Jump to content

Дамчаагийн Дэмбэрэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дамчаагийн Дэмбэрэл
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилцэргийн зүтгэлтэн, нисгэгч
Р-5 нислэгт

Дамчаагийн Дэмбэрэл - БНМАУ-ын Агаарын зоригт баатар, ууган нисгэгчдийн нэг.

Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошууны Илдэн сум, одоогийн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутагт малчин ард Дамчаагийн хүү болон төрсөн Дэмбэрэл 10 настайдаа эцэг эхээсээ хагацаж өнчин хоцорсон дүү нараа тэжээхийн тулд нутгийн баячуудад зарцлагдан амьдардаг байжээ.

  • 1921 онд ардын журамт цэрэгт элсэн Хиагт, Нийслэл хүрээг чөлөөлөхөд оролцсон партизан ажээ. Тэндээс цэргийн албыг улиран хааж
  • 1924 онд хуягт тэрэгний хороонд шилжин очиж хуягт машины жолооч, байлдааны машины дарга болжээ.
  • 1929-1932 онд ЗХУ-ын Перьм хотын Нисэхийн техникчийн дунд сургуульд суралцан онгоцны техникч мэрэгжил эзэмшсэн байна. МАХЦ-ийн шинэ төрөл, нисэх хүчнийг бэхжүүлэх, үндэсний нисгэгч, техникч, мэргэжилтнүүдтэй болох бодлогыг хэрэгжүүлэх явцад залуу партизан нисгэгч болж, хос мэргэжил эзэмшжээ.
  • 1933 онд Улаанбаатар хотод нисэгчийн сургууль төгсчээ.

Монгол ардын цэргийн нисэх хүчинд жирийн нисэгчээс нисэх отрядын дарга хүртэл дэвшсэн байна.

1935-1936 онуудад Япон болон Манж-Го улсын зүгээс БНМАУ-ын дорнод хилийн Адагдулаан,Буландэрсийн болон Халхын сүмийн мөргөлдөөнүүдэд ардын армийн нисэх отрядын дарга-нисгэгчээр оролцон агаарын тулалдаанд японы хэд хэдэн онгоцыг устгасан төдийгүй ардын цэргийн газрын ангиудыг дэмжин япон-манж-гогийн цэргийн байрлал, цэрэг, зэвсгийг агаараас тагнах, бөмбөгдөх зэргээр агаараас дэмжих үйл ажиллагаануудыг идэвхитэй зохион байгуулж, өөрөө биечлэн оролцсон байна. 1936 оны хавар Японы милитаристууд манай улсын дархан хилийг зөрчин Тамсагбулагийн районоор моторчилсон их хүчээр халдан довтлоход агаарын болон газрын хүчийг нь эсэргүүцсэн тулалдаануудад оролцож өдөрт 3-4 удаа байлдааны ба тагнуулын нислэг хийж, заримдаа агаарт 7-8 цаг ажиллаж байжээ. Булан дэрс, Адаг дулааны районд болсон тулалдаанд дайсны 3 онгоцтой ганцаараа тулалдаж нэгийг сөнөөж, хоёрыг эргүүлэн хөөж, онгоцондоо 29 сумны “шархтайгаар” эндэлгүй газардуулж байсан, нэг удаа дайсны 92 автомашинтай томоохон ангийг агаараас илрүүлэн бөмбөгдөж хэдэн арван машиныг жагсаалаас гаргасан, дайсны талаар олон чухал мэдээ цуглуулж өөрийн газар дээрх ангиудад чадамгай дамжуулсан зэргээр байлдааны үүргийг гарамгай биелүүлсэн байна.

Дэмбэрэл 1936 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр 25 машинтай 500 гаруй цэрэг, 3 их буу, 40 гаруй пулемёт, 2 онгоц, 2 танк бүхий хүчээр Япон, Манжийн 100 шахам цэрэг Булан дэрсний харуул руу довтолсон тулалдаанд хянагч Г.Доржийн хамт байлдааны үүргийг амжилттай биелүүлж, чадварлаг нисэгч болсноо харуулсан байдаг. Д.Дэмбэрэл дайсны хөдөлгөөнт цувааг оновчтой бөмбөгдөн, олон техник, амьд хүчийг жагсаалаас гаргаж, 5 дахин илүү хүчтэй дайсныг бут цохих ялалтыг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Хилийн зөрчил, тулгаралт даамжирсан 3 дугаар сарын 29-ний өдөр ачааны 7, суудлын нэг, хүнд, хөнгөн пулемётуудаар зэвсэглэсэн дайсан Адагдулааны чиглэлээр нэвтэрсэн байна. Бүх цэргийн жанжин Г.Дэмид цагийн байдалтай нарийвчлан танилцаж 6 дугаар морьт дивизээс Р-5 онгоц 2, хуягт машин 4-ийг хилийн харуулд хүч нэмэгдүүлэн сөрөг талыг устгах тушаал өгч, Тамсагбулагаас нисгэгч Д.Дэмбэрэл, Д.Жамбаа нар нисч дайсанд ихээхэн хохирол учруулжээ. Тус байлдаанд Д.Жамбаагийн онгоц 29, Д.Дэмбэрэлийн онгоц 30 удаа буудлагын зэвсгийн суманд өртөж, гэмтсэн ч жагсаалаас гаралгүй тулалдааныг дуусгажээ.

  • Цусан гавъяаны 2 дугаар зэргийн одон - БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 11 дүгээр тогтоолоор нисгэгч Д.Дэмбэрэл, Д.Жамбаа нарыг,
  • БНМАУ-ын Агаарын зоригт баатар цол - Шинэ монголын “шонхорууд” гялалзсан амжилт гаргасан тул БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн 1936 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 17 дугаар хурлын тогтоолоор “Дайсан этгээдэд туйлын хатуу цохилтыг өгч цаг тухай дор няцаан устгаж чадсаны дээр өөрийн улсын тусгаар тогтносон байдал ба эрх чөлөөт үндсэн газар нутгаа хатуу чийргээр хамгаалж, Монгол Улсын эртний үеийн эрэлхэг түүхт байлдааны их сүр хөгжлийг дайсны өмнө ил тодоор үзүүлж чадсан” учир 2 дугаар морьт корпусын агаарын отрядын штабын дарга, нисгэгч Д.Дэмбэрэлд
  • Улаан тугийн 3 дугаар зэргийн одон - 1936
  • 1934 онд партизаны хувьд үнэ бүхий зүйлээр тус тус шагнажээ.

Сонирхолтой баримтууд

[засварлах | кодоор засварлах]
  • Тухайн үед Монголын Ардын цэргийн агаарын хүч нь ЗХУ-ын онгоцны зохион бүтээгч Н.И.Поликарповын зохион бүтээсэн олон талын зориулалтын Р-5 онгоцоор зэвсэглэсэн байжээ.

Дорнодын Баянтүмэн дэх Нисэх сургуулийн захирал байхад нь Их Хэлмэгдүүлэлтийн 1937 оны сүүлчээр баривчлан, 1938 оны 3 дугаар сард хуулийн дээд хэмжээгээр хилсээр шийтгэсэн байна.

Энэхүү хэлмэгдүүлэлтийг 1962 оны 2 дугаар сарын 13-нд АИХ-ын тэргүүлэгчдийн цагаатгах комиссын хурлаар түүнийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээсэн.