үзэл суртлын хэлтэс хэд хэдэн удаа үзэл  суртлын бригадын самбар хийлгэхэд, элдэв үзэсгэлэн байгуулахад Амгаланг Чойдог багш нь дагуулж бичих зүйлийг нь бичүүлдэг байжээ. Ингэж багшдаа тоогдож гарын шавь нь болжээ. Нэг  л мэдэхэд өдөр сар өнгөрч, “Эр бие өсч, эсгий бие сунадаг “ гэгчээр Амгалан давхраатай алаг нүдтэй хөөрхөн бүсгүй Өлзийбаяртай гэрлэжээ. 

1956 онд Соёлын яамны орлогч сайд Л.Ванган Амгалантай гудамжинд дайралдаж ЗХУ-т Хэвлэлийн дээд сургуульд явах уу? гэхэд дуртай зөвшөөрчээ. Тэгээд хэвлэлийн дээд сургуульд явсан боловч Амгалан уран зургийн сургуульд орох гэж мөрөөдсөөр л байсан болохоор энэ талаар Элчин сайдынхаа яаманд ч хүсэлтээ тавьсаар л байжээ. Д.Амгалангийн аз болоход 1957 онд Ю.Цэдэнбал дарга Москва хотод ажлаар очихдоо элчин сайдын яаман дээр оюутнуудтайгаа уулзалт хийх болсонд баярласан Амгалан  оюутан хариуцсан ажилтнаар дамжуулж Цэдэнбал даргатай уулзуулж өгөөч  гэж хүсэлт тавьжээ. Ю.Цэдэнбал даргатай оюутан Амгаланг уулзуулахад “Эмч ирлээ” гэдэг бүтээлийг нь Улсын 30 жилийн ойн баяраар павильонд үзсэнээ санаж Уран зургийн дээд сургуульд орохыг татгалзахгүй гэснээр Суриковын нэрэмжит Уран зургийн дээд сургуульд орж, түүний мөрөөдөл биелсэн байна. Д.Амгаланг Зөвлөлтөд оюутан байх хугацаанд нь хүүхэд нь төрсөн. Амгаланг амралтаар гэртээ ирээд байхад нь нэг өглөө бяцхан охин нь ээжийгээ гал тогооноос гарч ирэхэд сарвайн тосч гүйсэн энэ мөчийн дүр төрх Амгалангийн “Эх орны өглөө”, “Ээжээ сайн байна уу” гэдэг алдарт зураг төрсөн түүхтэй юм. Энэ бүтээлээрээ Төрийн шагнал хүртжээ.

Д.Амгаланд нэр нь их зохисон өөрөө их амгалан тайван хүн. Д.Амгалан 1947-1950 онд ДУДС сурч төгссөн тэр мөчөөс хойш 40 гаруй жил ажиллаж, багшлахдаа Ардын Их хурлын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдсон байна.

1958-1963 онд Москвагийн В.И.Суриковын нэрэмжит уран зургийн дээд сургуулийг төгсчээ.

Сургуулиа төгсөөд 1990 онд тэтгэвэрт гартлаа МУЭХ-ны удирдах ажилд гар бие оролцон “Дүрслэх урлаг” гэдэг сурах бичиг зохиолцсон нь багш, сурагчдын гарын авлага болсоор байгаа бөгөөд Дүрслэх урлагийн дээд сургуульд олон зуун боловсон хүчин сурган хүмүүжүүлсэн хүндэт “профессор” болж байсан. 1975 онд “Ардын зураач ” цол хүртжээ. Ю.Цэдэнбал дарга, тэргүүн хатагтай Филатова нар Д.Амгалангийн авьяас билгийг өндөр үнэлэн Хуримын ордны чимэглэл хийлгэхэд нь Д.Амгалан эмблем, таван галтай ганжир хийсэн нь  монголчуудтаван хошуу малтай, дэхий таван тивтэй зэргээс  сэдэвлэн мөн таван хүүхдээ билэгдэн Хуримын ордны ганжирыг зурсан юм. 2 жилийн өмнө Амгалан зураачийн уран бүтээлийн үдэшлэг Вашингтон хотод болоход цугласан олон "зурахаас өөр хобби юу байна, зургаа хамгийн үнэтэй нь хэдээр зарж байсан, одоо ямар бүтээл хийж байгаа" зэргийг сонирхож асууж байжээ.Хариултаас нь товчхон өгүүлэхэд, "зурахаас өөр хобби бол анх тэшүүрээр гулгадаг байсан, дараа нь теннис тоглодог болсон" хэмээн хариулжээ. Энэ үед охин нь хажуунаас нь "Манай аав бас их сайхан оёдог байсан шүү дээ" гэж нэмэхэд Амгалан гуай "Март зэрэг баяраар эхнэртээ дээл, хувцсыг нь одоогийн маягийн моод, чимэглэл оруулаад өөрөө оёод өгчихдөг байсан" гэж нэмсэн гэнэ лээ.

Түүний хөдөлмөр бүтээлийг үнэлэн 1969 онд Төрийн шагнал, 1975 онд БНМАУ-ын Ардын зураач цолоор шагнажээ.

2016 оны 2-р сарын 8-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Соёл, Урлагийн Их Сургуулийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийг Монгол Улсын төрийн шагналт, Ардын зураач Д.Амгалангийн нэрэмжит болгох шийдвэр гаргасан байна.[1]

  • "Ээж ээ, сайн байна уу"
  • "Эмч ирлээ"
  • "Капитализмыг алгасагч"
  • "Жаахан шаргын нутаг"
  • "Мөрөөдөл"
  • "Өвлийн үдэш"
  • "Говийн эгшиг"
  • "Сургуульдаа"
  • "Тайгын эгшиг".
  • Төрийн шагнал
  • Ардын зураач
  • Ган дөрөө