Данзанравжаа судлалын музей
Данзанравжаа судлалын музей нь дахин сэргээгдэж 1991 оны 7 дугаар сарын 10-нд Дорноговь аймгийн төв Сайншанд хотод албан ёсоор нээлтээ хийсэн юм.
Түүхэн тойм
[засварлах | кодоор засварлах]Монголын их соён гэгээрүүлэгч, яруу найрагч Данзанравжаагийн музейн шинэ барилга 2008 онд ашиглалтад орж Ноён хутагтынхаа өв соёлыг түмнээ хүргэсээр байна.
Ноён хутагт Лувсанданзанравжаа 1840-өөд оны үед өөрийн бүтээл, хийж урласан зүйлс, эцэг эх, ойр дотныхоо хүмүүс, ихэс дээдэс, сүсэгтэн олноос өргөсөн, нутаг орноосоо өөрөө цуглуулсан эд зүйлсээр өвөрмөц нэгэн үзмэрийн сүм байгуулсныг Гиваадин равжайлин хэмээн нэрлэж олон түмэнд дэлгэн үзүүлэх болжээ. Үүнийг хүмүүс “Дингам” буюу “Нандин” хэмээн нэрлэж ирсэн. Хутагтыг 1856 онд жанч халснаас хойш түүний занданшуулсан шарил хийгээд 1500 авдар бүхий олон зүйл шашин соёлын эд зүйлсийг энэ сүмд залж, Шарилын сүм гэх болсон байна.
Тахилчид
[засварлах | кодоор засварлах]Шарилын сүмийг тусгайлан хадгалж хамгаалах зорилгоор нэгэн шавийг тохоон томилсон нь тахилч хэмээн нэрлэгдэх болжээ. Хутагтын шавь Ш.Балчинчойжоо (номын нэр нь Ишлодон) 1856 онд ноён гэгээнтнийг жанч халсны дараа үйл хэргийг нь уламжлуулан хадгалах тангараг өргөн энэ сүмийн анхны тахилч болжээ. Тэрбээр энэ үүргийг насан эцэс хүртэл хийсээр өөрийн хүү Ган-Очирт уламжлуулсан байна. Ган-Очир 33 жил тахилчийн үйлийг гүйцэлдүүлсээр хүү Наръяад, Наръяа нь хүү Гомбод, Гомбо нь хүү Түдэвт уламжлуулан хадгалуулсаар 1938 онтой золгожээ. 1938 онд Өвөр баясгалант Хамарын хийдийг устгагдах үед залуу лам Г.Түдэв лацдан битүүмжилсэн сүмд шөнийн цагаар нэвтрэн орж, нэг нэгээр нь зөөсөөр хөдөө ухаж бэлтгэсэн нүхэнд хийж булах, элсэнд булах, хад агуйд нуух зэргээр 64 авдар зүйлсийг авч амжсан нь 52 жилийн турш хөдөө хээр хадгалагдсаар 1990 онтой золгожээ. Хэдийгээр 1500 авдар зүйлсээс өчүүхэн төдий хэсэг үлдсэн боловч Г.Түдэв тахилчийн амь өрсөн авч сэм хадгалсаар ирсэн тэрхүү соёлын өвийн цөөхөн зүйлс эдүгээ Сайншанд хот дахь Данзанравжаа судлалын музей, Өвөр баясгалант Хамарын хийд зэрэгт дэлгэгдэн олны хүртээл болж байна. Музейн эдгээр чухал үзмэр нь Ноён хутагтын үе үеийн тахилч хэмээгдэх олон хүний амьдрал, хөлс хүч, мэдлэг оюуны хүчээр хэцүү бэрх цагийг туулж 200 орчим жил хадгалагдан ирсэн үнэ цэнээрээ Монголын түүх соёлын дурсгалын хосгүй үнэт өв болох юм. Эдүгээ 7 дахь үеийн тахилч З.Алтангэрэл ч мөн адил үе дамжсан тахилчийн тангараг өргөн Хутагтын өвийг нандигнан хадгалах, дахин сэргээх, Равжаа судлалыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэсээр яваа ажээ. Харин 8 дахь үе нь А.Алтан-Очир юм.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Ноён хутагт Данзанравжаагийн уран бүтээлйн өвийг тоймлон үзвэл 400 гаруй яруу найргийн бүтээл, 100 гаруй урт, богинын дуу, гүн ухааны 1 боть зохиол, жүжгийн зохиол 10 дэвтэр, шашны зан үйлийн бүтээлүүд монгол, түвд хэл дээр бичигдсэнээс гадна өөрийн гараар зурсан олон арван зургууд зарим нь тус музейд буй.
Дулдуйтын Данзанравжаа судлалын музей бол урьд цагт байсан Өвөр баясгалант Хамарын хийдийн Гэгээнтний нандин хэмээх “Үзмэрийн сүм” эдүгээ цагт сэргээн байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж буй хэрэг болно.
Данзанравжаагийн амьдрал уран бүтээлийг Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн, доктор Д.Цагаан, доктор Э.Оюун, доктор Д.Ёндон, академич Л.Хүрэлбаатар, Д.Цэрэнсодном, доктор Г.Лхагвасүрэн, доктор С.Хөвсгөл, ОХУ-ын эрдэмтэн А.И.Герасимович, Г.А.Уварова, ХБНГУ-ын эрдэмтэн В.Хайссиг, АНУ-ын эрдэмтэн Н.Поппе, БНХАУ-ын эрдэмтэн Э.Гэрэлт зэрэг гадаад дотоодын олон эрдэмтэд судалж эрдэм шинжилгээний бүтээлүүдээ хэвлүүлсэн байна.